Бэкхэмийн хагалгаа амжилттай болжээ | News.MN

Бэкхэмийн хагалгаа амжилттай болжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Бэкхэмийн хагалгаа амжилттай болжээ

Английн нэрт хөлбөмбөгч Дэвид Бэкхэмийн өсгийний шөрмөсийг залгах хагалгаа хийсэн мэс заслын мэргэжилтэн хагалгаа амжилттай болсон талаар мэдэгджээ. Бэкхэмийн өсгийний шөрмөс тасарсан учир тэрбээр хагалгааны дараа дээд тал нь зургаан сар хүртэлх хугацаанд хөлбөмбөгийн талбайгаас хөндий байх шаардлагатайг мэс заслын эмч Сакари Орава зөвлөсөн байна. Өдгөө 34 нас зооглоод буй Дэвид Бэкхэм энэ жилийн ДАШТ-д Английн шигшээ багийг төлөөлөн оролцож, дэлхийн аваргад дөрвөнтөө оролцсон цорын ганц английн хөлбөмбөгч болох чин хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан боловч ням гаригийн үдэш болсон Сери А лигийн “АС Милан” болон “Кьево” нарын тоглолтын эцсийн минутад гэмтэл авснаар өдгөө хүнд байдалд ороод байгаа юм. Хагалгаа даваа гаригийн үд дунд болж, 50 минут үргэлжилсэн бөгөөд Бэкхэм өөрөө бүрэн эдгэнэ хэмээн найдаж байгаа талаар түүний хэвлэлийн төлөөлөгч нь ярьсан байна. Тэрбээр мөн “Дэвид Бэкхэмийн зүүн хөлний өсгийний шөрмөс нь тасарсан. Профессор Сакари Орава мэс заслыг гардаж хийсэн бөгөөд хагалгаа амжилттай болсон. Дэвид өөрөө бүрэн эдгэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Профессор мягмар гаригт дахин үзлэг хийж, хэдий хугацаанд гам барьж, нөхөн сэргээх эмчилгээ хийх хэрэгтэй талаар тодорхой хариу өгнө” гэжээ. Профессор Орава хэлэхдээ “Хагалгаа аюул осолгүй, амжилттай боллоо” гэсэн бөгөөд Бэкхэмийг ирэх зургадугаар сарын 11-нд эхлэх ДАШТ-д оролцож чадах болов уу гэсэн сэтгүүлчийн асуултад “Үгүй ээ, би тэгж бодохгүй байна. Бүрэн эдгэрэхэд багагүй хугацаа шаардлагатай. Хэр хугацаа хэрэгтэйг яг таг хэлэх боломжгүй ч гэсэн гурваас дөрвөн сарын хугацаа шаардагдана. Ерөнхийдөө бол гүйж чаддаг болохын тулд 4-5 сар хүлээх хэрэгтэй байдаг юм” хэмээн хариулжээ.
Ням гаригийн үдэш болсон тоглолтын дараа Бэкхэм Милан дахь зочид буудал руугаа буцаж, даваа гаригийн өглөө аав Тедийн хамтаар Финлянд руу нисчээ. Тэрбээр Финляндын Турку хотноо нэртэй мэс засалч Оравагийн эмнэлэгт ирж, хагалгаанд орсон байна.
С.Шүр

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж