Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг энэ сарын 29-ний өдөр Их Монгол Улсын нийслэл Хархорум хот оршиж байсан Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулахаар товлоод байсан билээ.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хүндэтгэлийн хуралдааныг хязгаарлагдмал хүрээнд хийж, гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийг цахимаар оролцуулахаар төлөвлөсөн. Мөн УИХ-ын гишүүд хүндэтгэлийн чуулганаас гадна Монгол нутагт оршин байсан үе үеийн эзэнт гүрний нийслэл хотууд төвлөрч, өрнө дорныг холбосон худалдаа, зам харилцаа, соёл, эдийн засгийн төв болж байсан Орхоны хөндийн хөгжлийн асуудлаарх хэлэлцүүлэгт оролцох байв.
Гэвч тус хүндэтгэлийн хуралдааныг өвлийн улиралд нийслэлээс зайтай зохион байгуулах нь гишүүдийн аюулгүй байдалд халтай гэж үзэж, УОК-ын өгсөн чиглэлийн дагуу олон хүн нэг дор цуглуулахгүй байх үүднээс шийдвэрээ цуцалсан байна.
УИХ-ын дарга маргааш (2021.12.14) хүндэтгэлийн чуулган хуралдуулах захирамжаа өөрчилж, Төрийн ордонд зохион байгуулах шийдвэр гаргах бололтой.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ