VS: Төрийн үйлчилгээний ажилчдыг цомхотгоно, цомхотгохгүй

Хуучирсан мэдээ: 2021.12.15-нд нийтлэгдсэн

VS

VS: Төрийн үйлчилгээний ажилчдыг цомхотгоно, цомхотгохгүй

Төсвийн тухай хуулийг үндэслэн ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн үйлчилгээний ажилтан болох цэцэрлэгийн үйлчлэгч, манаач, тогоочийг гэрээт ажилтан болгох буюу хувийн хэвшилд шилжүүлэх асуудал яригдсан. Үүнийг эсэргүүцэж арванхоёрдугаар сарын 7-нд  Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос гаргасан шийдвэрээ нээлттэй хэлэлцүүлж, тодорхой тайлбарлахыг  шаардсан. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр /2021.12.14/ Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр дээрх асуудлаар тайлбар өгсөн юм. Тиймээс энэ удаагийн VS буландаа хоёр талын байр суурийг хүргэж байна.


 

Д.Саранцэцэг
Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга:

-Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-нд Боловсрол, шинжлэх ухааны яамны төсвийн хуваарилалттай танилцсан. Тэр үед орон нутагт төрийн үйлчилгээний ажилчдыг шилжүүлэхтэй холбоотой зардал гээд тодорхой мөнгө тавьсан байсныг харсан. Үйлчлэгч, манаач, тогооч, багш нар нийлж нэг баг болсноор цогц үйлчилгээг хүүхдүүдэд хүргэдэг. Нэг цэцэрлэгт баг болж ажиллаж байгаа хүмүүсийг төрийн зарим чиг үүргийн байгууллага, болон хувийн хэвшилд шилжүүлбэл цэцэрлэгийн чанар үйлчилгээ дордохоос эхлээд олон асуудал үүснэ.

Энэ асуудлыг тодорхой болгож өгөхийг хүссэн албан бичгийг холбогдох газарт нь явуулсан ч тодорхой хариу өгөөгүй. Төрийн үйлчилгээний ажилчид 470-570 мянган төгрөгийн үндсэн цалин авч ажилладаг бөгөөд 50-аас дээш насныхан ихэнх хувийг нь эзэлдэг. Нийслэл хотод гэхэд 266 цэцэрлэгийн 3399 ажилчин орон нутаг руу шилжихээр байна.Ингэж шилжихээр ажлын байрны баталгаа алдагдах, нийгмийн хамгаалал алдагдаж амьдрал нь дордоно.30 гаруй жил улсад ажиллачхаад өнөөдөр хашаагүй, орон гэргүй олон хүн ажиллаж байгаа. Тэтгэвэрт гарахад хэдхэн жил дутуу хүнийг хаана ажилд авах вэ.  Улсад ажиллаад гарахдаа хэдэн төгрөг авч гараад хашаа авчихна гэж өдийг хүртэл итгэж ирсэн итгэлийг нь ингэж алдуулж болохгүй. Хүмүүсийг бараа таваар мэтээр нэг л өдөр нэг газар руу шилжүүлэх гэж байгаагаа зогсоохыг шаардаж байна.

Б.Жавхлан
Сангийн сайд:

-Өнөөдөр ажил хийж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь төрөөс цалинжиж, төрийн бүтцэд хамаарч байна. Иргэдэд үзүүлэх төрийн бүх үйлчилгээг цомхон, ухаалаг, цахимжсан, ил тод бүтэцтэй болгоно. Орон тооны бүтцийн шинэчлэл дундаас дээш шатаас эхэлнэ. Ялангуяа төрийн өмчийн үйлдвэрийн газруудыг бүтцийн оновчтой, нийгэм эдийн засгийн үр өгөөж өндөр байх, засаглалын хувьд оновчтой  цомхон болгоно.  Иргэдийн дунд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн төрийн өмчийн төсөвт  байгууллагуудын үйлчилгээний ажилчдыг цомхотгоно гэх буруу ойлголт үүсчээ. Төр илүү чадварлаг, цомхон байх хүрээнд дунд урт хугацааны төлөвлөлтүүдийг хийж байгаа. Түүнээс биш боловсролын байгууллагын ажилчдыг шууд  хувийн хэвшил рүү шилжүүлэх боломжгүй. Үүнд цаг хугацаа бэлтгэл ажил шаардагдана. Судалгаа хийнэ. Шууд цомхотгоод хувийн компаниар явуулах биш одоо үйлчилгээ үзүүлж байгаа төрийн алба хаагчид хоорондоо нэгдэж байгууллагын бүтцэд шилжиж төрд үйлчилгээ үзүүлнэ.  Төрөөс үйлчилгээг нь худалдаж авна гэсэн үг. Ийм хэлбэрийг судалж байна.

Үүнээс гадна ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлэн  төрийн хяналтын чиглэлийн  байгууллагуудаас хувийн хэвшил, иргэд рүү  чиглэсэн олон төрлийн хяналт шалгалтуудыг 50 хувь цөөлөх шийдвэр гарсан. Харин төсвийн ерөнхийлөн захирагч нарт аудит хийх хяналт шалгалт хэвээр үргэлжилнэ. Энэ нь төрийн бүтэц болон төрийн өмчит компаниудад хийх төсвийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж