Улаанбаатар хотын захирагч, улсын аварга Д.Сумъяабазар саяхан үндэсний бөх, сур харваа, морин уралдаан спорт бус өв соёл хэмээн ярьсан. Тэрбээр “Тэд бол нүүдэлчдийн өв соёл тээгчид. Японы соёлын яам сүмогоо авч явдаг. Тиймээс үндэсний бөх Соёлын яаманд харьяалагддаг, хамгаалдаг байх ёстой. Үгүй бол мөнгөний араас хөөцөлдөөд өв соёлыг үнэгүйдүүлж байна. Мөнгөнөөс илүү үнэ цэн эрийн гурван наадамд оршиж байдаг гэж би боддог” гэж хэлээд амжив. Аргагүй тогоонд нь олон жил чанагдаж, оргилд нь хүрсэн хүн шиг ярилаа гэж бөх сонирхогчид, олон нийт дүгнэсэн.
Тэгвэл үндэсний бөх спорт уу эсвэл өв соёл уу?
Энэ асуулт гарч ирэх гол шалтгаан өнөөх л допинг. Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Бөхчүүдэд байр, машин, цэрэг цагдаагийн өндөр цол өгч байгаа нь допинг хэрэглэх гол шалтгаан болж байна” гэв. Өөрөөр хэлбэл, допингтой бөхчүүдийг бөхдөө хайртай ард түмэн өөрсдөө өөхшүүлж, бий болгож байна гэсэн үг. Манай шагнал урамшууллын зохицуулалт, допингийн шинжилгээний үйл явц гээд бүхий л зүйл асуудалтай. Наадамд түрүүллээ, улсын цолонд хүрлээ л бол байдгаа барьчихдаг. Гэтэл нөгөө бөх нь допингтой байж таардаг. Өгсөн бай шагналаа эргүүлээд авах хэцүү, байх хэцүү. Нөгөө талдаа дотооддоо шинжилгээний сорьцоо шинжлэх лабораторигүй, гадаадын лабораторийн хариунд эргэлздэг. Шийтгэл нь чангарсан ч шагнал урамшуулал нь өндөр, засаглал, зохион байгуулалт нь тааруу учир цаашид допинг хэрэглэх хүн гарч ирэхийг үгүйсгэхгүй. Допингийн шинжилгээг зохион байгуулалттай бүлэглэлд орчихсон ч гэж ярьдаг.
Хэрэв үндэсний бөхийг өв соёл гэж үзвэл допинг монголчуудын үнэт зүйлийг ч, бөхчүүдийг ч харлуулж байна. Цолгүй залуу бөхөөс эхлэн улсын аварга нь хүртэл допингтой гэхээр цаашдаа энэ бузар булхайг ил болгох шаардлага бий юу хэмээн зарим хэсэг нь бодож байна.
Гэхдээ бидний анхаарах асуудал допинг бус соёлын өв тээгчдийн хариуцлага, ухамсар байж болох юм. Өв соёлыг тээгчид маань өөрсдөө өв соёлоо допингтой хутгаж, гутаан доромжилж байна. Цэвэр, шударга өрсөлдөөн зөвхөн ёс зүйтэй, жудагтай бөхчүүдийн дунд л өрнөнө гэдгийг санах нь зүйтэй.
Спортыг ерөнхийд нь олон улсын болон үндэсний гэж ойлгож болмоор. Олон улсын спорт гэдэг бол олон улсад түгэн дэлгэрсэн, тухайн спортын төрөлд улс орнууд баг тамирчдаа бэлтгэдэг, олон улсын шинж чанартай тэмцээн уралдаан зохион байгуулдаг, олон улс орныг хамарсан байх шаардлагатай. Гэтэл үндэсний бөх тийм биш. Монголоос гадна монгол туургатан гэх тодотголтой цөөн хэдэн улсад үндэсний бөх дэлгэрсэн. Үндэсний спорт нь олон улсын спорт болсон тод жишээ гэвэл жүдог нэрлэж болно. Олимпийн төрөл хүртэл өсөн дэвжсэн энэхүү спортын тамирчид допингийн шинжилгээнд хамрагддаг.
Харин үндэсний спорт нь өв соёлоороо хадгалагдаж, ард түмнээ баясгадаг жишээг дурдвал сүмо. 2008 онд сүмогийн дээд зиндааны дөрвөн бөх сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис “Каннибас” өвс хэрэглэсэн нь тогтоогдож, сенсаци тарьсан. Асашорюү тэргүүтэй том цолтой бөхчүүд шээсний шинжилгээ өгч, сүмогийн холбоо ч санамсаргүй түүврийн аргаар бөхчүүдээс шинжилгээ авч байлаа. Үүнээс хойш сүмод допингийн асуудал ноцтой хөндөгдсөнгүй. Үндэсний бөх болон сүмогийн тамирчдын гол ялгаа нь ёс зүй, хариуцлага, мэдлэг, хандлага. Үндэсний бөх спорт юм бол бөхчүүд ч гэсэн мэргэжлийн тамирчид шиг өндөр ёс зүйтэй, ухамсартай байх хэрэгтэй. Хакүхо М.Даваажаргал их аварга, рекорд эзэмшигч гээд хамгаалагч хийхээс зайлсхийсэнгүй. Дэвжээн дээрээ аварга ч дэвжээний гадна жирийн иргэн гэдгээ харууллаа.
Цол дагаж бяр мөн үүрэг хариуцлага ирдэг гэдгийг зарим бөхчүүд ойлгох ухаарах ёстой. Ялангуяа улсын цолтой бөхчүүд допингийн шинжилгээнд бүдэрч зарим нь бүр давтан хэрэглэж байгаа нь ёс зүйгүй байгаагийн тод илрэл.
Сүүлийн үеийн допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн тайлбарыг сонсвол ихэнх нь өвчин намдаах болон эмийн санд түгээмэл зардаг эм хэрэглэсэн гэж ярьдаг. Гэтэл WADA буюу Дэлхийн допингийн эсрэг үндэсний төвийн хориглосон эмийн жагсаалтад эдгээр эмийн орц найрлага орсон байдаг. Тэгэхээр манай бөхчүүд мэдлэггүй байгаагаасаа хохирч байна уу, эсвэл гэдэг асуулт урган гарч буй.
Өнгөрсөн долоо хоногт Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага бөхчүүд дунд "Допингийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх" сэдэвт сургалт зохион байгуулахад улсын заан Д.Анар, улсын харцага О.Хангай зэрэг маш цөөн хэдэн улс, аймгийн цолтой бөхчүүд хамрагджээ.
Бөхчүүдийн бэлтгэл сургуулилалт, өнөөгийн нөхцөл байдлыг харахад үндэсний бөхийг спорт тэр дундаа мэргэжлийн гэж тодорхойлж болох ч түүх, ялгарал, мөн чанар, утга агуулгыг нь авч үзвэл өв соёл гэхэд буруудахгүй.
Үндэсний бөхийг өв соёл гэж үзвэл соёлын өвийг тээгчид, спорт гэвэл тамирчид өөрсдөө хариуцлагатай, ухамсартай байх үе ирээд байна. Сүүлийн жилүүдэд тохиосон үйл явдлуудыг ерөнхийд нь харвал бөхчүүдээс шалтгаалсан алдаа мадаг их бий.
Тэд өөрсдөө л үндэсний бөхөө үл хүндэтгэн, хариуцлагагүй хандаж, ард түмний итгэлийг хөсөрдүүлж байгаа нь харамсалтай.
Холбоотой мэдээ