А.Сүхбат аварга бөхийн холбооны хагарлыг дахин сэдрээв

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

А.Сүхбат аварга бөхийн холбооны хагарлыг дахин сэдрээв

А.Сүхбат аварга бөхийн холбооны хагарлыг дахин сэдрээв

Монголын үндэсний бөхийн холбооноос өчигдөр/2021.12.13/ мэдэгдэл гарган дархан аварга А.Сүхбат шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай зарлав. А.Сүхбат аваргын хувьд бөхийн холбооны тэргүүнээр Ц.Магалжавыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан аж.

Дээрх үйл явдалтай холбогдуулан Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ноос дараах мэдэгдлийг гаргажээ.

МҮБХ-ны удирдлага, түүний бүртгэлтэй холбоотой маргаан 2002 оноос эхтэй бөгөөд үүний улмаас уг асуудал хүндрэн 2018 онд "улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, тэргүүн" хоёр талд бий болж, улмаар 2019 онд маргалдагч талууд харилцан буулт хийн эвлэрч, хоёр жил гаруй хугацаанд МҮБХ-ны үйл ажиллагаагаа явуулахад тулгарч байсан хүндрэл арилсан билээ.

Ингээд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурал 2021 оны тавдугаар сарын 15-ны өдөр болж дүрмийн дагуу Ээлжит бус Их Эеийн товыг 2021 оны тавдугаар сарын 29-ний өдөр тогтоож, мөн өдрийн хурлаараа бүх аймгийн төлөөлөл оролцон холбооны дүрмийг шинэчлэн баталж, удирдлагаа сонгон баталгаажуулсан бөгөөд удирдлагын шинэ баг үндэсний бөхийн хөгжил, ирээдүйн төлөө тодорхой зорилго, зорилтууд тавин ажиллаж байна.

Гэтэл дархан аварга А.Сүхбат нь 2021 оны тавдугаар сарын 29-нд хуралдсан Их Эе хуралдааныг хууль бус гэж үзэн, зарим бөхчүүдийн МҮБХ-ны Тэргүүнээр сонгогдох, санал өгөх боломжийг олгоогүй зэрэг үндэслэлээр тус Их Эе хурал болон МҮБХ-ны Тэргүүнээр Ц.Магалжавыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан, үүнд МҮБХ-г гуравдагч этгээдээр татан оролцуулах мэдэгдлийг өнөөдөр хүлээн авлаа.

МҮБХ шударга өрсөлдөөнийг бий болгох, допингийн хор хөнөөлөөс бөхчүүдийг сэргийлэх зорилгоор допингийн зөрчилд хатуу байр суурийг баримталж, үүнтэй холбоотой тодорхой шийдвэрүүдийг гарган ажиллаж байгаа энэ цаг үед холбооны маргааныг дахин үүсгэх нь хэсэг бүлэг хүмүүс өөрт ашигтай байх боломж үүсэх магадлалтай хэмээн үзэж тэд дээрх арга замыг эрэлхийлж байна гэж дүгнэхээс аргагүйд хүрч байна.

Ямарваа шүүхийн маргаан бүрэн шийдэгдэж дуустал багагүй цаг хугацаа шаардлагатай. Өмнө нь буюу 2018-2020 онд өрнөсөн маргааны үеэр дархан аварга А.Сүхбат хүмүүсийг зохион байгуулан Бөхийн Өргөө рүү халдаж, эд хогшил эвдэн сүйтгэж, үүний улмаас Бөхийн өргөө хаагдаж, барилдаан зохион байгуулагдах боломжгүй болж, үр дүнд нь бөхчүүд, бөх сонирхогчид болон мөнгөөр хөлслөгдөн хаалга, цонх эвдсэн залуус шүүхээс ял, шийтгэл аван хохирч байсныг олон нийт мартаагүй байгаа.

Маргааныг аль аль талын хүчин чармайлт, хичээл зүтгэлээр шийдвэрлэсэн боловч дэлхий дахиныг хамарсан цар тахал гарч, бөхийн барилдаан зохион байгуулагдаагүй мөн л удсан ба эцэст нь энэ намраас барилдаануудаа хэвийн явуулж эхэлсэн, цаашдаа аль болох таслахгүй явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа болно.

Иймд бөхчүүд, бөх сонирхогчид өөрсдийн эрх ашиг, монгол бөхийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, зөвхөн явцуу амин хувийн эрх ашгаар нэгдээд байгаа хэсэг бүлэг хүмүүсийн увайгүй явуулга, өдөөн хатгалгад автахгүй байхыг хүсье.

Монголын үндэсний бөхийн холбоо

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж