"2024 оны Парисын олимпод илүү өндөр амжилт үзүүлэх болтугай"

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

"2024 оны Парисын олимпод илүү өндөр амжилт үзүүлэх болтугай"

"2024 оны Парисын олимпод илүү өндөр амжилт үзүүлэх болтугай"

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал болох “Бөртэ чоно”-ын 2021 оны эзэд өчигдөр/2021.12.13/ тодорлоо. Өнгөрсөн жил цар тахлын улмаас зохион байгуулагдаагүй уг арга хэмжээ энэ жил өндөр хүлээлт дунд болов.

Энэ үдшийн анхны Бөртэ чонын эзнээр Хөвсгөл аймгийн "Сод эрдэм" сургуулийн "Содон" олимпийн танхим тодорсон бөгөөд тус танхим нь 2020, 2021 онуудад олимпийн боловсролыг сурагчдад олгох, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ажлыг шинэ түвшинд эрчимтэй өрнүүлж, Шилдэг олимпийн танхимаар шалгарлаа.

Харин үдшийн оргил мөч нь 2021 оны Монголын шилдэг тамирчинг тодруулах байсан бөгөөд энэ оны шилдгээр гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг тодров. Шилдгийн шилдэг эмэгтэй мөн оны шилдэг тамирчнаар тодорсон М.Уранцэцэг “Анх 2013 онд дэлхийн аваргад түрүүлэн энэ хүндтэй шагналыг хүртэж байлаа. Ингээд 2021 онд дахин хүртсэндээ баяртай байна. Токиогийн олимп маань маш хүнд нөхцөлд боллоо. Бэлтгэл сургуулилтаа ч бид амаргүй нөхцөлд базаалаа. Багш дасгалжуулагчид маань биднийг маш сайн дэмжин ажиллаж чадсан. Бэлтгэл хийх нөхцлийг бүрдүүлсэн шигшээ багийн хамт олон, олимпийн хороо, Биеийн тамир, спортын улсын хороо, жүдо бөхийн холбоондоо маш их баярлалаа. Нийт тамирчдадаа амжилт хүсье. 2024 оны Парисын олимпод илүү өндөр амжилт үзүүлэх болтугай” гэлээ.

Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар Токиогийн олимпийн хүрэл медальт Ц.Цогтбаатар тодорсон. Тэрбээр шагнал хүртсэн сэтгэгдлээсээ хуваалцан “Шилдгийн шилдэг тамирчнаар тодорсондоо баяртай байна. Энэ амжилтыг гаргахад хамгийн ихээр нөлөөлсөн ээж, аав, гэр бүл, жүдо бөхийн холбоо, олимпийн хороо, шигшээ багийн тамирчид, Биеийн тамир, спортын улсын хорооныхондоо баярлалаа. 2024 оны олимпод амжилтаа ахиулж, дэлхийн чансааг тэргүүлэх болно” гэж ярив.

Шилдэг эмэгтэй тамирчнаар тодорсон Токиогийн олимпийн хүрэл медальт Б.Болортуяа “Токиогийн олимпод үе тэнгийн залуу тамирчид олноор төрөн гарлаа. Илүү өрсөлдөөнтэй, хөгжөөнтэй байлаа. Цаашдаа чөлөөт бөх өсөн дэвжиж, амжилт бүтээлээр арвин байх болно” гэв.

Шилдэг эрэгтэй тамирчнаар тодорсон Саид Моллаей тодорсон. Тэрбээр өөрийн биеэр “Бөртэ чоно”-ын ёслолын арга хэмжээнд оролцоогүй бөгөөд цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн юм. Саид Моллаей “Миний бие маш сайн байна. Харамсалтай нь, ёслолын арга хэмжээнд оролцож чадсангүй. Арга хэмжээ үнэхээр гайхалтай болж байгаа гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газар, олимпийн хороо, жүдогийн холбоонд баярлалаа. Монголын тамирчид, дасгалжуулагчид, спортынхны хувьд сайхан үдэш тохиож байгаа гэдэгт итгэлтэй байна. Спортын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүст баярлалаа. Монголчууддаа хайртай шүү” гэжээ.

Оны шилдэг паралимпийн тамирчнаар тодорсон, Токиогийн паралимпийн аварга, гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ болон түүний дасгалжуулагч Д.Баттулга нар сэтгэгдлээ хуваалцсан.

Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ:

-Шилдэг пара тамирчин болсондоо баяртай байна. Ирэх онд долоон тэмцээнд бий. Багштайгаа ярилцаад тавд нь оролцохоор төлөвлөсөн. Мэдээж бэлтгэл сургуулилтаа сайн хийж, амжилтаа ахиулахын төлөө зүтгэнэ.

Гавьяат дасгалжуулагч Д.Баттулга:

-Бид хоёр сая дэлхийн аваргаас мөнгө авсандаа баяртай байгаа. Уг нь алтан медаль авах боломж байсан. Олимпоос мөнгөн медаль хүртсэн Малайзын тамирчин хүртэл мултарсан. Тэгэхээр их чанга тэмцээн болсон.

Энэ оны шилдэг залуу тамирчнаар чөлөөт бөхийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн Д.Отгонжаргал тодорсон. Тэрбээр ярихдаа “Сэтгэгдэл маш өндөр байна. Зарлахад нь л зүрх зогс шахлаа. Ирэх жил улсын аваргаас эхлүүлэн бүх тэмцээнүүддээ амжилттай оролцохыг хүсч байна. Залуу тамирчин учир бүхнээ дайчилна гэж бодож байна” гэлээ.

Ингээд та бүхэндээ “Бөртэ Чоно”-ын эздийг танилцуулъя.

Шилдэг олимпийн зүтгэлтэн – Ш.Лхачинжав

Шилдэг олимпийн зөвлөл – Орхон аймгийн “Атланта” олимпийн зөвлөл

Оны шилдэг спортын сэтгүүлч – МҮОНРТ-ийн “Монголын спортын нэгэн зуун” төслийн баг

Спортын шилдэг ивээн тэтгэгч – MCS Coca Cola компани

Спортын шилдэг ивээн тэтгэгч – Скайтел групп

Спортын шилдэг бүтээн байгуулалт – Степпе арена

Шилдэг баг – 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг

Олимпийн төрлийн шилдэг холбоо – Монголын чөлөөт бөхийн холбоо

Олимпийн төрлийн шилдэг холбоо – Монголын жүдо бөхийн холбоо

Шилдэг холбоо – Монголын жюү жицүгийн холбоо

Шилдэг менежменттэй холбоо – Монголын хөлбөмбөгийн холбоо

Шилдэг шүүгч – Т.Энхцэцэг /жүдо/

Ажил мэргэжлийн шилдэг байгууллага – Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв

Шилдэг дасгалжуулагч – Б.Баттулга /чөлөөт бөх/

Шилдэг дасгалжуулагч – Х.Болдбаатар /жүдо/

Шилдэг дасгалжуулагч – Д.Баттулга /пауэрлифтинг/

Шилдэг залуу тамирчин – Д.Отгонжаргал /чөлөөт бөх/

Паралимпийн шилдэг тамирчин – Э.Содномпилжээ

Шилдэг эмэгтэй тамирчин – М.Анхцэцэг /хүндийн өргөлт/

Шилдэг эмэгтэй тамирчин – Б.Болортуяа /чөлөөт бөх/

Шилдэг эрэгтэй тамирчин – М.Лхагвагэрэл /чөлөөт бөх/

Шилдэг эрэгтэй тамирчин – Саид Моллаей /жүдо/

Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин – М.Уранцэцэг /жүдо/

Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин – Ц.Цогтбаатар /жүдо/

2021 оны Монголын шилдэг тамирчин – М.Уранцэцэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж