"Томилгооны сонсголын үеэр нэр дэвшигч худал яривал торгоно"

Хуучирсан мэдээ: 2021.12.15-нд нийтлэгдсэн

Live"Томилгооны сонсголын үеэр нэр дэвшигч худал яривал торгоно"

"Томилгооны сонсголын үеэр нэр дэвшигч худал яривал торгоно"

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2021.12.15/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

 

11 : 28
2021-12-15

Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар нээлттэй сонсгол явуулна

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Анх нээлттэй сонсголын журмыг баталж байхад мөрдөн шалгах нээлттэй сонсголыг Үндсэн хуульд нийцэхгүй гэх шалтгаанаар нээлттэй сонсголын журмаас хассан. Тиймээс нээлттэй сонсгол одоогоор зөвхөн мэдээлэл цуглуулах нь давамгайлсан. Шүүлтүүрийн хэлбэр болохоос биш хүмүүсийн болгоомжлоод байгаа шиг нээлттэй сонсголын шийдвэр гарахгүй байгаа. Үүн дээр үндэслэж гишүүд дэмжих, дэмжихгүйгээ шийддэг. Ёс суртахуун, хэрэг зөрчил, шаардлагатай бүх мэдээллийг авахгүйгээр харанхуйгаар дэмждэг байсан. Харин нээлттэй сонсгол бол хүмүүсийн мэдэх эрхийг хангаж байна. Нээлттэй сонсголыг чангаруулж, сулрууллаа гэхэд эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Тиймээс мөрдөн шалгах сонсголыг та нар юу гэж бодож байна вэ.

Өмнө нь УИХ-ын дарга УИХ-аас томилогддог албан тушаалтнуудыг  нэр дэвшүүлсэн бол  заавал томилогддог байсан. Энэ жилээс эхлэн бүгдийг нь нээлттэй сонсголоор оруулна. Энэ бол буруу биш гэдгийг хүмүүс мэднэ. Захын хүнийг халааснаасаа гаргаж ирээд томилдог байсан асуудал халагдсан. УИХ-аас хүний эрхийн үндэсний комисс, шүүхийн албан тушаалтнуудыг томилж байна. Гэтэл зөвшилцдөг албан тушаалтнууд дээр нээлттэй сонсголыг харгалзах үзэх шаардлага гарах уу.

Хуульч О.Мөнхсайхан:

-2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хянан шалгах түр хороог гишүүдийн 4/1-ээс доошгүй хувь нь санаачилж байгуулах байсан. Энэ хороог байгуулсан тохиолдолд гэрчийн мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах, шинжээч томилох, мөрдөн шалгах зэрэг бүрэн эрхийг өгөхөөр УИХ-ын 2020 оны хоёрдугаар тогтоолд заасан. Үүний дагуу хянан шалгах түр хороотой холбоотой мөрдөн шалгах бүрэн эрхүүд багтсан. Харин хэн хэрэгжүүлэх вэ гэдэг дээр зарчмын зөрүүтэй саналууд гарсан. Герман, Австри зэрэг улсад парламентын цөөнх нь эрх мэдлийг хэрэгжүүлэх санал гаргавал олонх нь татгалзвал Дээд шүүх нь шийддэг. Энэ хувилбар дэмжигдээгүй учраас одоогоор олонхоороо шийдэж байна. Хянан шалгах түр хороо нь нотлох баримтыг нээлттэй сонсголоор судална. Тэр нь тодорхой төрлийн мөрдөн шалгах сонсгол мөн үү гэвэл мөн. Бусад сонсголуудын  хувьд маш олон дэвшилтэт зохицуулалтууд эцсийн хэлэлцүүлэгт нэмэгдсэн. Тухайлбал, бусад сонсголуудыг санаачлах гишүүдийн тоо нийтийн сонсголын хуулиар 19 байсныг өргөн барьсан төслөөр ес болгосон.

Парламентыг үл хүндэтгэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх зохицуулалт орж ирсэн. Өөрөөр хэлбэл, чуулганы хуралдаан болон сонсголын үеэр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, тайлбар ирүүлээгүй, дэг зөрчсөн,санаатайгаар худал мэдээлэл өгсөн зэрэг үйлдэлд торгох шийтгэл оногдуулна. Өмнө нь ийм хариуцлагын механизм байгаагүй. Нээлттэй сонсголыг хариуцлагатай холбоод өгөхөд үр дүн гарна. Томилгооны зөвшилцөх, танилцах сонсголыг УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд үе шат бүрийг нь задалж өгсөн. Үүнийг засч сайжруулаад дараа долоо хоногт хэлэлцэнэ.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар нээлттэй сонсгол явуулна. Дурын асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулж болохгүй. 19 гишүүн гарын үсэг зураад хяналт шалгалтын түр хороо байгуулсан практик өнгөрсөн 30 жилд бараг гараагүй.

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:

-Бидний өргөн барьсан төслийн 25.3 дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа асуудлаар хяналтын сонсгол явуулахыг хориглоно гэсэн заалт байсан. Энэ заалтыг хасчээ. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаах, шүүн таслах үйл ажиллагаанд хууль тогтоох дээд байгууллага оролцох нь зохимжгүй гэх үндэслэлээр энэ заалтыг оруулж ирсэн байсан. Байнгын хороон дээр зайлшгүй асуудал Эрүүгийн хэрэг үүссэн гэх шалтгаанаар нуугаад хэлэлцэхгүй байх вий гэх үндэслэл мөн яригдаж байсан. Үүн дээр ажлын хэсэг хэрхэн анхаарч ажилласан бэ. Хоёрдугаарт, хуулийн хэрэгжих хугацааг бэлтгэл ажлыг хангах шалтгаанаар хойшлуулах гээд байна уу? Миний бодлоор ердийн журмаар хэлэлцээд, УИХ хянан шалгах бүрэн эрхээ яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Засгийн газар өчигдөр хувь хүн, хувийн хэвшил рүү чиглэсэн төрийн хяналт шалгалтыг 50 хувиар цөөрүүлэх шийдвэр гаргасан. Энэ нь мэдээж зөв.

Төрийн хяналт шалгалт нэрийдлээр албан тушаалтнууд хуулийг завхруулж, иргэдийг айлган сүрдүүлж, дарамталж авлига авдаг. Тиймээс төрийн дунд шатанд хуулийг хэрхэн хэрэгжүүлж байна вэ гэдэгт УИХ хяналтаа сайн тавих ёстой. Тухайлбал, утааны асуудал байна. Утаатай тэмцэх гэж хичнээн олон жил ярилаа. Хоёр жилийн өмнө УИХ, Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа нь анхаарсан. Үүний хүчинд тодорхой хэмжээний үр дүн гарсан. Гэтэл өнөөдөр төрийн хууль бодлого хэрэгжихгүйн улмаас эргээд бид утаан дундаа амьдарч байна. Энэ бол ард иргэд, хувийн хэвшлийн буруу биш. Төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой албан тушаалтнуудын буруу. Үүнийг бид яагаад шахаж шаардаж болохгүй гэж. Тиймээс хуулийг хэрэгжүүлэх хугацааг ердийн журмаар хэлэлцмээр байна.

Ажлын хэсэг:

-С.Бямбацогт гишүүний хэлдэг үнэн. Ер нь төрийн хяналт шалгалтыг цэгцлэх цаг болсон. Тиймээс хуулийг ердийн журмаар хэлэлцэнэ. Ирэх долоо хоногт эцэслэн батална.

УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН:

-Нийтийн сонсгол хийх амархан. Гэтэл нийтийн сонсголын үр дүн юу байх вэ? Нийтийн сонсголын үеэр алдаа дутагдал маш их яригддаг. Ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байсан эсэх асуудал нь хүртэл яригддаг. Гэвч дараа нь ямар ч үр дүн байхгүй. Зүгээр яриад л өнгөрдөг. Ёс зүйн хувьд зөрчил гаргасан, гэмт хэрэгт холбогдсон хүнийг муулж ярьчхаад л дэмждэг. Гэтэл гэмгүй хүний нэр төрд халдаж, хүний царай харахааргүй болтол нь нээлттэй сонсгол явуулчхаад дэмждэггүй. Мөн зохион байгуулалттайгаар хэсэг бүлэг хүмүүс нэгийгээ гөвдөг. Тухайн хүнийг дараа нь ажиллахад нь хүртэл нөлөөлж байна шүү дээ. Ер нь нийтийн сонсгол хийх жишиг байна уу? Цаашдаа ёс зүйн дутагдалтай хүнийг шүүмжилж байгаад дэмжээд байх хэрэг үү? Тухайн хүнийг буцааж дараагийн хүнийг нэр дэвшүүлэх боломжгүй юу?

Хуульч О.МӨНХСАЙХАН:

-Нээлттэй сонсгол нь тухайн нэр дэвшигчийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нягтлах ач холбогдолтой. Нөгөө талаас иргэдийн мэдэх эрхийг хангаж байна. Дараа долоо хоногт хэлэлцэхээр хойшлуулсан УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд таны хэлсэн асуудлыг анхаарсан зарчмын заалтууд бий. Тухайлбал, нэр дэвшигчийг дэмжиж байгаа талын саналыг няцаасан тал байр суурийг тэнцвэртэй сонсох заалт орсон. Энэхүү заалт нь хэтэрхий нэг тал руу хазайхыг хязгаарлана. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн сонсголуудын сургамжуудыг харгалзан үзэж тусгахыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ илүүтэй анхаарсан. Нөгөөтэйгүүр нээлттэй сонсголыг тухайн хүнийг санал болгосон гишүүн явуулж болох уу гэх асуудлыг дэд ажлын хэсгийн гишүүдээс хөндсөн. Парламент гэдэг бол ард түмний төлөөлөл. Тиймдээ ч олон улсад парламент сонсгол явуулдаг. Гүйцэтгэх эрх мэдлийн албан тушаалтан сонсгол хийх нь ил тод нээлттэй явуулахад учир дутагдалтай. Үүнээс гадна нэр дэвшигчтэй холбоотой асуудлыг нягталж, судлах боломжийг дараа долоо хоногт хэлэлцэх Дэгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгасан. Тухайн чиглэлийн мэргэжлийн холбоо, эсхүл тусгайлсан мэргэжилтнийг шинжээчээр томилж, олон нийтийн сөхөж тавиад байгаа асуудлыг үнэн эсэх, тухайн нэр дэвшигч шаардлага хангаж чадах уу гэдэг дээр дүгнэлт гаргах боломжийг байнгын хороон дээр өгсөн. Тэрхүү дүгнэлтийг УИХ-ын гишүүдэд танилцуулна. 

УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:

рөнхийлөгч дээд шүүхээс шүүгч нэр дэвшүүллээ гэхэд УИХ сонсгол хийх биш, дээд шүүх Ерөнхийлөгчийн Тамгын газрын түвшинд нээлттэй сонсгол явуулах санал ажлын хэсэг дээр яригдсан. Гэхдээ эцсийн томилгоог УИХ хийж байгаа учраас шийдвэр гаргаж байгаа байгууллага нь сонсгол хийх нь зөв гэж үзэж байна. Нэрийг нь дэвшүүлж байгаа хүн бол мэдээж тухайн хүнээ судална. Хамгийн боломжтой хүнийг оруулж ирнэ. Тэр хүн УИХ-ын босгыг давах эсэх нь УИХ-ын сонсголоор шийдэгдэх ёстой. Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн асуудлаар сонсгол явуулсан. Тухайн нэр дэвшигчдийн талаар янз бүрийн асуудлыг сонсох гэж л нээлттэй сонсгол явуулдаг. Үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл ярьж байхын оронд нээлттэй сонсгол дээр бүх зүйлээ ярих нь зөв. 

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Хүний эрхийн хамгаалагчийн хуулиар Хүний эрхийн Үндэсний комиссын /ХЭҮК/  гишүүдийн тоог нэгээр нэмсэн. Миний хувьд гишүүдийн тоог нэгээр нэмсэнд эсрэг саналтай байсан. Гэтэл ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалт зарлахад нэг ч хүн материалаа ирүүлээгүй гэхээр гайхаж байна. Уг нь ХЭҮК-ын гишүүнд нэр дэвших сонирхол, шаардлага хангасан олон хүмүүс бий гэж боддог. Энэ орон тоог сонирхох хүмүүс алга уу. Үүн дээр байнгын хороо, УИХ дүгнэлт хийх хэрэгтэй.  Энэ жилээс эхлэн томилгоог нээлттэй сонсголын зарчмаар шийддэг болсон. Үүнийг улам өргөжүүлж УИХ-аас томилогддог аудит, Үндсэн хуулийн цэц, Үндэсний олон нийтийн радио телевизийн удирдах зөвлөл зэрэг өөр олон байгууллагад нээлттэй сонсголын зарчмыг оруулна гэж яриад байгаа. Гоё сайхан яриад байгаа зүйлээ хэрэгжүүлэхгүй байх вий. Шүүхийн Ерөнхий зөвлөл болон сахилгын хорооны шүүгч  гишүүнд 60 гаруй хүн нэрээ дэвшүүлсэн. Гэтэл ХЭҮК-ын гишүүнд нэг ч хүн нэрээ дэвшүүлээгүй вэ гэдгийг ойлгохгүй л байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж