"Дэлхийн мисс-2021" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй мисс А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлжээ. Ингэснээр тэрбээр дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн авьяас үзүүлбэрийн ялагч болж, тэмцээний хагас шигшээд шалгарлаа. "Авьяаслаг мисс" шалгаруулалтын шилдэг таван оролцогчоор Монгол, Норвеги, Япон, Чили, Ирланд улсын мисс багтсан байна.
Мисс А.Бөртэ-Үжингийн хувьд өмнө нь тус тэмцээний "Head-to-head challenge" шалгаруулалтад багаасаа ялагч болж, шилдэг 16-д шалгарсан юм. “Дэлхийн Мисс-2021” тэмцээн АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны цэнгэлдэх хүрээлэнд арванхоёрдугаар сарын 16-нд болно.
Тэрбээр "Эхний шалгаруулалт дээр үзүүлбэрээ үзүүлсний дараа бүх орны мисс болон зохион байгуулагчид босч алга ташсан. Мисс охидын тал нь анх удаа уран нугаралт үзэж байна гэсэн. Тэдний зарим нь өмнө нь уран нугаралт үзэж байсан ч Монголын үндэсний урлаг байсныг одоо л мэдлээ гэж хэлэх үед миний энд ирсэн зорилго биелж байгаа мэт санагдсан" тухай сэтгэгдлээ хуваалцав.