“Рио Тинто”-гоос Монголын Засгийн газарт захидал илгээжээ. Уг захидалд,
- Оюутолгой төслийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр 22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэх эрсдэл үгүй болж, ногдол ашиг авах хугацаа наашилна.
- 2015 онд баталсан далд уурхайн санхүүжилт буюу Дубайн төлөвлөгөөг энэ захидал илгээсэн өдрөөр тооцож цуцалж байна.
- Далд уурхайн бүтээн байгуулалтад өмнө нь зарцуулагдсан зардалд Засгийн газар хөндлөнгийн аудит оруулах, Монголын нутаг дэвсгэрээс гадуур зарцуулагдсан зардал аудитын дүнд тогтоогдсон тохиолдолд хөрөнгө оруулагч тал хариуцлага хүлээх.
- Далд уурхайн үйл ажиллагааг 2023 оны 4-5 сард эхлүүлэхээр тооцож, төлөвлөж байна. Энэ хүртэл гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцна.
- Оюутолгойн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрим хүчний нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээ хангах болон байгаль орчны асуудал зэрэг холбогдох асуудлуудаар хамтран ажиллахаа илэрхийлж.
Ингэхдээ дээрх шийдвэрүүдийг гаргахад амаргүй байснаа онцлоод, энэ нь нэг талаар цаашдын хамтын ажиллагааны итгэлцэл, нөгөө талаар эцсийн буулт шүү гэжээ.
Ийнхүү хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газарт “буулт” хийхдээ биднээс юу хүссэн нь харин нууц. Ямар ч байсан өнгөрсөн 10 жилийн турш “хэрүүлийн алим болсон” өр, авлагын асуудал болон далд уурхайн санхүүжилтийг тойрсон талцал маргаан нэг хэсэгтээ цэглэгдэхээр болж байх шиг.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ тухай олон нийтэд мэдээлэхдээ "2022 оны нэгдүгээр улиралд багтаан гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бидний зүгээс бэлэн байна гэдгээ илэрхийлсэн байна. Энэ хугацаанд бидэнтэй хамтран ажилласан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүд, УИХ-ын Түр хорооны гишүүд, Ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон дэд сайд Б.Солонгоод талархал илэрхийлье. Сүүлийн 12 жил яригдсан асуудалд хөрөнгө оруулагч тал буулт хийж, тодорхой хэмжээний үр дүнд хүрч байна. Энэ нь дотоод талдаа итгэлцэл, эв нэгдлийг илэрхийлж, дараа дараагийн гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй байгаа гэдгээ илэрхийлсэн чухал алхам боллоо" гэж дүгнэжээ.
Харин хэлэлцээрийг ахлагч Х.Нямбаатарын өгсөн тайлбар нь "Засгийн газар, Ажлын хэсгийн хэлэлцээрийн үр дүн эхнээсээ гарч, харилцан ашигтай хамтран ажиллах боломж нээгдэж байна. Ажлын хэсэг цаашид Дубайн гэрээг цуцлах нөхцөл, хөрөнгө оруулалтын гэрээг маргаангүй, урт хугацаанд тогтвортой байдлаар байгуулахад анхаарал хандуулан ажиллана”. Ямар ч байсан Монголын Засгийн газар сэтгэл ханамж пүүл байгаа нь илт.
Гэхдээ "Рио Тинто" ингэж буулт хийх болсон нь цаг үеийн шахалт шаардлагатай холбоотой. Оюутолгойн гэрээг үзэглэсэн өдрөөс шахуу хөрөнгө оруулагчид хоёр тал болж “байлдсаар”, өнөөдөр “эвлэрэх”-д хүрсэн шалтгаан нь нэгд, эрдэс баялгийн үнэ дэлхийд багагүй өссөн явдал. Нөгөөтэйгүүр, Ч.Сайханбилэгийн хэлсэнчлэн “Рио Тинто”-гийн зүгээс Монголын Засгийн газартай ойлголцох, буулт хийхэд хүрэхээс өөр аргагүй нөхцөлд орсон нь дэлхийн 15 банкнаас авсан зээлээ цаг хугацаанд нь төлөх шаардлагатай болсон хэрэг. Далд уурхайн санхүүжилтийн хүрээнд 4.4 тэрбум ам.долларыг libor+6 хувийн хүүтэйгээр зээлж авсан, дараагийн санхүүжилтээ цаг алдалгүй босгох нэн чухал шаардлага “Рио Тинто”-д бий. Тэр тусмаа дараагийн санхүүжилтээ босгоход Монголын Засгийн газрын зөвшөөрөл хэрэгтэй тул.
Энэ нь “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан захирал Х.Амаржаргалын нүүр номдоо бичсэн “Гүний уурхайг цаг алдалгүй ашиглалтад оруулж, Оюутолгойн үнэ цэнийг нэмэгдүүлэх хамтын зорилгын төлөө хөрөнгө оруулагчдын саналыг Монголын Засгийн газарт хүргүүллээ” гэх үгээс тодорхой уншигдав.
Ерөнхий сайд хэвлэлийн хуралдаа Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нарыг дагуулж ирсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулж байна. Очиж очиж хамгийн топ популистуудаа авчраад, арын “фоноо” болгосонд. Магадгүй тэднийг хэлэлцээрт нь саад болж, хэрүүл, уруул тарих вий гэсэн Ерөнхий сайдын нэг талаар болгоомжлол, нөгөө талаар арга заль байж мэдэхээр. Адаглаад дараа нь попроод унавал хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгийг нь сануулахад л болно.
Л.Оюун-Эрдэнийн дуулгасан “сайн мэдээ”-тэй зэрэгцээд гавьяаг нь хүртэх гэсэн хүмүүс ч улс төрд цөөнгүй. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлээд "босоо" Ганбаа хүртэл өөрийгөө олон нийтийн сүлжээнд “нэрлүүлж, заалгаад” явж байна. Ёстой л “үүрэхийг нь чи аахилахыг нь би” гэдэг шиг.
Ерөнхийдөө “Рио Тинто” сайндаа ч биш, цаана нь мөнгөний тоолуур гүйж байгаа учраас “эцийн буулт шүү" гэх анхааруулгатайгаар 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, захидал бичсэн өдрөөс Дубайн гэрээг цуцлахаа амалсан эдийн засгийн шахалт шаардлага гарсан гэсэн үг. Талуудын мэдээлж байгаагаар хэлэлцээ цааш үргэлжлэх агаад Монголын Засгийн газрын хувьд 34 хувиа зараад, рольти татвараа тултал авах асуудлыг хөндөх цаг болжээ.
Хэрэвзээ, хэрүүлээ жинхэнээсээ дуусгаж, нэг завин дээр хамтдаа сууж чадсан бол шүү дээ. Түүнээс монголчуудад ногдох өр төлбөрөөс “Рио Тинто” нэг удаадаа чөлөөлж өглөө гээд асуудал дундрахгүй, дуусахгүй. Дахиад л 34 хувь тойрсон хэрүүл маргаан, хэлэлцээ хийх шалтаг, шалтгаан гарч ирнэ. Зуун жилийн төсөл гэж тооцвол. Тэгээд ч хөрөнгө оруулагчид “Оюутолгойн” төсөлд зориулж босгосон санхүүжилтийн өр төлбөрөөс монголчуудад 34 хувь нь ногдоно. Цаг үе үргэлж монголчуудын талд байхгүй, хөрөнгө оруулагчид ч үргэлж бидэнд буулт хийхгүй нь ойлгомжтой.
Тэгэхээр “Рио Тинто”-гийн чих ийм зөөлөн байгаа дээр монголчууд “Оюутолгой” төслөөс эзэмшиж буй 34 хувиа тултал үнээр зарчихвал яасан юм бэ? Тэгвэл бүх хэрүүл бүрмөсөн эцэслэгдэнэ гэсэн үг.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ