Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон, согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Энэ долоо хоногийн "Хууль төрөхийн өмнө" буландаа Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг танилцуулж байна.
Монгол Улсад архины хэрэглээ хяналтаас гарсныг хүн бүр мэднэ. Архинаас үүдэлтэй хүчирхийлэл, гэр бүл салалт, гэмт хэрэг зэрэг архины хор уршгийг тоочоод дуусашгүй. Тэгвэл хууль санаачлагчид Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ярьж байна. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан.
Манай улсад спиртийн зургаа, архины 26, шар айрагны 12, нийтдээ архи, согтууруулах ундааны 44 үйлдвэр байгаа бөгөөд энэ нь 2012 онд 75 байсантай харьцуулахад үйлдвэрийн тооны хувьд буурсан үзүүлэлт. Энэ хуулийн гол зорилго нь хэрэглээнд хяналт тавихаас илүүтэй соён гэгээрүүлэх тал дээр түлхүү анхаарах хэрэгтэйг онцолж байна.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр нэг хүнд ногдох архи, дарсны хэмжээ 2011 онд 10.6 литр, 2015 онд 7.2 литр байсан бол 2019 онд 8.5 литр, шар айрагны хэмжээ 2011 онд 28.1 литр, 2015 онд 25.3 литр байсан. Харин 2019 онд энэ хэмжээ нэг хүнд 28.8 литр болж манай улс нэг хүнд ногдох архины хэрэглээ Ази тивд дөрөвдүгээрт бичигджээ. Дээрх тооноос харахад үйлдвэрийн тоо буурсан ч архи, согтууруулах ундааны хэрэглээ төдийлөн буураагүй байна. Жишээ татвал, манай улсын хувьд 1984-1992 оны судалгаатай харьцуулбал стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин нэмэгдсэн. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны “Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа”-нд сэтгэл түгшилт, нойргүйдэл, архаг ядаргаа, биеийн хэлбэрийн эмгэг, архинд донтох эмгэг, сэтгэл гутрал хэмээн эрэмбэлэгдсэн байна.
Архинд донтох эмгэгээр эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс 13 дахин их, гэр бүл салсан байх нь гэр бүлтэй хүнээсээ гурав дахин их өртдөг гэжээ.
Хуулийн төсөлд тусгаснаар:
- Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр олон нийтийг архидан согтуурахад хүргэж байгаа орчин,
- Нөхцөл, боломжийг багасгах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх,
- Архи, согтууруулах ундаатай холбоотой хууль, тогтоомжид дурдагддаг ч тайлбарлагдаагүй нэр томъёог тодорхойлох,
- Согтууруулах ундааны хэрэглээний соёлыг төлөвшүүлэх, согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаанд тавигдах шаардлага, хяналтыг сайжруулах,
- Хүнсний аюулгүй байдлыг хангуулах, согтууруулах ундааны худалдаа,
- Үйлчилгээ эрхлэгчдэд үүрэг, шаардлагыг нэмэгдүүлэх, согтууруулах ундааны худалдаа,
- Үйлчилгээний нэгжийн нормативыг тогтоох зэрэг зохицуулалтыг оруулахаар төсөл санаачлан боловсруулах
- Баар, ресторан нь 38 градусаас дээш архи, вискиг үйлчлүүлэгчдээ граммлаж зарах,
- Спиртээс бусад болон 18-37 градусын архи, согтууруулах ундааны литр тутамд 200-300 төгрөгийг архинд донтох өвчинтэй тэмцэх, эмчлэх Засгийн газрын санд оруулна.
Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдэгчлэн хуулийн байгууллагын хоногийн мэдээлэлд архидан согтуурснаас үүдсэн осол, аваар, хэрэг зөрчил байнга бүртгэгддэг. Төр засаг архидан согтуурахтай тэмцэхдээ согтууруулах ундааны градуссыг багасгах, граммаар худалдаалахад хязгаарлалт тогтоох бус худалдаалах цэгүүдийг тусгайлан зааж өгөх хэрэгтэй гэдэгтэй санал нэгдэх хүмүүс олон байна. Ямартай ч шинэ хууль батлагдан гарч үр дүнгээ өгөх эсэх нь хэрэгжилтээсээ хамаарна.
Холбоотой мэдээ