Бөртэ Чоно: М.Уранцэцэг 2021 оны Монголын шилдэг тамирчнаар тодров

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

Бөртэ Чоно: М.Уранцэцэг 2021 оны Монголын шилдэг тамирчнаар тодров

Бөртэ Чоно: М.Уранцэцэг 2021 оны Монголын шилдэг тамирчнаар тодров

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал болох "Бөртэ Чоно"-ын эзэд өнөөдөр (2021.12.13) тодорлоо.

“Бөртэ чоно” наадмын шилдгээр тодорсон зургаан тамирчнаас Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг нийт авсан оноогоороо тэргүүлж, 2021 оны Монголын шилдэг тамирчнаар тодрон, шилжин явах цомын эзэн боллоо. Тэрбээр санал асуулгад 142 оноо авсан бол арын өрсөлдөгч Ц.Цогтбаатар 125 оноотой байв.

“Токио-2020” олимпийн наадмын мөнгөн медалийн эзэн, Ази тивийн аваргын хүрэл медальт Саейд Моллай оны шилдэг эрэгтэй тамирчны санал асуулгад аман хүзүүдлээ. Спортын сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгаар тэрбээр 89 оноо авсан юм.

“Токио-2020” олимпийн наадамд шагналт V байр эзэлж, ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн М.Лхагвагэрэл спортын сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгаар 40 оноо авч, шилдэг эрэгтэй тамирчны жагсаалтын гуравдугаарт бичигдлээ.

“Токио-2020” олимпийн наадмын хүрэл медальт Б.Болортуяа оны шилдэг эмэгтэй тамирчдын санал асуулгаар 80 оноо авч, хоёрдугаар байрт жагсав.

“Токио-2020” олимпийн наадамд медалийн төлөө өрсөлдөж, шагналт IV байрт шалгаран, хүндийг өргөлтийн түүхийг шинэчлэн бичсэн, Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг спортын сэтгүүлчдийн саналаар оны шилдэг эмэгтэй тамирчны гуравд бичигдлээ. Тэрбээр санал асуулгаар 72 оноо авсан байна.

“Токио-2020” паралимпийн наадмаас алтан медаль хүртсэн, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ паралимпийн шилдэг тамирчнаар тодорч, “Бөртэ чоно”-ын эзэн болов.

Чөлөөтийн шигшээ багийн тамирчин Д.Отгонжаргал 20 настайдаа “Осло-2021” ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаар оны шилдэг залуу тамирчнаар шалгарлаа.

Паралимпийн наадмын аварга Э.Содномпилжээгийн багш Д.Баттулга оны шилдэг дасгалжуулагчийн “Бөртэ чоно” шагналын эзэн боллоо.

Баг тамирчдаа амжилттай удирдан “Токио-2020” олимпийн наадмаас гурван медаль, “Будапешт-2021” ДАШТ-ээс хоёр медаль авчирсан гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар оны шилдэг дасгалжуулагчаар тодорч, “Бөртэ чоно”-ын эзэн боллоо.

Гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын удирдсан чөлөөтийн шигшээ багийн тамирчид энэ жил олимпийн наадмаас нэг хүрэл, ДАШТ-ээс зургаан хүрэл, Азийн АШТ-ээс хоёр алт, таван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн юм.

“Будапешт-2021” ДАШТ, “Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг дэнсэлсэн Т.Энхцэцэг оны шилдэг шүүгчээр шалгарлаа. Т.Энхцэцэг шүүгч “Токио-2020” олимпийн наадамд хүрэл медалийн төлөөх зургаа, аваргын төлөөх хоёр барилдааныг шүүсэн юм.

“Токио-2020” олимпийн наадамд амжилттай ажилласан Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв ажил мэргэжлийн шилдэг байгууллагаар шалгарав.

Монголын хөлбөмбөгийн холбоо 2021 онд тамирчдад зориулсан бэлтгэлийн төв ашиглалтад оруулж, олон улсын тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулж, шүүгч, дасгалжуулагчдын сургалт семинарыг амжилттай зохион байгуулсан үзүүлэлтээр шилдэг менежменттэй холбоогоор шалгарлаа.

Байгууллагын хөгжил, спортын амжилтаараа Монголын жюү-жицүгийн холбоо олимпийн бус төрлийн шилдэг холбоогоор шалгарав.

Монголын жүдогийн холбоо спортын амжилтаараа бүх холбоог тэргүүлж, оны шилдэг холбоогоор шалгарлаа. Монголын жүдочид энэ жил олимпийн наадмаас гурав, ДАШТ-ээс хоёр, Их дуулга, гранпри тэмцээнээс зургаан алт, таван мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн юм.

2021 онд Монголын чөлөөт бөхийн холбоо спортын амжилтаас гадна спортын хөгжил, маркетингийн үзүүлэлтээр Олимпийн төрлийн шилдэг холбоогоор тодорлоо.

Үндэсний хөрөнгө оруулагч компаниудын төлөөлөл болсон 95 аж ахуйн нэгжийн оролцоо, 1600 гаруй мэргэжилтний ур ухаанаар бүтсэн, 2600 үзэгчийн суудалтай, жилийн дөрвөн улирлын турш ашиглах боломжтой “Степпе Арена” мөсөн өргөө “Бөртэ чоно” наадмын спортын шилдэг бүтээн байгуулалтаар тодорлоо.

Олимпийн наадамд багийн спортын төрлөөр түүхэндээ анх удаа эрхээ авсан өрсөлдсөн 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ оны шилдэг багаар тодорч, “Бөртэ чоно”-ын эзэн боллоо.

Спорт, олимпизмыг дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн MCS COCA COLA компанийг спортын шилдэг ивээн тэтгэгчээр тодруулав.

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан “Монголын спортын нэгэн зуун” төслийн хүрээнд 100 цуврал нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж буй МҮОНТ-ийн баг “Бөртэ чоно” наадмын “Оны шилдэг спортын сэтгүүлч” шагналын эзэн боллоо.

Цар тахлын үед Орхон аймгийн “Атланта” олимпийн зөвлөл нь спорт-олимпизмыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах ажлыг эрчимтэй өрнүүлөв. Мөн харъяа олимпийн танхимуудын үйл ажиллагааг түлхүү дэмжин ажиллаж, Шилдэг олимпийн зөвлөлөөр тодорлоо.

Хөвсгөл аймгийн "Сод Эрдэм" сургуулийн "Содон" олимпийн танхим 2020, 2021 онуудад олимпийн боловсролыг сурагчдад олгох, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ажлыг шинэ түвшинд эрчимтэй өрнүүлж, Шилдэг олимпийн танхимаар шалгарлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж