"Замын камер хуулийн байгууллагынхны бизнес болсон"

Хуучирсан мэдээ: 2021.12.15-нд нийтлэгдсэн

"Замын камер хуулийн байгууллагынхны бизнес болсон"

"Замын камер хуулийн байгууллагынхны бизнес болсон"

Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар 

  •  Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,
  •  Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл,
  • Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Улаанбаатар хотын замын түгжрэлд нөлөөлж байгаа маш олон хүчин зүйл байгаа. Үүний нэг нь замын камер. Нийслэлд суурилуулсан дүрс бичдэг камерын  арав хүрэхгүй нь л ажилладаг гэж сонссон.  Офицеруудын ордноос таван шар хүртэлх нэгдүгээр эгнээгээр зорчих ёсгүй этгээдийг бүртгэж торгододог камер зургаан камер гэж сонссон. Зургаахан ширхэг камер ажиллаж байгаа бол нэгдүгээр эгнээгээр дүрэм зөрчиж зорчих нь аргагүй. Дүрэм зөрсөн этгээдэд торгууль ирэхгүй байгаа биз. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх ёстой. Ер нь энэ замын камерууд чинь шахааных  шүү. Замын камер хуулийн байгууллагынхны шуудхан хэлэхэд цагдаагийн байгууллагын бизнес болсон. Ажилдаг, ажилдаггүй баахан камерууд шахдаг. Энэ бол авлига. Хууль хэрэгжихгүй байх нөхцлийг өөрсдөө бүрдүүлсэн шүү. Үүнийг яаж цэгцлэх юм бэ. Би хувьдаа Хууль зүйн яам замын  камерыг  нэг стандарттай болгох  ёстой гэж харж байна.

Хуулийн төсөлд "Монгол Улсын нутаг дэвсгэрт харилцаа холбооны үйлчилгээ эрхэлдэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно" гэж заажээ. Энэ нь хувийн өмчийн компаниар гүйцэтгүүлэхгүй гэсэн санаа яваад байна уу. Хуулийн заалтыг харахаар хувийн компани замын хөдөлгөөний торгуулийн камерыг ажиллуулж болох юм шигээр ойлгогдож байна. Ер нь ннэ чиглэлийн төрийн өмчийн хичнээн компани байдаг юм. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гэвэл  ганцхан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар л байгаа. Эсвэл энэ компанид монополь байдал үүсгээд байгаа юм уу. 

Ажлын хэсгийн гишүүн Л.Мөнхбаатар:
-Ажлын хэсэг энэ талаар ярилцсан. Камержуулалтын асуудал гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал арга хэрэгсэл мөн. Камержуулалтын асуудлыг нэг мөр цэгцлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас нэгдсэн стандарт гаргах гэж байна. Улсын хэмжээнд 7200 орчим камер байгаа ч 3500 нь ажилладаг гэх судалгаа бий. Төсвийн хөрөнгөөр камер авсан мөртлөө ашиглахгүй байгаа шалтгаан нь арчилгаа, хамгаалалт, ашиглалтын асуудлыг шийдэж өгөөгүйтэй холбоотой. Инженер, техникийн ажилтан байхгүй учраас зөвхөн камер тавиад л орхидог. Засч янзалдаггүй. Нэгдсэн камерын системтэй болгож удирдахын тулд Засаг дарга, хувь хүн таньдаг компанидаа өгөөд ашиглалтыг хариуцах нь зохимжгүй. Нэгдсэн байдлаар шийдэхдээ төрийн холбооны асуудлыг Монголын цахилгаа холбоо компани, сүлжээ компаниуд хариуцна. Бүх аймаг, сумд салбартай. Нэгдсэн удидлагаар хангах боломжтой гэж үзээд хуульд тусгасан. Хувийн компаниуд үүнийг хариуцах юм бол гүйцэтгэх ажиллагаа явуулахыг ч үгүйсгэхгүй.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Бид сая Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дууссан. Уг хуулийн төсөл дээр дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах байршлыг тодорхой зааж өгөхөөр тусгасан. Мэдээлэл хариуцагч эрх бүхий байгууллага албан тушаалтанд камерын бичлэгтэй танилцах эрх үүсч байгаа. Гэтэл Цагдаагийн албаны хууль дээр “Нийтийн аюулгүй байдлыг хангахад ашиглаж байгаа камерыг цагдаагийн байгууллага мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбоно. Өөрийн эзэмшлийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа камерын бичлэгийг цагдаагийн байгууллага саадгүй гаргаж өгнө” гэж заажээ. Мэдээлэл хариуцагч гээд өөрөөс нь зөвшөөрөл авах үндэслэлийг Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль дээр заасан. Гэтэл цагдаагийн байгууллага  бичлэгийн төхөөрөмжид хадгалагдаж байгаа мэдээллийг нэгдсэн системд холбоно гэдэг нь хууль хооронд зөрчилдөөн үүсгэж байна. Хууль батлагдсаны дараа иргэд, цагдаа хоёрын хооронд маргаан үүсэх вий. Энэ байдлаараа хуулийн зөрчлийн улмаас төрийн нэрийн өмнөөс ажлаа хийж байгаа цагдаа нарыг иргэд буруутгадаг байдал ахиад үргэлжлэх нь ээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуульдаа ч гэсэн энэ асуудлаа тодорхой болгоод зөрчлүүдээ арилгахад анхаарах хэрэгтэй.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Таны хэлж байгаатай санал нийлж байна. Камерын систем ямар нэгэн нэгдсэн системд холбогдолгүй өдийг хүргэсэн. Тухайн дүүргээс сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгч нь орон нутгийн хөгжлийн сангаас нэг камер суурилуулдаг. НИТХ-ын төлөөлөгч нь нэг камер суурилуулдаг. Суурилуулсан камераа арчлах тал дээр улсын төсөвт нэг ширхэг төгрөг ч тавьдаггүй. Тиймээс ХЗДХ-ийн яам Монгол Улсын камерын нэгдсэн стандартыг стандарт хэмжил зүйн төвөөр батлуулах гэж байна. Үндсэндээ бэлтгэл ажил хангагдсан. Цаашид гудамж, талбайд MNS гэх стандартын шаардлага хангасан камерыг суурилуулна. Өөрөөр хэлбэл, зарим байршлуудад  360 градус эргэдэг, ойртуулдаг гэх мэтчилэн стандартуудыг батлуулна. Хэрэв энэ хууль батлагдвал энэ хуулиар орж ирж байгаа мөнгөнөөс тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх байгууллагууд тодорхой хувийг зөвхөн нөхөн сэргээж арчлахад зарцуулна. Жил бүрийн арчлалтыг хариуцна. Камеруудыг нэгдсэн системд холбохоор хувь хүний мэдээллийг хамгаалах нь илүү хангагдана. Хэн системд нэвтэрч камерын бичлэгийг авсан бэ гэдэг нь ил болно. Эрүүгийн гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад камерын бичлэгийг тухайн мөрдөгч л үзнэ. Одоо бол нэгдсэн системд холбогдоогүйн улмаас дуртай нэгэн нь хувийн хэвшлийн камерын бичлэгийг үзэж хуулж авдаг. Үүнийг арилгахын тулд нэгдсэн системтэй болно. Кибер аюулгүй байдлаа хангана. Системд нэвтэрсэн тохиолдолд хамгаалалтыг нь тогтоож өгнө. Цаашлаад хууль хоорондын зөрчлийг үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллана.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-2019 оны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуульд урамшууллын системийн 10 хувийг авна гэж тусгасан. Торгуулийн, зөрчлийн мэдээллийг илрүүлж хариуцлага тооцох эрхийг ямар нэгэн байдлаар хувийн хэвшилд өгдөг. Тэр орлогын 10 хувь нь тухайн компанийн ашиг болдог. Жилд 20 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа гэхэд хоёр тэрбум төгрөгийн урамшууллыг тухайн компани авдаг. Орлогоосоо санхүүжилт авдаг байдлаар өөрчилбөл болчих юм шиг харагдах юм. Ний, нуугүй хэлэхэд төв замууд дээр камержуулалт яригдаж байгаа болохоос хороолол дотор муу. Урамшууллын тогтолцоог тодорхой компани, хуулийн этгээдэд өгөөд тэрнийхээ хүрээнд арчилгаагаа хариуцаад явбал төр заавал оролцох шаардлаггүй.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

-Бусад орны туршлагыг харж байхад АНУ гэхэд гэмт хэрэг зөрчилд шийтгэл ногдуулж хувийн хэвшлээр гүйцэтгүүлдэг. Улмаар хувийн хэвшилдээ тодорхой хэмжээний санхүүжилт олгодог. Харин Монгол Улсын хувьд Зөрчлийн тухай хуулиараа зөрчлийг тодорхой субъектүүдэд хамааруулдаг. Замын хөдөлгөөний зөрчлийг Тээврийн цагдаагийн албанд хуваарилсан. Засгийн газраас удахгүй Зөрчлийн процессын хуулийг өргөн мэдүүлнэ. Таны ярьсан зүйл тэр хуулийн хүрээнд яригдах асуудал байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж