Машины ченж, газрын наймаачдаас татвар авъя!

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

Машины ченж, газрын наймаачдаас татвар авъя!

Машины ченж, газрын наймаачдаас татвар авъя!

Монголд огт татвар төлдөггүй ч төрийн үйлчилгээ, нийгмийн халамжийг бусдын адил хүртдэг хэсэг бүлэг хүмүүс бий. Тэд бол төрөл бүрийн наймаачид, уяачид.  Эдний гар дээр асар их мөнгө эргэлддэг учраас далд эдийн засаг гэж хэлчихэд бараг буруудахгүй биз. Учир нь тэд төрд сохор зоос ч төлдөггүй ч төрөөс олгож буй тэтгэвэр тэтгэмж, халамж үйлчилгээ бүхнийг эдэлдэг. Зарим нь  олсон жаахан цалин орлогоосоо татвараа төлөөд явж байхад зарим нь хэдэн арав, хэдэн зуун саяын орлогоосоо татвар төлдөггүй нь өнөөгийн татварын системийн алдаа буюу илүү хөдөлмөрлөснийг нь мөлжиж байна. Удахгүй энэ байдлаараа дундаж давхаргаа ядуусын эгнээ рүү чирэх биз.

Эдийн засагт хийх татварын реформоор яригдах нэг асуудал нь шударгаар татвараа төлж явааг нь мөлжөөд огт татвар төлдөггүй, далд эдийн засгийг хөгжүүлэгчид ээ ил цагаан дэмжсээр байх уу гэх асуулт юм. 

Азийн хөгжлийн банкны шинжээчдийн тодорхойлсноор, өнгөрсөн онд цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засаг шилжилтийн үеэс хойших хамгийн том хүндрэлтэй нүүр тулж, 2009 оны хямралаас хойш анх удаа огцом агшив. Монголчуудын сэтгэлийг өнөөдөр ажилгүйдэлд нэрвэгдэж, ажлын байраа алдах вий гэсэн айдас түгшээж буй. 

 “Дарин дээр давс нэмэв” гэгчээр хэзээ ч цомхотголд орж, ажлаасаа халагдаж мэдэх эрсдэлд буй монголчуудад нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлсэн төр засгийн хоржоонтой шийдвэр хүнд цохилт болж байна.  Өнөөдрийн байдлаар  ажилтан нийгмийн даатгалын шимтгэлд цалингаасаа 11.5 хувийг, ажил олгогч 12.5 хувь буюу нийт 24 хувийг төлж байна. Компаниуд цалингаа нэмэх тусам, ажилтны хувьд ахиу цалин, орлого олохын хэрээр зардал нь дагаж нэмэгдэнэ гэсэн үг. Эдийн засгийн хямралын энэ үед цалингаа тавьж чадахгүйд хүрсэн аж ахуй нэгжүүдэд шимтгэлийн өсөлт үнэхээр том цохилт болж байна. Нэмсэн татвар нь “Богд Зонхова” төсөл шиг тендерийн цавчаа, авлигачийн халаасанд орохгүй гэж хэн батлах юм. Шатахууны үнийг чөлөөлсөн.  Ам.долларын ханшийг энэ янзаараа угаасаа барьж гүйцэхгүй.  Ерөнхийдөө эрх баригчдын явуулж байгаа бодлого дундаж давхаргыг “устгах” болчихжээ. 

ХУРДАН МОРИНЫ НАЙМААНААС ТАТВАР АВДАГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор, профессор  Ч.ХашчулуунТатвар төлдөггүй хэсэг  бүлэг Монголд бий. Нэгдүгээрт, бүх төрлийн наймаачид. Өмнө нь бараагаа гахайгаар зөөдөг байсан л байх. Одоо бол асар их бүртгэлгүй, татвар төлдөггүй мөнгө тэнд эргэлдэж байна. Том, том лангуу захууд байна. Хурдан морины наймаа байна. Ямар ч татваргүй. Асар том мөнгөн дүнтэй, энэ наймаанаас  татвар авдаг болох хэрэгтэй.

Хоёрдугаарт. Газрын наймаа. Газрын наймаанаас нэг мөнгө татварт орж ирэхгүй байна. Газар эргэлтэд ороод 16 жил болж байна. Гэтэл газрын үнэлгээ нь огт өөрчлөгдөөгүй. 1997 оны үнэлгээгээр газрыг үнэлэх ёсгүй л дээ. Газрыг ямар ч үнэгүй шахам аваад дараагийн хүндээ өндөр үнэтэй зардаг. Гэтэл тэндээс улс татвар авч байгаа юм харагдахгүй байгаа. Татвар авъя гэсэн хүсэл зориг ч дутмаг байна. Зарчмын хувьд наймаачид татвар төлдөг л байх хэрэгтэй. Жирийн татвар төлөгчдийн хувьд харахад татварын бодлого шударга байна уу гэхээр үгүй болчхож байгаа юм. Үүнийг аль нэг нам, улстөрч бие даагаад хийхээр асар том эсэргүүцэлтэй тулгарах байх.  Гэхдээ, бид зориглоод орлого сайтай энэ бүлгүүдээс татвар авахгүй бол эдийн засаг дахь хуримтлагдсан шокноосоо гарч чадахгүй гэсэн үг" гэлээ. 

МАЛЧИД ТАТВАР ТӨЛЖ ЭХЛЭВ

Орчин цагийн залуу малчид мянгат болохын "өвчин тусч" малынхаа чанарт нь бус тоонд нь анхаардаг болсныг статистикийн хорооноос гаргасан мэдээлэл ч батална. Мал малчны мэдэлд шилжсэнээс хойш тасралтгүй өсч  80 гаруй сая толгойд хүрээд байна.

Олон жил яригдсан малын хөлийн татварын хууль өнгөрсөн долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дагуу  малчид албан татвар төлөгчид болсон.  Тэгвэл арванхоёрдугаар сарын 1-ий байдлаар Монгол Улсын хэмжээнд малын хөлийн татварт 6.2 тэрбум төгрөг төвлөрчээ.

Энэ мөнгийг орон нутгууд захиран зарцуулах эрхтэй. Тодруулбал, бэлчээрийн менежмент, худаг ус гаргах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, байгалийн гамшиг тохиолдсон үед энэхүү төсвийг тухайн орон нутаг нь зарцуулахаар хуульд тусгасан. Аймаг, орон нутаг бүр малын хөлийн татварыг өөр, өөр үнийн дүнтэйгээр тогтоодог аж.  Улсын дунджаар нэг ямаанаас 1000 төгрөг, тэмээнээс 150 төгрөг , адуунаас 800 төгрөг , үхэрээс 500 төгрөг , хониноос 900 төгрөг авч байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж