Германы Гадаад хэргийн сайд Анналена Баербок Мягмар гаригт Оросын түнштэйгээ утсаар ярьсны дараа “Хэрвээ Орос Украиныг эзэлбэл сөрөг үр дагавар нь асар их” гэж хэллээ. Мөн утсаар ярих үедээ "Киевийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдаж болохгүй" гэжээ.
Тэрбээр Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Украины асуудлаар нээлттэй бөгөөд шударга ярилцахыг хүссэн байна. Канцлер Олаф Шольцын засгийн газар ажлаа хүлээж авснаас хойш Герман, Орос хоёр улс анх удаа ийнхүү олон нийтэд нээлттэй зарлаж, утсаар холбогдов.
Стокгольмд болсон хамтарсан хэвлэлийн бага хурлаар Баербок сайд Швед, Норвегийн хамтрагчидтайгаа уулзжээ. Энэ үеэр тэрбээр “Аливаа арга хэлбэрээр Украины бүрэн эрхт байдалд хөндлөнгөөс оролцох нь Оросын эдийн засаг болоод дипломат дэглэмд асар их сөрөг үр дагавартай” гэж хэлжээ. Мөн Украины хямралыг зохицуулах Нормандын хэлэлцээрт ахиц гаргах, оросуудыг визгүй зорчуулах, устөрөгчийн асуудлаар хамтран ажиллах зэрэг асуудлыг ярилцсан байна.
Оросын байгалийн хийг Украинаар дамжуулахгүйгээр Герман руу зөөх “Хойд урсгал 2” төслийн талаар тодорхой ярилцаагүй бөгөөд хэрвээ Орос Украин руу довтолбол уг хийн хоолойн ажлыг зогсоох талаар Польш, АНУ-аас шаардав.
Украины хил дээр 100 мянган цэрэг байрлуулж, довтолгоонд бэлдэж байна гэсэн мэдээллийг оросууд няцааж буй. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ч Баербоктой ярилцах үедээ үүнийг давтан хэллээ.
“Олон улсын хүрээнд яригдаж буй энэ асуудлын хувьд оросууд NATO-г зүүн тийш тэлэхгүй байх хуулийн зөвшилцөл хийж, өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах байр суурьтай байна. Мөн холбооны цэргийн дэд бүтцийг Оросын хил рүү шилжүүлэхгүй байхад төвлөрч байна” гэж Лавров хэлжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ