Гуйвж, туйвсан драм, гүжирдэж, гүтгэсэн түүх

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

Гуйвж, туйвсан драм, гүжирдэж, гүтгэсэн түүх

Гуйвж, туйвсан драм, гүжирдэж, гүтгэсэн түүх

Залуус дотны нөхрөө гэхээсээ танилаа “анд аа” гэж дууддаг болжээ. Тэдэнд нэн гоёхон байгаа энэ үгийн мөн чанарыг яваандаа олох биз. Харин “Андгай”, “Андлал” гэх үгсээр халхавчилж, татвар төлөгчдийн мөнгө тэрбумаар биш гэхэд хэдэн зуун саяар урсан үгүй болох нь гэсэн гунигт бодолтой зэрэгцээд энэ үгийн мөн чанар, утга учир ул мөргүй үгүйсгэгдэх вий гэх эмзэглэл төрнө. Үг хүчтэй аж. “Андлал” гэх үгээр аугаа хааны нэрийг худалдаж идэхээр түрээ барьж, 4 тэрбумаар хөшөө барих санаачлага өндөр босгод нь бүдэрч, шившиг болон үлдэв. Нөхөрлөл аугаа санж. Түүний үнэ цэнийг мэдэхгүй хүн гоёчлоод гавьсангүй.

Дараагийн “Андгай”-гаар мөнгө олох гэсэн оролдлого драмынхнаас гарчээ. Ардын хувсгалын 100, Улсын драмын эрдмийн театрын 90 жилийнхээ түүхт ойн бэлэг хэмээн зарласан “Хаадын хаан, Андгай” жүжиг тавьжээ. Хүн, мөн чанараасаа улам бүр холдож, атаа, жөтөө, бузар булай, өнөөдөр болж байвал нөхөр байтугай эцэг, эхээ ч худалдахаас сийхгүй энэ цагт нөхөрлөлийн үнэ цэнийг магтан дуулж, ухуулан сэнхрүүлэх нь санадаг санаа, боддог бодол. Гэвч хэлсэн шигээ хийсэнгүй.

Монголчуудыг дэлхийн давцанд гаргаж ирсэн хоёр их хааны нөхөрлөл хийгээд дайсагнал, тархай бутархай улсаа нэгдсэн хүчирхэг улс болгон хураахын тулд илд, билүү мэт явсны учир шалтгаан, нэгдэл тэмцлийн тухай ухаж ойлгох ухаарал, урвалтаас эсрэгцэл, эмгэнэл нь бахархалт түүх болон хувирч буйн цаад учир гээд олон асуулт хариулт нэхсэн ч хоосон хоцорлоо. Зарим асуултад хариулахыг оролдсон нь түүхээ дэндүү мэддэг монголчуудын цухлыг барснаас хэтэрсэнгүй.

Шуудхан хэлэхэд, энэхүү бүтээл 90 жилийн түүхтэй, “Эрдэмийн” цолтой их театрын өнөө цагийн үнэн төрхийг илчлээд өглөө.

Хачин санаа

Монголчуудын байлдан дагууллын түүхийг морьгүйгээр салгаж ойлгоход бэрх. Өрнө далайгаас ундаалсан морьд нь дорнын далайгаас цангаагаа тайлж байсан нь мэдээж. Унтаж амрахдаа ч, уулгалан довтлохдоо ч морьтойгоо явсан нь гарцаагүй. Тиймээс ч найруулагч үзэгдэл болгоноо морин төвөргөөнтэй хийсэн бололтой. Ингэхдээ баатар эрсийн хүлэг морийг трамполин тавцан, ёрдгор модоор хийжээ. Урлаг ойлгохгүй мань мэт мэргэн шийдлийг нь ойлгохгүй байж болох л доо. Гэхдээ морьтон монголчуудын удамд их хаанаа шилбүүрээ унасан жаал шиг үзүүлэх нь хэр зохимжтой юм бол доо. Ингэх тоолондоо сүр оруулахаар утга учиргүй “гуагалах” нь чихэнд чийртэй, нүдэнд түвэгтэй. Ийм ядмаг “морь”-той хойно мөнөөх алтан бүсээ солилцон бүслүүлж, эрмэг халиун, эвэрт ишгэн цагаан морь унуулдаг хэсэгт нэрийг нь өөрчилж, эмнэг хээр (Буруу сонсоогүй бол шүү дээ. Зарим үед жүжигчдийн үгийг таахаас өөр аргагүй, бүдэг бадаг хэлж байлаа) болгосон бололтой. Морио дээдэлдэг монголчуудад Хаадын хааны унасан хүлэг таалагдсангүй.

Түүхэн гүтгэлэг

Зохиолч Тэмүүжин, Жамуха хоёр нөхөрлөлийг илүү тодруулж, зарим талаар уран сайхны утга, гаргалаа гаргахыг оролдсон нь түүхэн гүтгэлэг рүү хөтлөв. Жүжиг бүхэлдээ Тэмүүжин, Жамуха хоёрын гурван андгай, түүнийг тойрсон үйл явдал, түүхэн эгзэгтэй цаг мөчийг харуулах бөгөөд Бөртийг Мэргэдүүд булаасан хэргийн тайлал бүр “мэргэн”. Бөртийг мэргэдүүдэд булаалгасан гэмтэн нь Өэлүн байсныг Тэмүүжинд Бэлгүтэй хэлэх аж. Есүхэйд Өэлүнийг булаалгасан хонзонгоо санаж, Бөртэ үжинг Чилэгэр бөхөд авч өгсөн Мэргэдийн довтолгоон шүү дээ. Яаж ч мэргэн ухаанаар бодсон Өэлүн, хүүгийнхээ эхнэрийг мэргэдүүдэд… Энэ бүхнийг Өэлүн хийсэн учир шалтгаан нь хүүгээ хатуужиж, ирээдүйн их үйлсэд нь сургамж болоод зогсохгүй, бутарсан ардуудаа буцаан нэгтгэх боломж гэж харсан байх юм. Зохиолч ч ийм гүжир гаргалгаа гаргасныг нь найруулагч уярам, уйлмаар дэглэжээ. Эргэлт биш эмгэнэл байлаа.

 Зорилгоо үгүйсгэсэн нь

Нууц товчоонд 13 хүрээний тулалдаан гэж тэмдэглэгдсэн Далан Балжудын тулааны шалтгийн гаргалгаа бас л “ангайлгана”. Жамухын дүү Тайчир Тэмүүжиний адууг туун дутааж яваад амь үрэгдсэн мэдээг дуулсан Жамуха “Хичнээн удаан хүлээв” гэж хэлэх. Дүүгийнхээ үхэлд Жамуха огт харамсахгүй төдийгүй Тэмүүжинг дайлаар мордохоор удаан хүлээсэн шалтаг мэтээр хүлээн авах ажээ. Мөнөөх андгай өргөсөн аугаа нөхөрлөлийг харуулах зорилго нь агшин зуурт ийнхүү сарнив. Хожим Тэмүүжин дүүг нь хөнөөсөн шалтгааныхаа зөвтгөлд “малын хулгай”-тай ингэж л тэмцэхгүй бол болохгүй ухааны юм хэлнэ. Гэтэл яагаад Тэмүүжинг хавцалд шахсан Жамуха дүүг нь хөнөөсөн бурууг Чинос овог үүрүүлж, талаад буцсан байх билээ. Дүүгийнхээ үхлийг довтлох шалтаг болгосон бол нэг мөсөн дуусгана биз дээ. Түүх бичлэгт ч, хар ухаанаар бодсон ч Жамуха Тэмүүжинг үгүй хийх гэсэн бол энд асуудлыг шийдэж болох л байсан. Харин ч буцаан цэргээ татсан нь мөнөөх хэлээд буй андгайтай нь холбоотой гэвэл илүү үнэнд ойр байх.

Хайран ой яйран болов

Эхэнд дурдсанчлан их ойгоороо иймэрхүү л уран бүтээлийг “Эрдмийн театр” тавьжээ. Их зохиолч Д.Нацагдоржоор овоглосон театр маань түүний мэндэлсний 110 жилийнх нь ой, Улсын Драмын эрдмийн театрын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойгоор бас хачин хөгийн уралдаан зарласнаа үгүйсгэж, хангалттай бүтээл ирээгүй гэх шалтгаанаар өөрсдөө зохиолчоо сонгон шалгаруулж байсан. Мөнгөтэй холбоотой асуудалд иймэрхүү хүнийрхүү хүйтэн сэтгэлээр ханддаг нь ёс болоод тогтчихлоо.

Их ойгоороо үзэгч олонд уран бүтээлийн гоо сайхныг үзүүлэхээс илүү хэтэрхий явцуурсан, асуудлыг ашиг хонжоогоор харсан удирдлагуудын энэхүү бүтээлд оролцон тоглосон жүжигчдийн талаар ярихад ч хайран. Найруулагч, чадварлаг жүжигчид, уран бүтээлчдийн зүтгэлээр энэхүү жүжгийн зарим хэсэг амь орсон ч анхнаасаа “асуудалтай” өгөгдөхүүнтэй болохоор яаж ч хэчээгээд явсангүй.

Драмын урлагийг өөрсдийн өмч мэт ойлгосон, албан тушаалаа хувийн өмч гэж ойлгодог удирдлагынх нь балгаар энэ театр уналтад оржээ. Аль гайгүй, авьяастай, чадалтай гэсэн залуу уран бүтээлчид энэ театрын тайзнаас холдох болсон шалтгаан ч тэдэнтэй холбоотой нь дамжиггүй. Энэ байгууллага олон ургальч үзлээр жигүүр хийж, цэвэр уран бүтээл, уран бүтээлийн өрсөлдөөн өрнөж байх ёстой атал яг эсрэгээр болсон мэт. Тиймээс ч театрын урлагийг үндэслэгч Д.Намдагийг хүртэл шороотой хутгахдаа эмзэглээгүй биз. Харин энэ удаад Монголын түүхийг гутаан доромжилж сууна. Шившиг.

МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Цогнэмэхийн “Хаадын хаан. Андгай” жүжгийн уран бүтээлчид:

Ерөнхий продюсер – Д.Цэрэнсамбуу /УГЗ/

Уран сайхны удирдагч – Н.Ганхуяг /УГЗ/

Ерөнхий найруулагч – Н.Наранбаатар /ТС, УГЗ/

Ерөнхий зураач- Т.Ганхуяг /СТА/

Хөгжмийн зохиолч –Т.Сэр-Од /УГЗ/

Хөгжмийн найруулга – М.Бирваа /СТА/

Хувцасны зураач- Д.Отгонзаяа /СТА/

Бүжиг, хөдөлгөөний найруулагч – Д.Энхбаатар /СТА/

Ассистент найруулагч –Э. Ёндоншарав /СТА/

Туслах найруулагч – О. Итгэл /СТА/

Жүжиг чимэглэлийн эрхлэгч – Н.Батбилэг /СТА/

Гэрэл, дууны найруулагч- Я.Батсайхан /СТА/

Гол дүрд :

Тэмүжин   /Чингис хаан/               Г. Амгаланбаатар, Б. Шинэбаяр

Жамуха  /Гүр хаан /                        М.Түвшинхүү, О. Майдарравжаа

Бөртэ хатан                                   Г. Номин-Эрдэнэ, Д. Хулан

II дүрд :

Өэлүн эх -Ж.Оюундарь/УГЖ/, Б. Золзаяа

Хасар-Д. Баттөмөр

Боорчи- Ц. Жаргалсайхан

Мухулай -Ц. Рагчаа

Тоорил Ван хан  -Б. Жаргалсайхан/УГЖ/

Бэлгүтэй  -И. Дашнамжил

Соёухай –  Н.Баярмаа

Туслах дүрд:

Нэгүдэйн Цагаан гоо –  П.Цэрэндагва /АЖ/

Алунгоо эх  -Н.Сувд /ТС, АЖ/

Сорхон шар –  Г. Равдан /АЖ/

Алтан улсын элч -З.Жарантав /УГЖ/

Мүнлиг эцэг  – Ж.Пүрэвдорж /СТА/

Хөхөчү бөө – О.Гэрэлсүх /СТА/

Хорчи ноён -Б.Шинэбаяр /СТА/

Үзэгдлүүдийн дүрүүдэд :

Хоогчин эмгэн -Ц. Баясгалан /УГЖ/

Аргасун хуурч -О. Майдарравжаа

Хадаан  -М.Тогтохжаргал /СТА/

Сача Бэхи-  Ц. Төгсбилэгт /СТА/

Алтан- Т. Сэргэлэн

Хучар – Б. Золжаргал/СТА/

Сочихэл эх-Д. Асардарь

Мөнгөлүнгоо -Т.Анхзул

Чилэгэр бөх- О. Самданпүрэв

Сабур-  Г. Ганбат

Жаха Хамбу- О.Итгэл /СТА/

Шөвөг  – А.Чингүн /СТА/

Зэв- Ц. Анхбаяр

Зэлмэ – О. Майдарравжаа

Таргудай Хирилтуг – Б. Ганзориг

Хулан хатан – О.Хонгорзул

Тэмүжин /бага нас/-М.Баяржавхлан

Жамух /бага нас/ -Х.Ган-Эрдэнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж