Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.12.14/ хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайлан сонслоо.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Улсын хэмжээнд 2021 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар 23 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 842 буюу 3.7 хувиар өсч, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1305 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 261-ээр буюу 25 хувиар өсч, бүх хэрэгт эзлэх хувийн жин нь 5.6 хувь болжээ.
Энэ онд гэр бүлийн хүчирхийлэлд 1164 иргэн өртөж хохирсны 1026 нь буюу 88.61 хувь нь эмэгтэйчүүд, 125 нь буюу 10.7 хувь нь хүүхэд байна.
Прокурорын байгууллагаас энэ оны эхний арваннэгдүгээр сард гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт хүний амь нас хохирсон гэж үзэж прокурорын дүгнэлт бичсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдээллээр 2021 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хоригдсон 34, баривчлагдсан 4047, үүнээс давтан ирсэн 244, зан үйлд нөлөөлөх албадан сургалтад 3830 баривчлагдсан этгээд, 1130 хоригдол давхардсан тоогоор хамрагдсан. Хамгаалах байранд 2020 онд 3575 хохирогч, 2021 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар 4942 хохирогч үйлчилгээ авсан.
2022 ОНООС ЭХЛЭН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ГЭМТ ХЭРГЭЭС СЭРГИЙЛЭХ ХИЧЭЭЛ ОРНО
Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг, төрийн байгууллага, хууль сахиулах байгууллагын дагнан хариуцдаг ажил гэхээс илүүтэй олон нийтийн оролцоог төвлөрүүлэх гэр бүлийн хүчирхийлэлд нөлөөлдөг хүчин зүйлүүдэд төрийн бодлого хэрэгжүүлэх шаардлага бий. Тэр утгаараа Хууль зүй дотоод хэргийн яамнаас Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг өргөн бариад одоо УИХ-аар нэгдүгээр хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байна. Энэ хуулийн төсөлд:
- Архины зөв зохистой хэрэглээг бий болгох,
- Архи үйлдвэрлэгч, импортлогчдыг нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой эх үүсвэрийг санд төвлөрүүлэх, уг төвлөрүүлсэн хөрөнгөөр архинд донтох өвчтэй хүмүүсийг албадан эмчлэх төвүүдийг Монгол Улсын гурван бүст бүсчилсэн байдлаар шинээр барьж байгуулах, нийгэмшүүлэх, хөтөлбөрт хамруулах, хөдөлмөр цалин орлоготой болгох гэсэн цогц хөтөлбөр дээрх хууль батлагдсанаар хэрэгжиж эхлэх боломжтой.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд бидний одоогийн барьж буй бодлого гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн нөлөөллийн контентууд явуулах төдийхнөөр илрээд байгаа юм. Өнгөрсөн жил Боловсролын сайд Л.Цэдэвсүрэн ажиллаж байхад хоёр сайдын хамтарсан тушаалаар ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх загвар хичээлийг оруулах шийдэлд хүрч, хэд хэдэн сургуульд туршилтаар орж байна. Эхний ээлжид хөтөлбөр нь батлагдсан. 2022 оны хичээлийн жилд бүх ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх чиглэлээр байнгын хичээл орохоор болсон".
Холбоотой мэдээ