"Бид үйлдвэрлэгч улс болоход бодлогоо чиглүүлэх ёстой" | News.MN

"Бид үйлдвэрлэгч улс болоход бодлогоо чиглүүлэх ёстой"

"Бид үйлдвэрлэгч улс болоход бодлогоо чиглүүлэх ёстой"

"Бид үйлдвэрлэгч улс болоход бодлогоо чиглүүлэх ёстой"

Ирэх оны эдийн засгийн төлөвийн талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч Б.Энх-Амгалантай ярилцлаа. 


Цар тахлын үед эдийн засаг хүндхэн нөхцөлд байна. Ирэх 2022 онд Монгол Улсыг эдийн засгийн ямар төсөөлөл хүлээж байна гэж та харж байна вэ?

-Монгол Улсын эдийн засаг цар тахлын үед хоёр дахь том уналтад орсон. Сүүлийн 30 гаруй жил өсөлттэй байсан эдийн засаг 4.6 хувийн уналтад орлоо. Өмнө нь 1990-1993 оны хооронд манай улс зах зээлийн нийгэмд шилжих үеэр эдийн засгийн томхон хямрал нүүрлэсэн түүх бий. Харин ирэх онд эдийн засгийн өсөлт таван хувьтай байх төсөөлөл бий. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаална. Хэрэв цар тахал намжиж, шар түвшинд шилжвэл эдийн засаг сэргэнэ. Ингэснээр цар тахлын үед алдагдсан эдийн засгийн өсөлт ажиглагдана. Гэсэн ч Монгол Улс уул уурхайгаас хамаарсан эдийн засагтай.

Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ болон нүүрсний үнэ ханшнаас голчлон хамаарна. Хэрэв бидний гол түнш Хятадын талд цар тахлын нөхцөл байдал намжсан байвал Монголд эдийн засаг сэргэх хандлагатай болно.

"УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГЫГ ХЭТ ӨӨДРӨГӨӨР ТӨСӨӨЛБӨЛ АЛДАГДАЛ НЭМЭГДЭНЭ"

Хятадын тал хилээ хааснаас үүдэн бид нүүрсээ төлөвлөсөн хэмжээнд борлуулж чадахгүй байна. Гэвч ирэх оны төсвийн орлогыг маш өөдрөгөөр төсөөлж, баталсан. Цаашид ч хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхгүй гэсэн баталгаа байхгүй байна?

-Ирэх оны улсын төсвийн тодотголоор 36.7 сая тонн нүүрс экспортлохоор тодотгосон. Энэ бол түүхэн дээд амжилт болох юм. Харин манай улс ийм их хэмжээний нүүрс экспортлохын тулд чардайна. Хэрэв Хятадын талтай маш сайн тохиролцож ийм хэмжээний нүүрс гаргах баталгаатай тохиолдолд эдийн засаг харьцангуй сэргэх боломжтой. Тиймээс нүүрсээ чингэлэг тээврээр экспортлохоор болбол эртхэн тодорхой арга хэмжээ авах шаардлагатай.

Үгүй бол Хятадын талд экспорт гацах шалтгаанууд гарч ирнэ. Энэ нь эргээд л Монголын эдийн засгийн валютын орлогыг бууруулах эрсдэлтэй. Ер нь улсын төсвийн орлогыг  хэт өөдрөгөөр төсөөлбөл алдагдал нэмэгдэнэ.

Орлого тасарсан үед улсын төсвөөс шаардлагатай зарлага хийх боломжгүй болж алдагдлыг нөхөхийн тулд гадаадаас зээл тусламж авахаас өөр аргагүй болно. Өрийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр ард түмний нуруунд очих дарамтууд л ихэснэ.

Ирэх оны эдийн засгийн төлөвөөр эдийн засаг сэргэх боломжтой гэж та харж байна уу?

-Цар тахлын үед агшсан эдийн засаг тэлэхдээ маш хурдан ажиллаж эхэлдэг. Ирэх онд эдийн засаг сэргэх төлөвтэй байгаа нь хорио цээр, хяналт шалгалтыг сулруулж байгаатай холбоотой. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа жигдэрснээр ажил эрхлэлт нэмэгдэнэ. Үүнийг дагаад  иргэдийн амжиргааны түвшин ч цар тахлын үеийнхээс эрс сайжирна. Хэрэв шар түвшинд шилжиж, ердийн үе шиг болбол иргэдийн орлого, амжиргааны түвшин нэмэгдэнэ л гэсэн үг. Мөн Засгийн газрын хэрэгжүүлж буй 10 их  наядын зээлийн хөтөлбөр ч үр дүнгээ өгч байгаа. Төрөөс дэд бүтцийг хөгжүүлэхэд 2.8 их наяд буюу урьд өмнө байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн нь эдийн засагт харьцангуй эерэг нөхцөл үүснэ. Дэд бүтцийн хүрээнд ажлын байр нэмэгдэж, иргэдийн орлого сайжирна.

Эдийн засгийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогуудыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Цар тахлын дараа иргэдийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт хийж эдийн засгаа тэтгэх чиглэлд илүү анхаарна. Засгийн газрын барьж буй гол бодлого нь дэд бүтэц рүү чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг хийхээр төлөвлөж байна. Жишээ нь, усан цахилгаан станцуудыг барих, түгжрэлийг бууруулах зэрэг нь урт хугацаанд дэд бүтцээр дамжуулан эдийн засгийг сэргээх нэг нөхцөл болно.

Гэхдээ нэг зүйлийг анхаарахад “hard” гэж нэрлэгддэг дэд бүтцүүдийг бид хөгжүүлж байна. Үр өгөөж багатайд бус богино хугацаанд өгөөжөө өгдөг зүйлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай.

Эдийн засгийг бид солонгоруулна гэж олон жил ярьсан. Зөвхөн уул уурхай бус ирээдүйд бусад салбараас татвар авахын тулд эхлээд тодорхой түвшинд зарлага гаргах ёстой. Энэ нь эргээд татвар хэлбэрээр улсад орлого оруулдаг. Энэ хэрээр улсын орлого сайжирна. Уул уурхайн салбар уналтад орсон ч бусад салбарын үйл ажиллагаа хэвийн бол эдийн засгийн хямралуудыг зөөллөх боломж нь бүрдэнэ. Ер нь бид хөгжүүлж болох гол салбаруудаа л анхаарах хэрэгтэй.

огино хугацаанд үр өгөөжөө өгөх хөрөнгө оруулалтыг хийх нь зүйтэй гэх боловч хөшөө, дурсгалд хөрөнгө оруулж байгаа нь иргэдийн шүүмжлэл дагуулаад байх шиг байна?

-Иргэдийн амьдрал хүндхэн үед Засгийн газар эдийн засагт үр өгөөжөө өгөхгүй хөшөө, дурсгал, соёлын төв зэрэгт хөрөнгө оруулалт хийхээ болих хэрэгтэй. Харин тодорхой түвшинд ажлын байрыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулбал бүс нутгууд улсаас татвар авах нь багасч, биеэ даах боломж нь бүрдэнэ. Монголын хувьд 22 бүс нутгийн долоо нь л төсөвт татвар төвлөрүүлж байна. Бусад нь улсаас татвар авдаг.

Ерөнхийдөө цар тахлын үед хамгийн их уналтад орсон аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талд анхаарах хэрэгтэй. Дагуул хотуудыг хөгжүүлэх, улмаар татвар төвлөрүүлдэг бодлого барьж анхаарвал улсын эдийн засаг цаашид сайн хөгжих, бие даах боломж бүрдэнэ. Энэ хэрээр гадаадаас авах зээл тусламжийн хэмжээ ч багасах, зээлүүдээ төлөх боломж гаргалгаа бий болно.

-БНХАУ хэсэг хугацаанд хилээ хаасан, одоо хилээ нээж эхэлж байна. Энэ нөхцөл байдал удаан үргэлжилбэл эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?

-Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ зэрэг хөгжсөнөөр эдийн засагт эерэг уур амьсгал оруулдаг. Жижиглэн бөөний худалдааны үйл ажиллагаа ирэх оноос өмнөх жилтэй харьцуулахад сэргэнэ. Энэ нь Хятадын эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч сайжирна. Монгол Улс Хятадаас импортолж буй голлох бараа нь хэрэглээний бүтээгдэхүүн. Иймд үйлчилгээний салбаруудад гол нөлөөтэй байдаг.

Хэрэв хорио цээрийн дэглэм, хязгаарлалт тогтоохгүй л бол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбарын үйл ажиллагаа ч жигдэрнэ. Бид Хятадын талаас тавьж буй нөхцөл шаардлагуудыг хангах, дотоодод шар түвшинд шилжвэл нөхцөл байдал дээрдэх байх.

"ЦААШИД БИД АНХДАГЧ ТҮҮХИЙ ЭДЭЭ ӨӨРСДИЙН ХЭМЖЭЭНД ҮЙЛДВЭРЛЭХЭД АНХААРАХ ЁСТОЙ"

Таны хэлснээр үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбар хосолж эдийн засагт эерэг уур амьсгал бүрдүүлж чадахгүй байх шиг?

-Бид дотооддоо үйлдвэрлэл байгуулах гэж тоног төхөөрөмж татан авдаг ч үндсэн түүхий эдээ өөрсдөө бүрэн боловсруулж чадаагүй нь аюултай. Түүхий эдээ урд хөршөөс татан авдаг тул хил хаагдахад үйлдвэрлэл зогсдог. Цаашид бид анхдагч түүхий эдээ өөрсдийн хэмжээнд үйлдвэрлэхэд анхаарах ёстой. Засгийн газрын барьдаг бодлого нь үйлдвэрлэлийг дэмжих болов ч бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлагатай түүхий эд материалыг үйлдвэрлэх чиглэлд анхаарч дэмжих шаардлагатай.

Бид өөрсдөө түүхий эдээ үйлдвэрлэдэг болбол урд хөрш хилээ хаасан ч өөрсдөө үйлдвэрлэлээ хангах боломж нь бүрдэнэ. Тиймээс Засгийн газрын 10 их наядын зээлийн хүрээнд түүхий эдийн үйлдвэрлэлийг дэмжихэд хөрөнгө оруулалтад  анхаараасай. Хятадын тал хилээ хаах, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг нь иргэдийн нуруунд ирэх ачааг нэмэгдүүлж байна.

Эдийн засагчдын судалгаагаар инфляц 10-12 хувьд хүрнэ гэсэн тооцоо бий. Гэтэл иргэдэд энэ өсөлт дарамт болдог?

-Дэлхий дахинд тээвэр логистикийн хүндрэлээс шалтгаалаад бараа бүтээгдэхүүний үнэ өндөр өсөлттэй байна. Энэ өсөлт иргэдийн цалин нэмэгдээгүй тохиолдолд худалдан авах чадвар буурахад нөлөөлдөг. Улмаар дундаж орлоготой иргэд ядуурлын шугам руу гулсах эрсдэл өндөр байна. Учир нь дундаж давхаргынхан гэдэг ангилалд ихэвчлэн тогтмол цалин авч буй хүмүүс багтдаг. Гэтэл тогтмол цалин нь инфляцад дарлуулаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн цалингийн хэмжээ нэршил өөрчлөгдөөгүй ч гар дээр авч буй мөнгө багассан.

Цалинг нэмэгдүүлээгүй тохиолдолд дундаж орлоготой иргэд ядуурлын бүлэг рүү орох магадлал улам нэмэгдэж байна. Үүнийг цаашид анхаарч, инфляцыг аль болох бага түвшинд барихад анхаарах хэрэгтэй.

Инфляцыг барих аргагүй болбол төсвийн байгууллагуудын цалинг нэмэх, татварын хөнгөлөлтүүд үзүүлэх байдлаар бодлого хэрэгжүүлбэл дарамт багасна. Ийм арга хэмжээг цар тахлын үед хэрэгжүүлсэн ч дахин тодорхой түвшинд судалж дахин бодлого хэрэгжүүлэх шаардлагатай эсэхийг тодорхойлбол зүгээр.

Инфляц өсч буй шалтгааныг та хэрхэн харж байна. Ер нь тогтмол барих боломж бий юу?

-Инфляц эрэлт, нийлүүлэлт гэх хоёр шалтгаантай өсдөг. Монголын хувьд одоогоор эрэлт бус нийлүүлэлтээс шалтгаалсан инфляц өсч байна. Наад зах нь шатахуун, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, түүхий эд бараа материалыг импортлохоос шалтгаалсан инфляцын өсөлт байгаа юм.

Хамгийн гол нь, тээвэр логистиктой холбоотой зардлын өсөлт инфляцыг өсгөж байна. Ирэх жил ч өсөх магадлалтай. Энэ нь зөвхөн манай улсад тулгамдаж буй асуудал биш дэлхий дахинд тээвэр логистикоос шалтгаалсан инфляц өсч байна. Жишээ нь, Японд сүүлийн 40 жил өсөөгүй үний өсөлт эхэлсэн.

АНУ-д хэрэглээний үнийн индекс сүүлийн 30 гаруй жил харьцангуй бага түвшинтэй байсан бол түүхэнд байгаагүйгээр инфляц өссөн. Үүнтэй холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч тээвэр логистикийн зардлыг бууруулах чиглэлд тусгай бодлого хэрэгжүүлнэ гэдгээ зарласан. Дэлхий дахинд нийлүүлэлтээс шалтгаалсан инфляц өсч байгаа учраас Монголд нөлөөлнө. Ерөнхийдөө дэлхий дахины инфляцын өсөлт Хятадад нөлөөлнө. Тус улсаар дамжин Монголд нөлөөлнө л гэсэн үг. Гэхдээ Хятадын тал гадаадын хүчтэй шокын нөлөөллийг багасгавал Монголд ч бас нөлөөлөл нь бага. Гэхдээ Монгол нарийн тоног төхөөрөмжийг өөр бусад улсаас татан авлаа гэхэд мөн л тус улсын инфляцын өсөлт тээвэр логистикоор дамжин шууд нөлөөлнө. Иймд  хилийн хорио цээрт анхаарал хандуулахгүй бол бидний хувьд эдийн засгийн нөхцөл байдал бас л хүндхэн хэвээр үргэлжлэх эрсдэл ч бий. Ер нь гадаад худалдааны үйл ажиллагааг нээлттэй болгох тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй байна.

"ХУВЬЦААНЫ ХАНШ ӨССӨНӨӨР МОНГОЛ УЛСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД МОНГОЛЫГ СОНИРХОХ ЭЕРЭГ ДОХИО"

Олон улс, гадаадын хөрөнгө оруулалт маш чухал байна. Ийм үед Оюутолгойн хэлэлцээр үргэлжилж буй. "Рио Тинто"-гоос ирүүлсэн захидлыг ч Монголын Засгийн газар хүлээн зөвшөөрч байна. Талууд дахин хэлцлийн ширээнд сууж, албажуулах байх. Та энэ үйл явцыг хэрхэн харж байна?

-Эдийн засагт хамгийн том нөлөө үзүүлэх нь Монголын талд ногдох 34 хувь. Үүний 2.3 тэрбум ам.долларыг чөлөөлөх. Өөрөөр хэлбэл, өрийг өрөөр тооцоход Монголын тал ямар нэгэн өр төлбөргүй болж байгаа нь эдийн засгийн ачааллыг бууруулж өгнө. Ерөнхийдөө Монгол Улс “Оюутолгой” компанийн үр ашгийг 2048 оноос л ашиг хүртэнэ гэж ярьдаг байсан. Тэгвэл энэ асуудлыг зохицуулснаар Монгол Улс илүү наана эдийн засгийн ашиг хүртэж эхэлнэ. Өнөөдрийн байдлаар “Оюутолгой” компанийн далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа нь өрнөж байгаа.

Тухайн үед Дубайн гэрээг эдийн засгийн таагүй нөхцөлд байгуулсан ч тодорхой түвшинд хөрөнгө оруулалт орж ирсэн нь үнэн. Уг гэрээ нь зөв, буруу байсан эсэх нь улс төрийн хүрээнд яригдах асуудал ч эдийн засагт нөлөө үзүүлж далд уурхайн хөрөнгө оруулалт хийсэн. Хэрэв гүний уурхайг олборловол Монгол Улс эдийн засгийн ашиг хүртэнэ. Тэгэхээр Монголд ашигтай нөхцөл үүсч байна гэж харагдаж байгаа.

Хөрөнгө оруулалтын хэмжээгээр экспорт нэмэгдэнэ. Энэ хэрээр Монгол Улсад төвлөрөх татвар болон бусад эзэмшиж буй хувь, ногдол ашиг өндөр дүнтэй байна. Одоо 2.3 тэрбумыг чөлөөлснөөр ямар үр өгөөж гарах тухай нарийн тооцоог судлаачид ойрын хугацаанд гаргах болов уу.

Цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг татахад Оюутолгойн энэ үйл явц нөлөө үзүүлэх боломжтой юу?

Мэдээж нөлөөтэй. “Оюутолгой” компанийн 66 хувийг эзэмшиж буй “Туркойз хилл ресурс” компанийн хувьцааны ханшийн өсөлт өчигдрөөс гарч эхэлж байна. Мөн тус компанийн 50 гаруй хувийг эзэмшдэг “Рио Тинто”-гийн хувьцааны ханш Нью-Йоркийн хөрөнгийн биржид өсч байгаа юм. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулагчид Монголын засгийн газартай байгуулсан гэрээ эерэг нөлөө үзүүлсэн гэж харагдаж байна. Хувьцааны ханш өссөнөөр Монгол Улсад хөрөнгө оруулах, хөрөнгө оруулагчид Монголыг сонирхох эерэг дохио.

Нөгөө талд “Оюутолгой” компанийн хувьд нэг асуудал үүсэх юм. Энэ нь Монголын талаас төлөх 2.3 тэрбумыг чөлөөлөхөд зардлаа хаанаас хэрхэн нөхөх вэ гэдэг асуудал. Дээр нь 2020 онд гүний уурхайтай холбоотой гарч буй зардлууд нэмэгдсэн. Энэ бүгдэд хөндлөнгийн хяналт оруулж, засварлах шаардлага үүсч байгаа. Үүнтэй холбоотой дахин зардлууд гарна. Эдгээр зардлаа яаж нөхөх вэ гэдэг нь “Туркойз хилл””, Рио Тинто”-д асуудал болж үлдэж буй. Гэхдээ үүнийг хэлцлийн шугамаар нэмж хувьцаагаар санхүүжүүлэх байдлаар зардлуудыг нөхөх боломжтой гэж харж байна.

Ер нь гадаад зах зээлд эерэг мессеж өгсөн учраас цаашид Монголын  бусад стратегийн гол ордуудад хөрөнгө оруулагчид Монголын талтай эн тэнцүү байдлаар хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэсэн мессежүүдийг өгч байна. Тиймээс Монголын  талд илүү ашигтай дүр зураг ажиглагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Би Монгол 2021-12-15 59.153.84.139

Хэдэн цагийн хичээлээ зөв заа даа. Ямарч тэнэг хүн Дубайн гэрээг Монголд ашигтай гэж хэлэхгүй шүү. Энэ хүнд луйварчид юу амласан болоод иргэдийн тархийг угааж Монголд ашиггүй зүйлийг хаацайлах ажил хийнэ вэ. Монгол хүн бүр Монголынхоо төлөө чин сэтгэлтэй байж бид хөгжинө шүү

Avatar

Монголд эдийн засаг мөддөө сэргэхгүй 2021-12-15 59.153.114.131

Ар араасаа олон уналт дагуулна. . Ихэнх ААН-үүдийн үйл ажиллагаа 30-80% зогссон. Яаж солир харахаараа ингэж хэлдэг байнаа

Avatar

Зочин 2021-12-15 66.181.166.134

tegvel tegeel hyatad daraa n durtai tsagtaa hilee haahad l ganhdag ediin zasagtaigaa baij bna bizdee

Avatar

Зочин 2021-12-15 192.82.66.89

Дэлхий дахин гээд байх юм манайх хажуу хөршөөсөө бараагаа татаж чадахгүй байгаа биз дээ. Дэлхийтэй интеграуид орчихсон эдийн засаг биш дээ ямар

Avatar

Зочин 2021-12-15 192.82.66.89

Яаж харахаараа тэгж хараад бгм вэ. Тээврийн зардлын хэд нугарсан өсөлтийн давалгаа орж ирнэ биз дээ

Avatar

Зочин 2021-12-15 103.26.195.236

Zaa medeej shd ee. COVID-iiig diildeg bolj bgaam chin tegeed hend ch ilgomjtoi shd ee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж