МАН-ын “даалгавар биелүүлэгчид"

Хуучирсан мэдээ: 2021.12.15-нд нийтлэгдсэн

МАН-ын “даалгавар биелүүлэгчид"

МАН-ын “даалгавар биелүүлэгчид"

Эрх баригч намын 30 дугаар Их хурлын араас өрнөх улс төрийн прогноз эхнээсээ гарч эхлэв. Их хурлын өмнө яригдаж байсанчлан эрх баригч нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд Цэцээр шийдвэр гаргуулна гэх яриа албажив. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Ганибал, Т.Доржханд, Ш.Адьшаа, хуульч Д.Үүрцайх нарын "давхар дээл"-ийн асуудлаар өгсөн гомдолд Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэжээ. Яг л эрх баригчдын хүсэл биелэв үү эсвэл Цэцэд гомдол гаргагсад нь “даалгавар” биелүүлэв үү гэдэг нь анхаарал татаж байна. Эрх барьж байгаа намын эрх мэдлийн зөрчилдөөн, бялуу хуваах ажиллагааных нь гол асуудлыг нь ийн хөндөж байгаа цөөнхийн бүлгийн гишүүдэд ямар ашиг, эрх ашиг байна вэ гэж хардмаар.

Цаашдын зураглал ч мөн яригдаж байгаа бөгөөд Үндсэн хуулийн Цэц эдгээр гишүүдийн маргааныг Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргаж, УИХ түүнийг нь хүлээж авна гэсэн таамаг өрнөж буй, улс төрийн хүрээнд.

Түүний дараа эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулна. Ингэснээр өнөөгийн Засгийн газар задарч, бүтцийнх нь олонх нь давхар дээлтэй сайд байна хэмээн тооцоолж буй, МАН. Цэцийн хэлэлцэх гол асуудал нь “давхар дээл” буюу УИХ-ын гишүүд давхар сайдын албан тушаал хаших эсэх асуудал. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын дөрвөн гишүүнийг УИХ-ын гишүүдээс сонгох буюу "давхар дээл"-тэй байж болно гэсэн заалтыг тусгаж, эрх баригчид Засгийн газраа бүрдүүлж,  үйл ажиллагаагаа явуулж буй. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд болон дөрвөн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашиж байгаа гэсэн үг.

Одоогийн Засгийн газарт эрх баригчид төдийгүй УИХ-ын гишүүд “чадамжгүй” гэсэн үнэлгээ өгч буй. Улс төрийн шийдэл, ажлаа хийхэд дан дээлтэй сайд нар сул, хүчгүй байгаа учраас цаашид Засгийн газрын сайд нарын олонх нь УИХ-ын гишүүн байх нь зөв гэдэгтэй олонх нь санал нэгдэж буй.

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТАНХИМААС ХЭН ЯВАХ ВЭ?

Л.Оюун-Эрдэнэ одоогийн танхимын сайд нараасаа цөөн тооны сайд авч үлдээд, үлдсэнийг “явуулна” гэсэн мэдээлэл бий. Тухайлбал, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар үлдэх сайд нараар тодорч байгаа бол дан дээлтэй сайд нараас С.Энхболд, Ч.Номин, З.Мэндсайхан нар сайдаараа үлдэх бололтой. Учир нь саяхан болсон Их хурлын дараа Ч.Номин Удирдах зөвлөлд орсон байдаг.

Харин бусад сайд нарыг хэрхэн солих, хэдийг нь “давхар дээл”-тэй байх, дан дээлтэй сайд нараас хэнийг авч үлдэх вэ зэрэг асуудал дээр эрх баригч намын дарга нарын тохироо хийж байгаа гэх. Хамгийн чухал нь шинэ намын дарга намын фракциудын эрх ашгийг хангах уу эсвэл өөрийн тоглолтоо хийж багаа бүрдүүлэх гэдэг чухал.

Удаан хугацааны дараа жинхэлсэн шинэхэн намын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ удаад Засгийн газраа бүрдүүлэхдээ фракциудын төлөөллийг хангах болов уу гэсэн таамаг улс төрийн хүрээнд өрнөж буй.

Түүнээс гадна шинэ Засгийн газар бүрдэхдээ хоёр сайдаар бүл нэмнэ. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим бодлогын яамуудыг байгуулах шийдвэрийг УИХ-аас гаргасан. Тэгэхээр шинээр бүрдэх Засгийн газар нь 17 яам, 18 сайдтай байна гэсэн үг.

Цэц ямар шийдвэр гаргаж, УИХ хэрхэн хэлэлцэхээс олон зүйл шалтгаална. Гэхдээ эрх баригчдын хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг шинэ оноос өмнө хийхээр яаравчилж байгаа гэнэ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж