Хятадын засгийн газар ирэх онд эдийн засгийн тогтвортой байдалд анхаарлаа хандуулахаа амласан. Тус улсын XIV таван жилийн төлөвлөгөөний гол зорилт нь дэд бүтцийн бүтээн байгуулалт. Дэд бүтцийн барилгын идэвхжлийг даган гангийн эрэлт өсөх магадлалтай бөгөөд Хятадын гангийн эрэлтийн оргил үе 2025 онд тохионо гэж тус улсын ихэнх компаниуд үзэж байгаа аж. Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа гангийн үйлдвэрлэл, төмрийн хүдрийн төлвийн мэдээллийг онцоллоо.
ТӨМРИЙН ХҮДРИЙН ФЬЮЧЕРС 7.2 ХУВИАР ӨСЧ, ТОНН НЬ 116.15 АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ
Дэлхийн улс орнууд Бээжин 2022 онд гангийн үйлдвэрлэлд хатуу бодлого барихгүй байх гэсэн хүлээлттэй байна. “Credit Suisse” банк 2021 оны дөрөвдүгээр улиралд Хятадын гангийн эрэлт сул байх таамаг дэвшүүлсэн. Улмаар Хятадын барилгын салбарын идэвхжил гангийн эрэлтийг өдөөх тул төмрийн хүдрийн хомсдол үүсэхгүй. 2022 оны хоёрдугаар улирал гэхэд Хятадын зах зээл дээр төмрийн хүдрийн ханш тонн нь 120 ам.доллар орчимд тогтоно гэж таамаглажээ.
“Metals & Mining Weekly” тайланд дурдсанаар, Бразилын “Vale” компанийн үйлдвэрлэл сэргэвэл ирэх оны хоёрдугаар хагаст ган үйлдвэрлэлд ашиглагддаг төмрийн хүдрийн ханш 100 ам.доллараас буурах магадлалтай аж.
БНХАУ агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гангийн үйлдвэрүүдийн гарцад хязгаарлалт тогтоосон нь төмрийн хүдрийн гарц буурч, үнэ огцом өсөхөд нөлөөлжээ.
Тус улсад өнгөрсөн Даваа гариг (2021.12.13)-т төмрийн хүдрийн үнэ дахин өссөн үзүүлэлттэй гарав. Тухайлбал, Сингапурын бирж дээр төмрийн хүдрийн үнэ долоон хувиар өсчээ. Тус улсад төмрийн хүдрийн фьючерс 7.2 хувиар өсч, нэг тонн нь 116.15 ам.долларт хүрэв.
“SinoSteel Futures” компанийн шинжээч Ченг Пэн "Ирэх жил төмрийн хүдрийн нийлүүлэлтэд огцом өөрчлөлт гарахгүй, гол уурхайнуудын тээвэрлэлт тогтвортой байх бол дотоодын уурхайн олборлолтод бага зэрэг өөрчлөлт орох төлөвтэй байна” гэж хэлжээ. Мөн тэрбээр “Төмрийн хүдрийн үнэд нөлөөлөх гол хүчин зүйл нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодлого бөгөөд түүнийг илүү уян хатан байлгах хэрэгтэй” гэв.
Төмрийн хүдрийн үнэ сүүлийн дөрвөн долоо хоног дараалан өссөн нь тавдугаар сараас хойших хамгийн урт хугацаанд үргэлжилсэн өсөлтөд тооцогдож байна.
Дэлхийд төмрийн хүдрийн нийлүүлэлтээр хоёрдугаарт бичигддэг "Vale” компани энэ оны гарцын төлөвөө бууруулж, 315-320 сая метр тонн төмрийн хүдэр олборлохоор тооцоолсон байна. Мөн “Ирэх оны хоёрдугаар сард болох Бээжингийн өвлийн олимп төмрийн хүдрийн үнийг эргэн сэргээх эргэлтийн цэг болно” гэж мэдэгдээд, ирэх оны хоёр, гуравдугаар улиралд төмрийн хүдрийн үнэ эргэн өсөх төлөвтэй байгааг онцолжээ.
Австралийн “Mineral Resources” (MinRes) компани Пилбара дахь төмрийн хүдрийн “Wonmunna” уурхайд олборлолтын үйл ажиллагаагаа эхэлсэн. Тус компани ойрын жилүүдэд төмрийн хүдрийн олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөж, эхний ээлжинд жилд 5 сая тонн төмрийн хүдэр олборлох бол хүчин чадлыг 10 сая тоннд хүргэх зорилго тавьжээ.
2023-2024 онд Пилбарад төмрийн хүдрийн “Lamb Creek”, “Wedge” зэрэг хоёр уурхайг нэмж шинээр ашиглалтад оруулах аж. Ингэснээр тус компанийн нийт үйлдвэрлэл жилд 50 сая тоннд хүрнэ гэж тооцжээ.
“Mineral Resources” компани ирэх 10 жилийн хугацаанд жилд 100 сая тонн төмрийн хүдэр олборлох Австралийн томоохон нийлүүлэгчийн нэг болохыг зорьж байгаа аж. Гэхдээ экспортын хувьд Хедланд боомтын ачаалалтай тулгарч болзошгүй аж. Өнгөрсөн онд Австралийн компаниуд тус боомтоор 540.6 сая тонн төмрийн хүдэр экспортолжээ. Агаарын бохирдлын улмаас боомтыг өргөтгөх асуудлыг нутгийн иргэд эсэргүүцэж буй юм байна.
Монгол Улс арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 2-ны хооронд нийт 92 автомашин буюу 80 мян.тн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ.
Эх сурвалж: MINING, REUTERS, BLOOMBERG, ГЕГ
Холбоотой мэдээ