ЗГ: Хоёр талаас үүсгэсэн арбитрын маргааныг 6 сараар хойшлуулна

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

ЗГ: Хоёр талаас үүсгэсэн арбитрын маргааныг 6 сараар хойшлуулна

ЗГ: Хоёр талаас үүсгэсэн арбитрын маргааныг 6 сараар хойшлуулна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 


Хууль зүйн, сайд Х.Нямбаатар:

– “Рио Тинто” болон “Туркойз хилл” компанийн гүйцэтгэх удирдлагаас албан бичиг ирүүлсэн. Тус захидалтай холбоотой асуудлыг өнөөдөр Засгийн газар хэлэлцсэн. Зарчмын хувьд дэмжээд УИХ-ын түр хороогоор хэлэлцүүлж УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн ажлын танилцуулгыг УИХ-д танилцуулах шийдвэрийг гаргалаа.

Ажлын хэсгээс удаа дараа 34 хувийг тэглэх санал тавьсан. Өмнө нь 70 хувийг тэглэх саналыг ирүүлсэн. Энэ удаа 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх санал ирүүлсэн. Энэ нь ирээдүйд 22 тэрбумын төгрөгийн өрийг Монголын Засгийн газарт үүсгэхгүй гэдгийг захидалдаа онцолсон байсан.

Дубайн гэрээ буюу далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг ямар нэгэн болзол нөхцөл тавихгүйгээр цуцлах саналыг хүлээж авсан. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлтийн талаар бид олон жил ярьсан. Зарим нь хардаж, шүүмжилж ирсэн. Монголын Засгийн газрын ажлын хэсгээс тавьсан далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд хөндлөнгийн аудит оруулах саналыг хүлээн зөвшөөрсөн. Гүний уурхайн ашиглалт, олборлолт эхлэх хугацааг 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал өөрөө 100 хувь хариуцах санал гаргасан. Энэ босгосон мөнгө “Эрдэнэс Оюутолгой” компанид өр болж бичигдэхгүй гэдгийг онцолсон.

“Оюутолгой” ХХК-ны засаглалыг сайжруулах, гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээний зардлыг хариуцна гэсэн. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн борлуулалтаас тодорхой хэмжээний менежментийн төлбөрийг "Эрдэнэс Оюутолгой" компанид өгнө гэсэн үг. Та бүхэн санаж байгаа бол Засгийн газрын 92 дугаар тогтоолын тавдугаар зүйлд “Эрдэнэс Оюутолгой" компанийг чадавхжуулах” гэх заалт бий. Эцэст нь Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюутолгой төсөл эрчим хүчээр хангах гэрээгээ байгуулахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Ойролцоогоор 9 доллар 6 центээр 1 кВт өртгийг тогтож тогтвортой байдлын гэрээг байгуулж Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системээс Оюутолгойн төслийн эрчим хүчийг санхүүжүүлнэ. Энэ нь банкаас мөнгө босгох боломжтой гэрээ болсон гэдгээрээ ихээхэн онцлог. Ингэснээр бид Тавантолгойн эрчим хүчний станцын санхүүжилтийн зарим хэсгийг гаднаас босгох боломж бүрдэж байна. Засгийн газар дээрх саналуудыг хүлээж авч дэмжсэн.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Нийслэл иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны бүтэц орон тооны хязгаар, аймгийн Засаг даргын тамгийн газрын бүтэц орон тооны хязгаар, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны бүтэцийг шинэчлэн тогтоолоо. Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын ажлын албаны орон тооны хязгаарыг 35-аас хэтрүүлэхгүй. Аймгийн ИТХ-ын ажлын албаны орон тооны хязгаарыг 8-12, сумых 3-4, нийслэлийн дүүргүүдийн ИТХ-ын ажлын албаны орон тооны хязгаар дүүргийн хүн амаасаа хамаарч 8-21 байхаар тогтсон. Аймгийн Засан даргын тамгийн газрын бүтэц орон тооны хязгаарыг тогтоохдоо орон тооны онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо эдийн засгаас хамаарч 34-46 хүртэлх байна.

Энэ нь шинэ  сэргэлтийн бодлогын хүрээнд ийнхүү дунд болон дээд шатнаас эхлэн төрийн албаны орон тооны хязгааруудыг шинэчлэн тогтоож байна. Мөн ирэх онд хийгдэх хяналт шалгалтыг цөөлөх бодлого барина. Энэ хүрээнд төр хяналтаа сулруулна гэж ойлгох нь өрөөсгөл. Нүүр тулж биечлэн уулзахаас илүү цахимд суурилсан буюу зайнаас хяналт тавих бүтцийн шинэчлэл рүү шилжинэ. Өөрөөр хэлбэл, ирэх нэгдүгээр сарын 1-ээс эхлэн  төрийн хяналтын чиглэлийн  байгууллагуудаас хувийн хэвшил, иргэд рүү  чиглэсэн олон төрлийн хяналт шалгалтуудыг 50 хувь цөөлөх шийдвэр гарлаа. Харин төсвийн ерөнхийлөн захирагч нарт аудит хийх хяналт шалгалт хэвээр үргэлжилнэ. Энэ нь төрийн бүтэц болон төрийн өмчит компаниудад хийх төсвийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг. Өнөөдөр ажил хийж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь төрөөс цалинжаж, төрийн  бүтцэд хамаарч байна. Иргэдэд үзүүлэх төрийн бүх үйлчилгээг цомхон, ухаалаг, цахимжсан, ил тод бүтэцтэй болгоно. Орон тооны бүтцийн шинэчлэл дунд, дээд шатаас эхэлнэ. Ялангуяа төрийн өмчийн үйлдвэрийн газруудад бүтцийн оновчтой, нийгэм эдийн засгийн үр өгөөж өндөр байх, засаглалын хувьд оновчтой  цомхон байх ажлуудыг эхлүүлнэ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

-Өнөөдрийн хуралдаанаар Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн баталлаа. Хайгуулын тусгай зөвшөөрлийн журмыг шинэчлэн батлах тухай эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад олгосон. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А28 дугаар тоот тушаалаар баталсан. Өнөөдрийг хүртэл энэ журам үйлчилж байгаа. Одоогоос арван жилийн өмнө 2570 тусгай зөвшөөрлийн хүрээнд 300 гаруй тэрбум төгрөгийн геологи, хайгуулын ажлыг хийж байсан. Өнөөдрийн байдлаар 900 гаруй тусгай зөвшөөрлийн хүрээнд 86 орчим тэрбум төгрөгийн геологи, хайгуулын ажил хийж байгаа нь хангалтгүй байна. Сонгон шалгаруулалтын журмаар сүүлийн зургаан жилийн хугацаанд сард зургаа, долоо орчим тусгай зөвшөөрөл олгож байгаа юм. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд дампуурах нөхцөл байдал руу ойртож байна гэсэн үг.

Урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан эрдэс, баялгийн нөөцийг нэмэгдүүлэх, геологийн судалгааны ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Ингэснээр дараагийн уул уурхайн үйлдвэрүүдийг бий болгох зайлшгүй шаардлагатай. Хайгуулын ажлыг эрчимжүүлснээр дараагийн Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн ордыг нээж илрүүлэн, ашиглалтад оруулах боломж бүрдэнэ. Тиймээс хайгуулын ажлын сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох шаардлагатай. Анх 8.4 сая га талбайг сонгон шалгаруулалтын зориулалтаар баталсан. Өнөөдөр дөрвөн сая га хүрэхгүй талбай үлдсэн.Сонгон шалгаруулалтын журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Сонгон шалгаруулалтын талбайг сонгох үндэслэл, аргачлалыг тодорхой болгох, оны нэгдүгээр улиралд багтаан зарлагдсан талбайг эзэнтэй болгох, геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх зэрэг үр ашигтай гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж