Онцгой байдлын алба хаагч М нь 2021 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр тогонд цохиулж амиа алдсан. Уг хэргийн талаар өнөөдөр /2021.12.15/ талийгаачийн ар гэрээс болон эхнэр Ж.Одгэрэл болон Онцгой байдлын ерөнхий газраас байр суурь илэрхийллээ.
Хэргийн талаар түүний ар гэрээс мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, талийгаачийн төрсөн дүү Э.Нандинчимэг “Ж.Одгэрэл гэгч бүсгүйг ахыг маань нас барсан өдөр харсан. Тэрнээс өмнө огт хараагүй. Ах минь хоёр сарын өмнө найз бүсгүйтэй, болсноо надад утсаар дуулгасан. Уг нь би тэр эмэгтэйг уй гашууг маань хуваалцаж, ижий аавыг минь түшээд суух байх гэж бодсон боловч эсрэгээрээ бидэн рүү дайрсан мэдээллийг олон нийтэд тарааж байгаа нь хүнд цохилт болсон учраас ингэж нийтийн өмнө гарч хэлэхээс өөр аргагүйд хүрлээ.
Тэр эмэгтэй “Төрсөн дүү нь зодсон, одон медалийг нь шидсэн” гэж ярьсанд залруулга хиймээр байна. Хэзээ ч манай удамд тэгэх хүн байхгүй. Тэр тусмаа буяны ажилтай ийм үед ямар ч хүн тэгэхгүй гэдгийг хүмүүс ойлгоосой гэж хүсэж байна.
Тэр эмэгтэй манайд орж ирээд буянд нь өгсөн мөнгөө эргүүлж аваад, ахын минь хөргийн хажуу дахь одон медалийг аваад зугтсан. Бид ахынхаа одон медалиар бахархаад сууж байх ёстой хүмүүс байхад олон нийтэд ташаа мэдээлэл тараасанд гомдолтой байна” гэлээ.
Уг хэргийн өмгөөлөгч н.Оюунцэцэг “Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй. Шадар сайдын мэдээлэлтэй холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд албан тушаалтан нөлөөлсөн, хэн нэгнийг буруутгасан нөхцөл байдал одоогоор тодорхой болоогүй. Амь хохирогчийн амь хохирсон асуудалд шинжээчийн дүгнэлт гарна” гэлээ.
АР ГЭРИЙНХЭН НЬ ХЭРГИЙГ НУУН ДАРАГДУУЛАХ ГЭЖ БАЙНА
Талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл “Гэрийнхнээс нь илүү ажлынхантай нь ойр байсан. Манай арван жилийн ангийнхан бүгд бид хоёрыг мэддэг. Бид хоёрын хайрын баталгаа болсон хүүхдийг ар гэрийнхэн үгүйсгээд ярьж байгаад харамсаж байна.
Талийгаач арванхоёрдугаар сарын 3-ны өдөр өөд болсон. Албан бус ажилд явж байгаад амиа алдсан учир амь насны даатгал авч чадахгүй байхгүй юу. Гэрийнхэн нь Онцгой байдлын газартай тохирч хэргийг нуун дарагдуулах гээд байна. Миний хувьд хэргийг ил гаргах, нөхрийнхөө нэр төрийг сэргээж, үлдэх үр хүүхдийнхээ төлөө явж байна. Цагдаагийн байгууллагад итгэхгүй байгаа. Ойрын камерын бичлэгүүд устсан гэж ярьсан. Камерын бичлэгийг цацвал хэний буруу нь ил болно. Цагдаагийн газарт “но” орох гээд байна. Энэ хэрэгт 49 хоногийг хүлээнэ гэвэл байж болохгүй. Би бичлэгийг үзсэн.
Албан ёсны хохирогчоор нь талийгаачийн ээж тогтоогдсон. Намайг тэд аль хэдийн салсан хүүхэн гэж хэлээд хэрэгт оролцуулахгүй байна. Би нөхрийнхөө “хохирогч” болох бүрэн эрхтэй хүн. Тэр эрхийг хааж дундуур орлоо. Би өнөөдөр хамтран амьдрагчаар гэрчээр бичигдээд явж байгаа. Ар гэр нь амь насны даатгалыг ав аа. Миний нөхрийн үхлийн шалтгаан үнэн зөв шийдэгдээсэй гэж би явж байна” гэлээ.
Холбоотой мэдээ