Германы шинэ засгийн газар Хятадтай түнжин хагарах уу?

Хуучирсан мэдээ: 2021.12.14-нд нийтлэгдсэн

Германы шинэ засгийн газар Хятадтай түнжин хагарах уу?

Германы шинэ засгийн газар Хятадтай түнжин хагарах уу?

Ангела Меркель 16 жилийн турш Германы канцлераар ажиллахдаа төрөл бүрийн салбарт хүчийг нь сорьсон ээдрээтэй, олон туйлт асуудлуудтай нүүр тулж байв. Магадгүй Оростой тодорхой бус харилцаатай хэвээр байсан ч Германы эвслийн түнш болох АНУ-тай ч харилцаагаа хадгалж үлдэж чадсан нь Ангела Меркелийн гол давуу талуудын нэг байж мэдэх юм. Түүнчлэн Хятадтай түншлэлийн чухал харилцаа тогтоож чадсаныг энд дурдах хэрэгтэй.

Меркель нь Хятад улсыг Герман болон Европын хөгжил цэцэглэлтэнд зайлшгүй шаардлагатай засгийн газрын түнш гэж нэн тэргүүнд харж байсан. Мөн Германы компаниудын борлуулалтын зах зээл, экспортын чиг хандлагыг тодорхойлох чухал түнш гэж үздэг.

Тэрбээр Вашингтон уу, Хятад уу гэсэн хоёрдмол сонголтын өмнө тулгарч байв. Энэ тал дээр тэрбээр үзэл суртлын бус прагматик хандлагатай байсан. Зарим олон улсын түншүүдээсээ ялгаатай нь Меркель хүний эрх, Хонгконг, Тайванийн асуудлаар Хятадыг шүүмжлэхээс татгалздаг. Учир нь Хятадтай таатай харилцаатай байснаар Германы эдийн засгийн эрх ашиг дээд цэгтээ хүрэх ёстой байсан.

Гэвч, Ангела Меркель суудлаасаа бууснаас хойш Герман улс Хятадтай харилцаандаа өөрчлөлт оруулахаар зорьж буй бололтой. Германы Социал демократ, Ногоон, Чөлөөт ардчилсан намууд эвслийн засгийн газар байгууллаа. Гурван тал удаан хүлээлгэсний эцэст саяхан “Германы гадаад болон дотоод дахь байр суурийг шинээр тодорхойлсон” эвслийн гэрээгээ танилцуулсан байна.

Ногоон намын хувьд Гадаад хэргийн яамыг удирдаж, сайдаар нь Анналена Баербок ажиллах болжээ. Бодлогын хувьд үнэ цэнэд суурилсан гадаад бодлогыг баримталж ажиллана гэжээ. Анналена Баербок арванхоёрдугаар сарын нэгэнд уг бодлогоо дэлгэрэнгүй тайлбарласан ярилцлагыг "Die Tageszeitung" хэвлэлд өгчээ. Тэрбээр, Герман улс Хятадын тал дээр хатуу бодлого баримтална гэдгийг онцолсон байна. “Урт хугацааны туршид илэрхий чимээгүй байх нь дипломат харилцаа биш. Сүүлийн жилүүдэд зарим нэг хүмүүс тийм л байдалтай байлаа. Хатуу бодлого баримтлана гэдэг нь чимээгүй байсаар байх, аль эсвэл асуудлыг улам дэвэргэнэ гэсэн үг биш.  Үнэт зүйлд суурилсан гадаад бодлого гэдэг нь харилцан ярилцаж ойлголцох болон хатуу зарчимч байдлыг хэлнэ” гэв.

Цаашлаад, Герман улс Бээжин 2022 өвлийн олимпийг эсэргүүцэхийг үгүйсгэхгүйн зэрэгцээ Шинжаанаас бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглох саналтай байна гэжээ. Хойшид Хятадын дотоод асуудал Берлинд онц ач холбогдолтой байх болно гэсэн эвслийн засгийн газраас гаргасан гэрээг мөн онцолсон байна. Тус эвслийн гэрээнд Хятад улсын нэр даруй 12 удаа дурдагджээ. Сүүлийн 12 жилийн хугацаанд танилцуулагдаж байсан гурван удаагийн гэрээнд Хятадын нэр 11 удаа дурдагдаж байв.

Эвслийн гэрээнд Герман АНУ-ын харилцааг шинэчлэн, эрчимжүүлнэ гэжээ. Харин Хятадад чиглэсэн бодлого нь нөхөрлөл, системчлэгдсэн өрсөлдөөнд тулгуурлана гэсэн байна. Германы эвслийн гэрээнд “Хятад улсад чиглэсэн бодлого системчлэгдсэн өрсөлдөөнд тулгуурлана” гэсэн нь анхны тохиолдол юм. Логикийн хувьд тус гэрээ нь Европын холбоо болон Хятадын хамтарсан бодлогын нэг хэсэг болох “Хятадын иж бүрэн стратеги” боловсруулах үүрэг хүлээнэ.

Мөн гэрээнд Тайванийг Хятадад нэгтгэхэд зөвхөн “харилцан тохиролцсоны үндсэн дээр, энх тайвны замаар” нэгтгэх ёстой гэж дурджээ. Шинжааныг тойрсон хүний эрхийн нөхцөл байдлыг мөн гэрээнд анх удаа онцлон тэмдэглээд, Хонгконгийн асуудалд ч анхаарал хандуулсан байна.

Эндээс дүгнэвэл, ирээдүйд Германы засгийн газар өмнөхөөсөө ялгаатай нь Хятадтай ил тод байдлаар сөргөлдөхөө мэдэгдээд байна. Нэг талыг баримталсан, Хятадад ээлтэй бодлогын шийдвэрүүд нь одоо нэгэнт үеэ өнгөрөөжээ. Оронд нь Европын холбоотой ижил стратегийг баримтлахаар шийдээд байна.

Хятадын “Бүс ба зам” санаачилгад оролцож буй гишүүн орнуудаас бусад нь энэхүү өөрчлөлтийг хүлээж авах төлөвтэй байна. Европын зөвлөлийн гишүүн орнуудын хувьд Герман давамгайлсан Хятадын бодлоготой санал нийлэхгүй байна. Хятадын компаниуд Европын дотоодын зах зээлд ямар хязгаарлалтгүй нэвтрэх давуу талтай. Европын бизнесийн хүрээнийхний хувьд өөрсдийгөө Хятадын зах зээлээс хамааралтай гэж үздэг учраас уг өөрчлөлтөд тийм ч таатай хандахгүй байна. Түүгээр зогсохгүй Шинжаан дахь хүний эрхийн зөрчлүүд нь Европын холбооны парламентыг Хятадтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээ царцаахад хүргэсэн юм.

Герман улс ийнхүү Хятадад чиглэсэн бодлогоо өөрчилж буй нь Вашингтоныг дагаж зөрчилдөөн үүсгэж буй хэлбэр юм. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден албан тушаалаа авснаасаа хойш Европыг Хятадын эсрэг үйл ажиллагаанд нэгдэж, худалдааны арга мэхийнх нь эсрэг зогсохыг уриалсаар ирсэн.

Удаан хугацаанд засгийн эрхийг барих боломжгүй байсан хоёр нам эвслийн засгийн газарт орж ирснээс бус, харин Меркель тэтгэвэртээ гарснаар, Байден сая нэг хүслээ биелүүлэх боломжтой болжээ. Ногоон болон Чөлөөт ардчилсан намынхан олон улсын хэмжээнд өөрсдийгөө цоо шинээр таниулж, алсын хараагаа хэрэгжүүлэх боломжтой болж байна.

Германы зорилго илэрхий байгаа ч үнэ цэнэд суурилсан бодлого чухам хэрхэн яаж явагдах нь тодорхойгүй хэвээр байна. Хятадыг зүгээр л хатуу шүүмжлэх болов уу, эсвэл барууны орнуудаас тусгаарлахыг оролдох уу? Одоогоор Баербок болон Германы шинэ канцлер Олаф Шольц нар хэн нь ч тодорхой хариулт хэлээгүй байна. Гэхдээ, Меркелийн удирдлаган доор байсан Герман, Хятадын 16 жилийн хамтын ажиллагаа тийм амар дуусгавар болохгүй гэдэг нь ойлгомжтой.

ЭХ СУРВАЛЖ: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж