Сурвалжлага: Шүлхийтэй маханд тавих хяналт алга

Хуучирсан мэдээ: 2021.12.15-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Шүлхийтэй маханд тавих хяналт алга

Сурвалжлага: Шүлхийтэй маханд тавих хяналт алга

Өвлийн идшээ бэлтгэхээр иргэд махны өргөтгөсөн худалдааг олноор зорьж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ удаад товчоодоор нийслэл рүү нэвтрүүлж байгаа худалдах болон ахуйн хэрэгцээний идэшний маханд хэн, хэрхэн хяналт тавьж буйг сурвалжиллаа.

Ихэнх аймгуудад шүлхий болон малын гоц халдварт өвчин бүртгэгдсэнтэй холбоотойгоор Мал эмнэлгийн ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тавих хяналт энэ жил чангарсан болохыг албаны хүмүүс онцолсон юм. Тиймээс 22-ын товчоог зорилоо.

Биднийг очиход цагдаагийн алба хаагч болон нийслэлийн Мал эмнэлгийн газрын хяналтын байцаагч мах ачсан машинуудыг зогсоож, асуулга болон QR код дээр үндэслэн нийслэл рүү нэвтрүүлж байв.

Махны гарал үүслийн бичиг болон Мал эмнэлгийн газраас хийсэн шинжилгээний хариунд үндэслэн цахим бүртгэлийг хөтөлж нэвтрүүлж байгаа нь байцаагч болоод иргэдэд амар байгаа аж.

Гэхдээ гол нь товчоогоор орж ирж буй том оврын машин дээрх ачааг л шалгаж, жижиг машинаар тээвэрлэж байгаа махыг шалгаж чадахгүй байгаад асуудал байгааг иргэд хэлсэн юм.

Зөвшөөрөлтэй махыг л постуудаар оруулж байгаа гэж ам бариад хэчнээн хүн хулгайн болоод гарал үүсэл нь тодорхойгүй мах зарж буйг иргэд мэдэхгүй. Гэхдээ л малын халдварт өвчний тархалт өндөр байгаа энэ үед иргэд аль болох баталгаатай, чанартай мах хүнсэндээ хэрэглэхийг зорьж байгаа. Харамсалтай нь лабораторийн бичиг хараад л шалгалт хийж ажиллаж байгаа гэж дүгнэвэл өрөөсгөл.

ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГААР ХЯМД, БАТАЛГААТАЙ МАХ АВАХ БОЛОМЖТОЙ

Хямд, чанартай мах авахаар өргөтгөсөн худалдааг зорьж очсон хүмүүсийн ихэнх нь урам нь хугарч байгаагаа хэлсэн юм. Учир нь үнэ ханш нь “Хүчит шонхор” захын худалдаалж буй үнээс илүү үнэтэйг тэд хэлж байв. Тухайлбал, багахан үхэр авахад 1.3-1.5 сая төгрөг болж байна. Үхрийн мах нэг килограмм нь өргөтгөсөн худалдаа дээр 9500-11 мянган төгрөг байхад “Хүчит шонхор” дээр үүрээр очиход килограмм нь 8500-9500 төгрөг гэж байна лээ. Гарал үүсэл тодорхой, зохион байгуулалт сайтай гээд сүржин сурталчилгаа хийгээд байсан хэрнээ зохион байгуулалт нь муу байгаад сэтгэл дундуур байна гэцгээв.

Махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж ажиллаж байгаа хүмүүсээс асуухад үнэ боломжийн, гарал үүсэл тодорхой махыг хүмүүст нэгдсэн цэгээр борлуулж байгаа нь сайн жишиг. Зохион байгуулалттайгаар махны худалдааг явуулах нь олон талын давуу талтай. Нэгдсэн үнэ гаргахгүй ч зах зээлийн үнээс хямд бөгөөд лабораторийн бичигтэй байдаг. Хэрэглэж байгаа махны эрүүл байх нь хамгийн чухал зүйл. Тиймээс салбар яам болоод Мал эмнэлгийн газар, орон нутгийн харьяа нэгжүүдтэй хамтран энэ ажлыг зохион байгуулж байгаа гэлээ.

ТОВЧООГООР НЭВТРЭХ МАХ ЭНЭ ЖИЛ ӨВЧИН БОЛООД ЦАГ УУРААС ШАЛТГААЛЖ НЭМЭГДСЭН

Нийслэлийн Мал эмнэлгийн улсын байцаагч Ж.АЛТАНХУЯГ:

-Цаанаас ирж буй анхан шатны гэрчилгээг үндэслээд махыг нийслэл рүү нэвтрүүлж байгаа. Намар дулааны улиралд мах ачсан машинуудыг ариутгаж байж нийслэл рүү нэвтрүүлж байсан бол одоо хүйтэрсэн учир ариутгаж, халдваргүйжүүлэх боломжгүй болсон.

Өдөрт дунджаар ямааны мах 30 гаруй тонн, үхрийн мах 15-18 тонн, хонины мах 8-10 тонн гэхчлэн зөвхөн 22-ын товчоогоор нэвтэрч байна.

Хулгайн мах оруулж ирэх ямар ч боломжгүй болсон. Жилийн эцсийн малын тоо толгой дээр үндэслээд Мал эмнэлгийн гэрчилгээ гардаг. Дорж гэдэг айл 10 үхэртэй байлаа гэхэд тэр тоогоор л малын гэрчилгээ олгоно. Ингэснээр хяналт тавихад ч амар болсон. Гэрчилгээ, гарал үүслийн бичгийн дагуу QR код олгож, түүний дагуу постоор оруулна. Түүнээс шүлхий бүртгэгдсэн аймгаас ирж байна уу, халдвартай мах байж магадгүй гэдгийг товчоод дээр хянах боломжгүй. Гэрчилгээний дугаарын дагуу л бүртгэл баталгаажуулж оруулж байгаа.

Аймаг, орон нутагт шинжилгээ хийж, түүний дагуу баталгаажуулалт хийж байгаа учир товчоод дээр зөвхөн түүнийг бүртгэж, хянах үүрэг л хүлээдэг. Сэжигтэй, гарал үүслийн бичиггүй махыг нэвтрүүлэх гэж оролдвол цагдаагийн байгууллагад шилжүүлж, Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцдог.

"ӨНГӨРСӨН САРЫН 27-НД ОХУ-ААС 2.5 САЯ ТУН ВАКЦИН ИРСЭН"

Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-аас цаашид малын халдварт өвчний эсрэг вакцины таталтыг нэмэгдүүлж, хөл хориог богино хугацаанд тогтоож, аймаг, орон нутгийг эрсдэлгүй байлгах тал дээр тус штабаас анхаарч байгаа. Шүлхий өвчний гаралт сүүлийн саруудад эрс нэмэгдэж байна. Үүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд үндсэн гурван арга хэмжээ авдаг. Эдгээрт хорио цээр, ариутгал халдваргүйтгэл, вакцинжуулалт хамаарна.

Шүлхий өвчинтэй тэмцэхээр Мал эмнэлгийн ерөнхий газраас зургадугаар сарын 18-наас хойш дөрвөн удаагийн татан авалтаар 11.6 сая тун шүлхийн вакцин авсан. Хамгийн сүүлд гэхэд арваннэгдүгээр сарын 11-нд 1.6 сая тун шүлхийн вакцин авч, Дархан, Сэлэнгэ, Ховд, Дорнод, Төв, Архангай зэрэг аймагт хуваарилж өгөөд байна.

Вакцин бол тухайн голомт дахь өвчлөлийн тархалтыг саармагжуулах арга. Дархлаажуулалтад хамруулж байгаа ч устгах заалттай малыг устгах ёстой. Одоогийн байдлаар шүлхийтэй холбоотойгоор тус халдвар бүртгэгдсэн бүсээс мах зөөвөрлөхгүй байх шийдвэр гарсан. Вакцины тухайд мөн арваннэгдүгээр сарын 27-нд ОХУ-аас 2.5 сая тун вакцин ирсэн. Улсын онцгой комиссын шуурхай штаб зөвхөн Covid-19-ийн хоногт батлагдаж буй халдварт ажиглалт, судалгаа хийхээс гадна малын гоц халдварт өвчин болох шүлхийн тархалтад ажиглалт хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна гэсэн юм.

"АЙМГИЙНХАА МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАРТ ХҮСЭЛТЭЭ ӨГЧ, ЗӨВШӨӨРӨЛ АВСАН"

Иргэн:

-Миний хувьд Завханаас хувийн хэрэглээний зориулалтаар мах тээвэрлэж ирсэн. Аймгийнхаа мал эмнэлгийн газар хандаж, хүсэлтээ өгөөд мах нэвтрүүлэх зөвшөөрөл авсан. Өнгөрсөн жил олон хоног хүлээгээд авсан зөвшөөрөл нь бараг хэрэг болдоггүй байсан бол энэ жил харьцангуй хяналт сайжирч, постууд дээр гарал үүслийн гэрчилгээг тулгаж байгаа. Мал эмнэлгийн байцаагч нь утсаа гаргаж ирээд л төхөөрөмжөөр код уншуулаад ачаа задалж шалгаад оруулдаг. Бидний хувьд ч яахав гарал үүсэл тодорхой мах оруулж байна. Харин зарим хүмүүс зуд болохоос өмнө махаа зарна гэх нэрийдлээр бичиг баримтгүй тээвэрлэх тохиолдол ч элбэг байгаа санагддаг.

 "ХУЛГАЙН МАХНЫ ТЭЭВЭР ДЭЭР АНХААРАХ ХЭРЭГТЭЙ"

Иргэн:

-Малчид бол дүрэм журмын дагуу л амьдардаг хүмүүс шүү дээ. Хэдэн малынхаа тэжээлийг авах, хүүхдүүдийн сургалтын төлбөр төлөх гээд өвлийн идшээ бэлтгэх үеэр хот руу зорьж ирдэг. Хол зам туулж нийслэлд авч ирж зарж байгаа нь малчдад төдийлөн ашигтай байдаггүй. Замын зардал, бензиний мөнгө, хоол унд гээд зардал өндөр. Тэгээд хотынхон шаардлага их өндөртэй хүмүүс. Гарал үүсэл, үнэ ханш гээд барагтай бол сэтгэлд нийцдэггүй. Тиймээс махны дээжээ шинжлүүлээд зохих ёсны дагуу оруулж ирдэг. Төдийлөн ашиг олдоггүй ч хөдөө зарагдахгүй байгаа учир ирэхээс өөр сонголтгүй.

"ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГААР ЗАРЖ БАЙГАА МАХНААС ШҮЛХИЙ ИЛЭРСЭН ГЭЖ ХУДАЛ"

Өргөтгөсөн худалдаанд оролцож байгаа малчид болоод худалдаачдын хэлж байгаагаар харин ч өчнөөн хол газраас тээврийн зардал, цаг хугацаагаа зарцуулаад ирж байхад хүмүүс үнэтэй байна гэх юм. Ченжээс ямар ч малын мах авч байгаа юм билээ. Уг нь энэ худалдаанаас ирж байгаад өөрсдөө шилж сонгоод авбал ашигтай л санагдах юм гэж байлаа. Одоогоор өргөтгөсөн худалдаа болж буй газруудад ямар  нэгэн халдвартай, вирус илэрсэн мах, бүтээгдэхүүн байхгүй байна гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн юм.

Орон нутгаас ирж буй малчид шалган нэвтрүүлэх товчоо дээр мал эмнэлгийн бичгээ шалгуулж, ариутгал хийлгэсэн. Аймагт малын өвчлөл бүртгэгдсэн учир ариун цэврийг маш сайн баримтлахыг хичээж ирсэн гэдэг мэдээллийг өгч байв.

Харин нийслэлийн Мал, эмнэлгийн газрын мэргэжилтнүүдийн хэлснээр ариутгал, халдваргүйтгэлийг талбай дээр ирэхэд хийж байгаа. Худалдаачдаас өдөр бүр Covid-19-ийн түргэвчилсэн шинжилгээ авна. Явуулын лаборатори ажиллаж байгаа учраас эрсдэлтэй бүтээгдэхүүн худалдаалахгүй гэв. Иргэд ингэж мөнгө үрсэн зохион байгуулалт хийхийн оронд малчдад боломж олгож,  хэд хэдэн байршилд түрээсгүй талбай гаргаж өгсөн болсон хэн хэндээ амар байх байсан гэж шүүмжилж байлаа.

Гэхдээ нэгэнт зориод очсон хүмүүс уулга алдаж, урам хугарсан ч махаа авч байгаа харагдана. Ямартай ч махны үнэ цаашид ч өсч магадгүйг малчид хэлж байв. Учир нь энэ жил цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж махаа бөөнөөр зарах сонирхол өндөр байгаа аж. Мөн цар тахлаас шалтгаалж өргөн хэрэглээний бүх барааны үнэ тодорхой хувиар өссөн учир махны үнэ ч цаашид өснө гэж байлаа.

Товчоод дээр тавьж буй хяналт шалгалт нөөцийн мах буюу их хэмжээний мах ачиж нийслэл рүү нэвтрүүлж буй тээврийн хэрэгсэл дээр л үйлчилж байна. Зөвхөн 22-ын товчооны хувьд хяналтыг ийнхүү асуумж болоод кодоор бүртгэж байна уу. Хэрэв хяналтыг бүгд адил тавьж чадахгүй байгаа бол нийслэлд хулгайн, халдварт өвчтэй малын мах ч орж ирэх эрсдэл өндөр байна.

Гэрэл зургийг Г.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж