Түгжрэл бол зам, машин, хот байгуулалтаас гадна "БОЛОВСРОЛ"-ын асуудал

Хуучирсан мэдээ: 2021.12.15-нд нийтлэгдсэн

Түгжрэл бол зам, машин, хот байгуулалтаас гадна "БОЛОВСРОЛ"-ын асуудал

Түгжрэл бол зам, машин, хот байгуулалтаас гадна "БОЛОВСРОЛ"-ын асуудал

Сургууль, цэцэрлэг амрахтай зэрэгцээд түгжрэл нүдэнд харагдахуйц буурдаг дүр зураг олон жил ажиглагдав. Нийслэлийн зам харгуй түгжрэлгүй болсны дээр нийтийн тээврийн хэрэгсэл,  автобус, троллейбусанд залууст хүртэл суудал олдож байна гээд бод доо. Зарим хүний самсаа шархирч байна гэсэн шүү, бүр. “Хичээл амарчихаар түгжрэл буурдаг” шалтгааныг Хотын орлогч Б.Одсүрэн аль хэдийнээ хэлсэн байдаг. Тодруулбал, Улаанбаатарт ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 70 мянган сурагч, цэцэрлэгийн 30 мянган хүүхэд тойргийн бус сургууль, цэцэрлэгт явдаг. Хүүхдүүдийг харьяаллын бус цэцэрлэг, сургуульд оруулж, тэднийг хүргэх, буцааж гэрт нь зөөх байдлаар нийслэлийн авто замд зохиомол ачаалал үүсдэг гэсэн үг. Товчхондоо, 100 мянган машинаар эцэг, эхчүүд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь зөөж, замын хөдөлгөөнд нэг цагт оролцож, түгжрэл үүсгэдэг гэж ойлгож болно. Тиймээс сурагч багачуудыг хамран сургах тойрогт нь суралцуулах, тэднийг түгжрэл дунд ядраалгүй, сурч боловсрох, амрах  цагаас нь хумслахгүй байх зохицуулалт хийчихвэл хотын түгжрэлийг 28 хувиар бууруулж чадна гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргажээ.

Өдгөө нийслэлд төрийн өмчийн 400 гаруй сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. 2023 он хүртэл нэмж 152 сургууль, цэцэрлэг барьж дуусгана гэсэн төлөвлөгөө бий. Хэрэв сургууль, цэцэрлэгийн тоог шаардлагатай цэгт нь нэмэгдүүлж чадвал түгжрэлд тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлнэ. Үүний зэрэгцээ “Цаашид сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжгүй хотхон бариулахгүй” гэсэн хатуухан байр суурийг Хотын дарга илэрхийлсэн. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, дагалдан гарах Улаанбаатар хотын дүрэм, стандарт, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий  төлөвлөгөөнд энэ талаар чандлан заана гэдгээ ч мэдэгдсэн. Боловсролын салбарын сүүдрээс үүдсэн түгжрэлийг бууруулах гарц нь хамран сургах тойрог гэдэг нь маргашгүй үнэн. Энэ шаардлага зарим талаар барилгын компаниудыг дарамтад оруулна гэх шүүмжлэл гарч байгаа. Гэхдээ бодит байдал дээр нийгмийн байгууламжаа шийдээгүй том хотхонууд барьж байгаа нь өөрөө орон сууц худалдаж авч байгаа иргэдийг, тэдний хүүхдүүдийг хохироох ёсгүй. Иргэд ч орон сууц худалдаж авахдаа сургууль, цэцэрлэгээ шийдсэн хотхонуудыг сонгож байх хэрэгтэй. Төр, аж ахуйн нэгж, иргэний хамтралаар түгжрэлийг 28 хүртэл хувиар бууруулах боломж гэсэн үг. Энэ боломж руу зорих нь нэг аж ахуйн нэгжийн эрх ашгаас илүү нийтийн эрх ашиг болоод байна.

Төрд арай илүү хариуцлага оногдох нь ойлгомжтой. Учир нь боловсрол гэдэг нь зөвхөн сургууль, цэцэрлэгийн барилга байгаад болчихдог зүйл биш. Боловсролын байгууллагын тоо хангалттай хэмжээнд хүрлээ ч аль чанартай сургууль руу хүүхдээ зөөх сонирхол буурахгүй. Тиймээс нийтээр нь сургалтын чанарыг сайжруулах үүрэг төрд бий. Хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэх сонирхол эцэг эх болгонд байгаа. Тийм ч учраас хотын нэг захаас нөгөө рүү нүүдэллэн зөөдөг. Үүнээс болж багачууд унтаж амарч амжилгүй, нойрмог унтаа байдлаар өглөөг угтаж, үдэш ч унтаагаараа даалгавар хийхэд хүрч байгаа юм. Тэгэхээр төр нэгдүгээрт, сургууль, цэцэрлэгийн тоог нэмж, хүүхэд гэрийнхээ дэргэд боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, боловсролын чанарыг жигд сайжруулах шаардлагатай гэсэн үг. Энэ бол түгжрэлээс салах зөвхөн 28 хувийн шийдэл. Үүний цаана авто замын сүлжээг сайжруулах, нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй болгох гэх мэт түгжрэлийн олон шалтгаан шийдлээ хүлээж байна.

М.СУРА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж