Сурвалжлага: Хэлбэр хөөсөн туйлширсан хэрэглээ

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хэлбэр хөөсөн туйлширсан хэрэглээ

Сурвалжлага: Хэлбэр хөөсөн туйлширсан хэрэглээ

Электрон тамхины хэрэглээ хэрээс хэтэрч хүүхдүүд дэлгүүрээс чихэр шиг худалдан авах болжээ. 18 нас ч хүрээгүй хүүхдүүд хоорондоо гүзээлзгэнэ, мангоны төрлөөс алийг нь  авч болох тухай ярилцаад л шууд авах. Зам дагуух найман нэрийн дэлгүүрт хэсэг саатахад л  өсвөр үеийнхэн, сурагчдын хэрэглээ Vape болсныг анзаарч болохоор.

Лангуун дээр өрөөстэй олон төрлийн жимсний амт, үнэртэй гэх электрон тамхи нь сүүлийн үед дэлгүүр худалдааны төвүүдийн хамгийн гүйлгээтэй барааны нэг болсон нь энэ. Худалдагчийн тухайд ашгаа л харна. Үнийн хувьд ч хамгийн хямд нь 13 мянган төгрөгөөс эхлэх аж.

Найман нэрийн хүнсний дэлгүүрт нэг удаагийн гэж нэрлэж болохоор 300 соролттой Vape нийтлэг. Энэ нь 13-20 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд дунджаар гурван өдрийн хэрэглээ болдог аж.  Бусад сүлжээ дэлгүүрүүд болох “CU”, “Circle K”, “GS 25” зэрэгт ч бас олон төрлийн жимсний амт, үнэртэй гэгдэх электрон тамхи өнгө алаглана. Мөн л гол худалдан авагчид нь залуусаас илүү хүүхдүүд аж.

Энэ тухай  МУИС дахь “Circle K” сүлжээ дэлгүүрийн салбарын худалдагч “Электрон тамхийг залуусаас илүү 18 нас хүрээгүй хүүхдүүд худалдан авдаг. Тэд Vape-г их сонирхдог, бас байнга хэрэглэдэг нь ч байна. Олон төрлийн жимсний амт, үнэртэй болохоор татагддаг болов уу. Үнийн хувьд соролтоос хамаарч харилцан адилгүй” гэдгийг хэлж байлаа.

Харин оюутан залуусын хөл тасардаггүй МУИС дахь “CU” худалдааны төвийн салбараар орвол электрон тамхи борлуулдаггүй аж. Учир нь  оюутны гудамж гэдэг утгаар нь ийнхүү хоригложээ. Гэхдээ бусад салбарт нь сүлжээ дэлгүүрүүдтэй адил олон төрлийг борлуулдаг. Тус сүлжээ дэлгүүрийн нэг салбараар орвол хамгийн хямд нь 320 соролттой 15 мянган төгрөгөөс эхлэх бөгөөд 2500-5000 хүртэл соролттой нь 30-60 мянган төгрөг. Зарим нь цэнэглэгддэг, хошуу сольдог ч байв. Ийм төрөл нь 60-120 мянган төгрөгийн үнэтэй.

Харин цахим орчинд Vape сонирхогчдын групп, пэйж хуудсаар загварлаг илүү үзэмжтэй харагдах байдлыг нь сонирхогчид олон. Хүний нүдэнд тусахаар, содон загвартай нь  дунджаар 200 мянган төгрөгөөс эхлэх нь бий.

Тамхинаас гарах хүсэлтэй хүмүүст зориулсан гэж анх зах зээлд гарч ирсэн энэ бүтээгдэхүүнтэй холбоотой хууль эрхзүйн зохицуулалт одоогоор манай улсад байхгүй. Иймдээ ч хүүхдүүд хүртэл амт, үнэрт нь хууртаж хэлбэр хөөж, нэгийгээ дуурайн электрон тамхинд хошуурах болсон нь анхаарал татаж буй. Эл асуудлыг цэгцлэх зорилгоор УИХ-ын гишүүд Электрон тамхины хуулийг санаачлаад буй. Уг хуулийн төслийн хүрээнд болох хэлэлцүүлгүүдийн үр дүнд энэ тамхийг утаат тамхитай адилтган онцгой татвартай болгох эсвэл хориглох, зөвхөн насанд хүрэгчдэд зориулж худалдаалах зэрэг зохицуулалтыг хуульд тусгажээ.

РЕСТОРАН, ЛОУНЖИД  ЭЛЕКТРОН ТАМХИ ТАТАХ ЗОХИЦУУЛАЛТ БАЙХГҮЙ

Одоогоор манай улсад электрон тамхи нь хууль эрхзүйн зохицуулалтгүй тул залуус олон нийтийн сүлжээ ресторан, бар, лоунж, зааланд утаа суунаглуулах болсон нь ч нийтлэг. Үйлчилгээний байгууллагуудын зүгээс электрон тамхийг зааланд татахыг хориглодог гэх мэдээллийг өгч байв. Тухайлбал, хотын төвд байрлах Дабль Шот ресторан лоунж нь тамхины VIP өрөөтэй тул электрон тамхи байсан ч зааланд татахыг хориглодог гэх. Гэсэн ч олноороо нэг дор электрон тамхи татаагүй л бол ганц, хоёроор зааланд утаа суунаглуулахад тоодоггүй гэдгийг ч нуусангүй.

Мөн адил МУИС дахь “Tse” паб лоунжид ч бас залуус нэгэн зэрэг электрон тамхи зааланд татахгүй л бол цөөн тохиолдлыг тоодоггүй гэв. Учир нь, олон хүн нэг дор электрон тамхи татах нь утаажилт үүсгэхээс гадна бусад үйлчлүүлэгчдийн бухимдлыг бардаг болохыг зохион байгуулагч нь хэлж байв.

Дээр нь олон төрлийн үнэртэй утаа нь ажилтнуудад ч бас толгой өвдөх, дотор муухайрах зэрэг сөрөг нөлөөтэй, ажиллахад хүнд байдгийг ч үйлчилгээний ажилтнууд нь хэлж байсан юм.

Тэдний хэлж буйгаар ихэвчлэн 30 хүртэл насны залуус электрон тамхийг нийтлэг хэрэглэдэг бол 30-аас дээш насныхан VIP-д тамхилах нь нийтлэг аж.

Хэдийгээр үйлчилгээний ажилтнууд ийнхүү ярьж байгаа ч үйлчлүүлэгчдийн хувьд зааланд электрон тамхи олуулаа татаж суухад ямар нэгэн шаардлага тавьдаггүй болохыг ч хэлдэг. Энэ тухай иргэн Б.Анхаа /нэрийг өөрчлөв/ “Найзуудтайгаа ресторан лоунжид электрон тамхи татаад суухад үйлчилгээний ажилтнууд ямар нэгэн шаардлага тавьдаггүй. Харин ч хэрэглэхэд цэвэрхэн байдаг. Тамхи татахын тулд заавал VIP орох шаардлагагүй. Тухайн үед тамхи татах сонирхлоо дарчихна” гэж байв. Түүний хувьд сүүлийн хоёр жил тамхи татаж байгаа ба электрон тамхийг хэрэглээд жил болж байгаа аж. Хэдийгээр өндөр зардалтай ч ашиглахад цэвэрхэн учраас электрон тамхийг сонгох болсон гэнэ. Түүнтэй адил бусад хүмүүс ч олон шалтгаантай.

Гэхдээ хүмүүсийн дунд  борооны дараах мөөг шиг дэлгэрсэн электрон тамхи нь хортой юу аль эсвэл утаат тамхинаас бага хортой юу гэх эргэлзээ ч бий. Хүүхэд залуусын хувьд сонирхож аль эсвэл үнэр амт, хэлбэрт нь хууртаж байхад тамхи татдаг хүмүүсийн хувьд өөр зорилготой. Аль болох тамхинаас гарах, тамхины хэрэглээгээ бууруулахаар электрон тамхийг сонгох нь бий.

Гэсэн ч электрон тамхи татлаа гээд тамхинаас гардаггүй, хэрэглээний зардал илүү өсдөг болохыг Vape сонирхогч, хэрэглэгчдийн зарим төлөөлөл хэлж байв. Тухайлбал, нэг хайрцаг тамхи 5000 төгрөг бол Vape хямд нь л 13000 төгрөг. Хайрцаг тамхи дунджаар хоёр хоногийн хэрэглээ бол хямд Vape гурав хоногийн хэрэглээтэй аж. Дээр нь электрон тамхи татсан ч тамхинаас гардаггүй болохыг тамхи татдаг хүмүүс ярих нь нийтлэг. Харин  тамхины цэг дээр тамхи татаж буй залуусын хувьд электрон тамхийг дэмждэггүй, эрүүл мэндэд хортой гэж үзэх нь нийтлэг байлаа. Учир нь утаат тамхинаас илүү уушгинд хортой төдийгүй утаат тамхийг орлож чадахгүй гэж үздэгтэй холбоотой аж. Гэхдээ тамхи л бол тамхи гэх нь нийтлэг.

ЭЛЕКТРОН ТАМХИ ХОРТ ЗУРШЛААС САЛГАХГҮЙ

Ажлынхаа завсраар гадаа  тамхи татаж зогсох хоёр эмэгтэйн нэг нь “Утаат тамхи бол электроноос зардал багатай. Дунджаар өдөртөө гурван ширхэгийг л татна. Гэтэл электрон бол хүссэн үедээ сорохоор эрүүл мэндэд ч хортой. Миний л хувьд электрон тамхи татъя гэж боддоггүй, тамхинаас ч гаргахгүй. Харин ч тамхинаас гарна гэж электрон тамхи татсан найзууд маань бүгд л адилхан толгой, уушги, цээж нь өвддөг болж, хэрэглэхээ больсон. Гэтэл би тамхи татдаг ч надад ийм зовиур шинж тэмдэг байдаггүй” гэж байлаа.

Харин электрон тамхины хэрэглэдэг 20 гаруй насны охин О.Заяа /нэрийг өөрчлөв/ “Тамхинаас гарах бодолтой электрон тамхи татаж эхэлсэн ч донтдог юм билээ. Гэхдээ өдөрт хэр их сорох вэ, хэрэглээгээ хэрхэн зохицуулах вэ гэдэг нь хувь хүнээс л хамаарна. Мэдээж хэтрүүлбэл бусдын хэлдгээр эрүүл мэндэд хортой байх. Миний хувьд электрон тамхи хэрэглээд нэг жил болж байна. Надад мэдрэгдсэн эрүүл мэнд хортой нөлөө байхгүй. Хэрэглээний зардлын хувьд хайрцагтай тамхинаас илүү өндөр ч хэрэглэхэд цэвэрхэн, хувцаст үнэр шингэдэггүй” гэж байв.

ЭЛЕКТРОН ТАМХИ УУШГИ, ТАРХИНД ХОРТОЙ

Манай улсын хувьд насанд хүрэгчдийн 1.1 хувь, 13-15 насны сурагчдын 3.5 хувь нь электрон тамхи хэрэглэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Электрон тамхины хор нөлөөний талаар  НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэг “Электрон тамхи нь утаат тамхийг бодвол олон төрлийн үнэр, амт оруулагч, тогтворжуулагч найрлагадаа агуулдгаараа өөр бөгөөд хүнд металлууд болон никотин буюу донтуулагч бодис агуулдгаараа адил. Хэрэглээ талаасаа янжуур тамхинаас ялгаатай нь хүний биед ууршиж ордог.

Ингэснээрээ юун түрүүнд уушгийг гэмтээж, дараагаар нь тархины хөгжлийг удаашруулан, хавдар үүсгэдэг. Тэр тусмаа дам тамхидалтад өртөж буй хөндлөнгийн хүмүүст илүү аюултай.

2021 онд тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Үүнд бид электрон тамхийг хуульчлах санал оруулсан. Электрон тамхины гол золиос нь үргэлж юмыг шинээр эрэлхийлж байдаг залуучууд байна. Электрон тамхины хэрэглээ өсөөд байгаа нь уламжлалт янжуур тамхины хэрэглээ дэлхий даяар буурч байна. Гэтэл үүнийгээ хэлбэр, дүрсийг нь өөрчлөөд нэг бол тамхинаас гаргадаг гэж, үгүй бол хоргүй гэж худал сурталчилгаа хийж байна. Үүнийг нь сонссон хүүхэд, залуус хоргүй мэт ойлгож хэрэглээд байгаа юм” гэв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
11
ХарамсалтайХарамсалтай
11
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж