Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийг хошин шогч байсан гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл Украины сөрөг хүчний улстөрч Евгений Мураев хувийн телевиздээ өгсөн ярилцлагадаа, Зеленскийг хошин шогоо хийгээд л явсан бол өөрт нь амар байсан гэж ярьжээ. Бизнесээс улс төрд орсон Евгений Мураев нь сөрөг хүчний Наш гэх намыг тэргүүлдэг.
Тэрбээр хэлэхдээ, “Би Зеленскийд атаархдаггүй. Тэр бүгдэд хүндлэгдсэн хошин шогийн баатар, од байсан. Тэр улсаас улс, хотоос хот дамжин хаана ч очсон амар тайван амьдардаг байв. Улс төрд оролгүй, хошин шогоо хийгээд л явсан бол түүнд амар байсан юм” гэж ярьсан аж.
Зеленский 2019 оны Украины ерөнхийлөгчийн сонгуульд олонхын дэмжлэг авч, төрийн тэргүүнээр сонгогдсон боловч өдгөө түүнийг үзэн ядах хүмүүс олширчээ. Мураев энэ талаар ярихдаа Зеленскийн улс төрийн карьер гунигтайгаа төгсөнө гэж таамаглажээ.
Зеленский өмнө нь “Ард түмний боол” нэртэй телевизийн шоунд санамсаргүйгээр ерөнхийлөгчид сонгогдсон түүхийн багшийн дүрийг бүтээсэн байв. Уг шоу олон нийтээс өндөр үнэлгээ авсан бөгөөд удалгүй тэрбээр жинхэнээсээ Украины ерөнхийлөгчөд нэр дэвшиж ялсан. Хэдийгээр Зеленский сонгогчдын 70 гаруй хувийн саналаар сонгуульд ялсан боловч үүнээс хойш түүний рейтинг унасаар өдийг хүрчээ. Тухайлбал, өнгөрсөн арваннэгдүгээр сард явуулсан санал асуулгаар Зеленскийг дэмжигчдийн тоо 23 орчим хувьд хүрч буурсан байна.
ЭХ СУРВАЛЖ: RT
Холбоотой мэдээ