Байр суурь: Риогоос ирсэн захидал хөрөнгө оруулалт татах бас түлхэх эрсдэлтэй

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

Байр суурь: Риогоос ирсэн захидал хөрөнгө оруулалт татах бас түлхэх эрсдэлтэй

Монгол Улсын Засгийн газраас өчигдөр /2021.12.13/ “Рио Тинто” болон “Туркойз хилл” компанийн гүйцэтгэх удирдлагаас ирүүлсэн захидлыг танилцуулсан. Тус захидалд Оюутолгойн үр өгөөжийг ард түмний эрх ашигт нийцүүлэх, 34 хувьд ногдох өрийг тэглэх, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах, “Эрдэнэс Оюутолгой” хувьцаат компанийн үр өгөөжийг эмэгдүүлэх,  цаашид нээлттэй ил тод болгох саналыг хэлэлцэж, ТУЗ-д танилцуулсны үндсэн дээр хэд хэдэн арга хэмжээг авахаар болсон билээ. Тэгвэл энэ талаар эдийн засагчид ямар байр суурьтай байгааг сонирхлоо.


МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСЭЭР ГОЛ АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭХ БОЛОМЖ ГАРГАЖ ӨГСӨН НЬ САЙШААЛТАЙ

Эдийн засагч Б.ДӨЛГӨӨН:

-"Эрдэнэс Оюутолгой" хувьцаат компанийн талд үүссэн өмнөх өрийг тэглэх шийдвэрийг гаргалаа. Энэ шийдвэрийг эдийн засагчийн хувьд гэлтгүй, иргэний хувьд ч үр дүнг нь бодвол та бид бүгдээрээ, цаашлаад бидний үр хүүхдүүд хожно гэдэг нь тодорхой. Харин болж өнгөрсөн үйл явдлаас хэд хэдэн зүйлийг харж болохоор байна. Нэгдүгээрт, аливаа асуудлыг шийдэхэд тодорхой цаг хугацаа ордог. Уг шийдвэрийг гаргахдаа хоёр тал нэг өдөр хуралдаад л үр дүнд хүрээгүй. Тухайн үед бараг л бүх хөрөнгө оруулагчдаа хөөж байгаа мэтээр аяглаж хандаж байсан зарим хүн  бий. Энэ үед одоогийн Ерөнхий Сайд улс төрийн зориг гаргаж, мэргэжлийн хүмүүсээр гол ажлыг нь хийлгэх боломж гаргаж өгсөн гэж харж байна. Хоёрдугаарт, Монгол Улсын төр чадавхтай болох тусам Монгол Улсын эрх ашгийг тэр хэмжээгээр хамгаалж чадна. Чадавхийн асуудал бол төр томрох, эрх мэдлээ нэмэх эсвэл цомхтгох талын асуудал биш шүү.

Энэ бол Монголын төр чадвартай залуучуудаа эгнээндээ татан, мэргэжлийнх нь мэдлэг чадварыг шахан ашиглаж, тэдний суу заль, оюун билэгт үндэслэн дараагийн үедээ илүү гэгээлэг нийгмийг өвлүүлэх асуудал юм.

Харин энэхүү шийдвэрүүдтэй холбоотойгоор Монгол Улсын талд үүсэх эерэг болоод сөрөг үр дагаврын хувьд авч үзвэл улсын гадаад өр энэ хэмжээгээр буурч байгаа. Дараагийн зүйл бол бидний өмнө тулгамдаад байгаа асуудлаа шийдэхэд санхүүжилт зайлшгүй хэрэг болдог. Энэ шийдвэрийн үр дүнд ногдол ашгаа арай эртхэн олж аваад нийгэмдээ тулгарч буй асуудлыг шийдэхэд зарцуулж чадвал ганц эдийн засгийн өсөлт нэмэгдээд зогсохгүй, мөн нийгмийн хөгжил илүү хурдтай урагшлана. Гуравдугаарт, энэ мэдээ гарсны дараа хараад, хүлээгээд сууж байсан гадны хөрөнгө оруулагчид орж ирснээр эдийн засгийн эрчимжилт нэмэгдэнэ гэж найдаж байна.

ТОГЛООМЫН ДҮРМЭЭ ТОГТООД ЭРГЭЖ БУЦАЖ БАЙГАА МЭТ ОЙЛГОЛТ ТӨРӨХ ВИЙ!

Эдийн засагч С.БЯМБАХОРЛОО:

-"Оюутолгой" төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэсэн. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн 34 хувь эзэмшлийн үнэ цэнэ нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлаж байгаа гэж мэдээлж байна. Энэ мэдэгдлийн дагуу олон хүн өргүй боллоо гэх сэтгэгдлүүд гарч байна. Гэхдээ анхнаасаа тус гэрээг байгуулах шаардлагатай байсан уу, үгүй юу гэдгийг бодох хэрэгтэй. Анх гэрээ хийсэн төлөөллүүд эрх баригчид л байсан. Тухайн үед шийдэл гаргачхаад хэзээ хойно нь гавьяа байгуулсан мэт дүр үзүүлж байгаа харагдаж байна. Хэнээс болж үүссэн өр төлбөр билээ. Ард түмэн өр тавиад түүнийг нь өнөөдрийн эрх баригчид дарж буй мэтээр ойлголтыг өгч байна. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалт болоод олон улсын нэр хүндийн хувьд тоглоомын дүрмээ тохироод гэрээ байгуулчхаад гэнэт буцаж байгаа мэт харагдах сул талтай. Ингэснээр монголчууд эргэж буцдаг гэж гадныхан бодох, үүнээс болж дараа, дараагийн хөрөнгө оруулалт буцах сөрөг талууд бий. Түүнээс олон нийтэд зориулсан мэтээр гарч ирээд л сүр дуулиантай мэдэгдэл хийж байгаа нь надад бол таалагдаагүй.

 

 

Үүсэхээргүй өр төлбөрийг үүсгэж, түүнийгээ дарж байгаагаар реклам хийж байгаа нь буруу. Нөгөө талдаа нэгэнт хийсэн гэрээний заалтаа хүчингүй болгож попорч байгаа нь ч сөрөг үр дагавартай.

“Оюутолгой” төсөл ашигтай ажиллаж байж 34 хувиасаа ашиг хүртэнэ. Татвараа авна шүү дээ. Гэтэл тус төсөл хэрэгжсэнээр нэг ч удаа ашигтай ажиллаагүй. Уул уурхайн баялгийг ухаж аваад л ашиггүй ажиллаад байвал Монгол Улсад ямар ч хүртээлгүй болж буй хэрэг. Тиймээс баялаг ухаад гаргаж л байгаа бол тодорхой татвар, авлагаа аваад л явах нь зүйтэй гэж бодож байна.

НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН АМЬДРАЛД ЭЕРЭГ ҮР ДАГАВАР ГАРНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА

Эдийн засагч Ж.ДЭЛГЭРСАЙХАН:

-Миний хувьд энэ тал дээр эерэг байр суурьтай байна. "Оюутолгой" төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг бүрэн тэглэснээр ногдол ашиг авах боломж нэмэгдэж байгаа. Мөн "Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г цуцлаж дуусгавар болгож байгаа нь ч эерэг талтай. "Оюутолгой" ХХК-ийн засаглалыг сайжруулах байдлаар гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авч холбогдох зардлыг харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу "Оюутолгой" ХХК төлөх, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах гэсэн үндсэн саналуудаас харвал үр дүнтэй шийдвэр гаргаж чадлаа гэж бодож байна. Ингэснээр нийгэм, эдийн засгийн амьдралд олон эерэг үр дагаврууд гарах боломжтой боллоо.

 

 

ОЮУТОЛГОЙН БҮЛЭГ ОРДЫГ ЦААШИД ЯМАР ЗАМААР, ХЭРХЭН АШИГЛАХ НЬ МАШ ИХ БҮРХЭГ БАЙНА

Монгол Улсын Гавьяат эдийн засагч, геологи, уул уурхайн эдийн засагч Т.БАЛЖИННЯМ:

-“Рио Тинто” Оюутолгой төслийн маргаантай асуудлаар өөртөө бас ч гэж дүгнэлт хийж, Монгол Улсын Их хурал, Засгийн газарт зарим нааштай алхам хийсэн байна. Захидлын 3, 4, 5-р зүйлүүдийн талаар нарийвчилсан тооцоо судалгаа хийж, бодитой үндэслэл бүхий дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай юм. Оюутолгой төслийн маргаан дагуулж буй хамгийн амин чухал асуудал бол төслийн хөрөнгө оруулалтын хэтрэлт гэгч үнэн худал нь үлмэдэгдэх 15.0 тэрбум ам.доллар (цаашид ч ямар нэгэн хэлбэр, арга замаар зогсолтгүй нэмэгдэх магадлалтай) мөн. Энэ талаар Рио Тинто Засгийн газарт 7.36 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Оюутолгой төсөлд оруулсан гэсэн саналыг  тавьжээ гэж ойлгогдож байна.

Хөрөнгө оруулалтын тооцооны бүдүүвчийг хамгийн энгийн байдлаар товч авч үзвэл:

  • а. 2021 оны эцсийн байдлаарх нийт Хөрөнгө оруулалт $15.0 тэрбум;
  • б. Дубайн гэрээгээр “Рио Тинто”-гийн дансанд 2015 онд шилжүүлсэн мөнгөн хөрөнгө $5.34 тэрбум;
  • в. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын нэрийн өмнөөс “Рио Тинто”, “Туркойс Хилл” компани хүү өндөртэй, хүнд нөхцөлтэй, богино хугацаатай зээл Оюутолгой төсөлд оруулсан гэх хөрөнгө оруулалт $2.3 тэрбум;
  • г. Одоо “Рио Тинто” Засгийн газартай Оюутолгой төслийн нийт хөрөнгө оруулалтыг $7.36 тэрбум ($15-$5.34-$2.3)-аар тохиролцох нь гэж харагдаж байна.

Энэ зөв үү. Монгол Улсын үндэсний язгуур эрх ашиг, ард түмний санаа сэтгэлд нийцэж байна уу гэдэгт ул үндэстэй зөв хариу өгч, шийдвэр гаргахад Засгийн газрын эрхэм үүрэг болж байх шиг. Үүнээс гадна Хөрөнгө оруулалтын болон  Хувь нийлүүлэгчдийн гэрээний Монголын талд нэн хор  хохиролтой, Хөрөнгө оруулагч болон Оюутолгой төсөл хэрэгжүүлэгч “Рио Тинто”-гийн эрх ашиг давамгайлсан, тэдэнд их олз ашиг, өгөөжтэй заалтуудыг яах эсэх нь тодорхойгүй хоцрохгүй байх гэж бодож байна. Цаашид Оюутолгойн бүлэг ордуудыг ямар замаар хэрхэн ашиглах нь маш их бүрхэг бүдэг байгааг зайлшгүй нягтлах ёстой санагдана. Уг нь Хөрөнгө оруулагч болон Оюутолгой төсөл хэрэгжүүлэгч “Рио Тинто” анх ХөОГ, ХНГ-г Засгийн газартай байгуулж, тохирохдоо Оюутолгой ордыг эхний ээлжинд 65 жил, үргэлжлүүлээд 100 шахам жил хамтарч ашиглана гэснийг ч яах гэж байгаа нь мөн тодорхойгүй. Тэдний өнөөгийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг ажиглаваас ордын зэс, алтны өндөр агуулгатай хэсгийг сорьчлон ашиглаж буй, ашиглахаар зэхэж байгаа юм шиг ойлгогддог.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж