М.Энхболд явж, Н.Энхбаяр ирэв

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

М.Энхболд явж, Н.Энхбаяр ирэв

М.Энхболд явж, Н.Энхбаяр ирэв

100 жилийн түүхтэй МАН 30 дугаар Их хурлаа хийснээр намын удирдлагын бүтцэд өөрчлөлт оруулав. Ингэхдээ МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдээ шинэчлэхдээ Н.Энхбаярыг дагаж ирсэн хүмүүсийг багтаав. Тухайлбал, Бага хурлын гишүүдийн тоогоо Н.Энхбаярын хүмүүсээс болж, 100-аар нэмсэн бол Удирдах зөвлөлөөсөө М.Энхболд болон С.Батболд нарыг хасав. Эсрэгээрээ Н.Энхбаярыг дагаж ирсэн Б.Тулга, Э.Батшугар, н.Уламбаяр тэргүүтнүүд Удирдах зөвлөлд орж ирэв.

Намынхаа 100 жилийн босгон дээр болж байгаа их хуралдаа тавьсан намын даргын улстөрийн илтгэл нь  авлига албан тушаалын хэрэгтнүүдэд ахиад энэ нам итгэл үзүүлж улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй. Энэ бол онцлох үг онцлох ишлэл. Хамгийн ойрхны жишээг ч сануулахаа ардын намын дарга мартсангүй. Тэрбум төгрөгийн авлига аваад дөчин сая төгрөгөөр торгуульдаг жишгийг Л.Оюун-Эрдэнэ дарга халах нь ээ.

Намын нэр хүндээр дарга болоод авлига авдаг Хаянхярваатангуудад хандсан үг гэж ойлгогдох ч үнэндээ бол өмнө нь тус намыг толгойлж байсан М. Энхболд болон Сү. Батболд нарт өгсөн эхний сануулга.

Намынхаа дотор жигүүр фракц ургуулах магадтай хүмүүсийг удирдах зөвлөлөөсөө зайлуулсан нь Л.Оюун-Эрдэнэ болоод С.Амарбаясгалан хоёрын хоршлын дараагийн алхам. Гэхдээ нэг сонирхолтой гэмээр чимээгүй хувьсгал энэ үеэр өрнөсөн. Монгол ардын хувьсгалт нам гэдэг нэршилтэй байхад нь хаан мэт залагдаж явсан Намбарын Энхбаярын талынхан удирдах зөвлөлд тооноор нь шидэгдээд ороод ирлээ.

Өнгөрөгч гучин жилийн бараг хориод жилд нь улстөрийн гол дүр байсан, улстөрийн сайн болоод саар хорыг нь хутгалцаж бас хутгаж явсан Н. Энхбаяр удирдах зөвлөлд хүмүүсээ шургуулчихаад зүгээр суухгүй.

Л.Оюун-Эрдэнэ, С.Амарбаясгалан нарын хоршил яваад байгаа мэт боловч цаад агуулгаараа У. Хүрэлсүх болон Н.Энхбаяр нар удирдах зөвлөлийг эмхлэх ажлыг гүйцэтгэчих шиг боллоо гэсэн хардлага байгаа юм. Хувьсгалт нам гэсэн үгийг нь хулгайлаад бүхэл бүтэн нам байгуулж Монгол ардын намдаа гай болж байсан Н. Энхбаяр энэ удаа харин гавьяа байгуулсан эрхмийн дүрээр эргэн ирлээ.

Н.Энхбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хаанаар өргөмжилж хүссэн суудалд нь хүргэсэн гавьяаг өөр дээрээ нааж Ардын нам дотор ахиад л хутгуур хийгээд үймүүлээд эхэллээ. Харин энэ бүх үйлдлийг нь экс дарга нар болох Сү.Батболд, М. Энхболд нар зүгээр хараад сууна гэдэг юу л бол.

Ардчилсан нам шиг алалцаад байдаггүй ч ардын нам дотоодын тэмцлээ ширүүхэн авч бас өгөлцдөг гэдгийг өнгөрсөн түүхийн жишээнүүд гэрчилнэ.

Нэгэн цагт улс төр, тэр дундаа МАН-ын даргын албан хашиж, төрийн гурван өндөр албан тушаалыг ээлжилж хашиж, ээлж дарааллан намаа удирдаж явсан М.Энхболд, Н.Энхбаяр нарын байр солигдов, эрх баригч нам дотор. Цагтаа мандаж явсан Н.Энхбаяр намаасаа өрх тусгаарлаж, МАХН нэрээ сэргээн ганцаараа удаан хугацаанд даргалж явсан. Гэвч түүний МАХН нэрээр хийсэн олон улс төр үр дүнгээ өгөөгүй учир тэрбээр МАН-даа эргэн хадаг барьсан юм. Нэгэн цагт хаан шиг мандаж явсан Н.Энхбаяр МАХН-ын дарга болоод улс төрийн карьераас илүү хувь хүний эрх ашгийн төлөө улс төрийн жижиг тоглогч болсон. Түүний жижиг улс төрийн үзэгдлийн төгсгөл нь гунигтай ч тэр өөрийн хүүгээ өнөөдөр УИХ-ын гишүүний сэнтийд суулгаж чадлаа. Өөрийн хүүгийн улс төрийн карьерыг эхлүүлэх, өөрөө арын тоглогч байхын тулд тэр МАХН-ын 50 мянган гишүүний хамт МАН-тай нэгдсэн юм. Одоо Н.Энхбаяр намын дарга биш, улс төрийн тоглогч бус МАН-ын жирийн нэг гишүүн болов. Гэхдээ тэр МАН-д хадаг барихдаа хүүгээ УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн болгов.

Н.Энхбаярыг мандаж явахад түүнтэй шадарлан МАН-д, улс төрд эрх мэдлээ олж авсан хүн бол М.Энхболд.

УИХ-ын дарга, намын даргын хувиар тэр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, өвдөг шороодсон ч УИХ-ын даргын суудалдаа дахин ирсэн. Гэвч одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН, АН-аас урвагсдын баг М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах акц зохион байгуулж, түүнийг л унагавал Монгол сайхан болно хэмээн Сүхбаатарын талбайг хэдэн өдөр гороолж байв. Чухам тэр цагаас эхлэн МАН-д М.Энхболд ба түүний нөхөд гэсэн “дайсан”-тай болсон юм. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн толгойлсон намын залуус нь М.Энхболдыг унагаж, түүний багийг ч өнөөдөр улс төрөөс хөндийрүүлж чадлаа. Харин одоо МАН-д М.Энхболд хэрэггүй болж, Удирдах зөвлөлөөс хасч, түүний ойр гэсэн хүмүүсийг намнаж дуусгаж байгаа нь ч нууц биш.

Н.Энхбаярыг нам доторх хаан шиг эрх мэдэлтэй байж байгаад Ерөнхийлөгч болоход нь нам дахь улс төрийн халааг нь М.Энхболд авч байсан бол М.Энхболдын халааг У.Хүрэлсүх, түүний халааг Л.Оюун-Эрдэнэ авч, намын тамгаа гартаа авлаа.

У.Хүрэлсүхийн, Л.Оюун-Эрдэнийн хэн хэнийх нь хүсэл гэхээс илүү улс төрийн намын дарга нарын туулдаг зовлон энэ. Гэхдээ намаа орхиж яваад зөвхөн өөрийн эрх мэдлийнхээ төлөө 50 мянган гишүүнээ “худалдчихдаг” намын дарга Н.Энхбаяраас өөр гарч ирээгүй байна, МАН-д.

Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаг гэдэг шиг МАН-ын дарга бүрийн эрх мэдэлд хүрэх шат нь өмнөх дарга, түүнийг дагасан улс төрийн бүлэглэлийг нухчин дарах. Явсан, ирсэн хоёр ЭНХ хоёулаа өнөөдөр МАН-д гол тоглогч биш, тэд зүгээр л МАН-ын экс дарга нар, жирийн гишүүд шиг харагдаж болох.

М.Энхболдыг намын дарга болоод өгөөч гэж хадаг барьж байсан нь ердөө найман жилийн өмнө. Шат шатны сонгуульд ялагдаад шархадсан бүргэд шиг болчихсон Монгол ардын намыг сэхээнээс нь гаргаад 65-ын гишүүнтэй болж үнэмлэхүй ялуулсан М.Энхболд 60 тэрбумын зохион байгуулагч гэж намынхандаа гадуурхагдсан. Офшор данстай Оюутолгойг монголд ашиггүй болгосон Сү.Батболд болоод түүнийг тойрон хүрээлэгчид ч айдастай явна.

М.Энхболд болоод Сү.Батболд нарын айдас засгийн газрыг унагах хэмжээнд ч хүргэх магадтай.

Хэний эрх ашиг хөндөгдөнө тэр хөдөлдөг улс төр сүүлийн гучин жил ноёлсон. Эрх ашгийг нь хөндсөн залуус хүчтэй юу эсвэл эрх ашгаа хөндүүлсэн эрхмүүд нь хүчтэй юу гэсэн цусгүй тулаан хэнийх нь ялалтаар өндөрлөхийг хэлэхэд эрт байна. Ийм нэгэн тулааныг Л. Оюун-Эрдэнэ эхлүүллээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж