Хятад, Туркийн харилцааны эмзэг сэдэв уйгуруудын эрх

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

Хятад, Туркийн харилцааны эмзэг сэдэв уйгуруудын эрх

Хятад, Туркийн харилцааны эмзэг сэдэв уйгуруудын эрх

Хятад, Турк улсын харилцаа 1971 оноос хойш өгсч, уруудсаар ирсэн. Худалдаатай холбоотой зарим зөрчлөөс гадна уйгуруудын асуудал хоёр орны харилцааны эмзэг сэдэв юм. Шинжаан-Уйгур дахь исламын шашинт үндэсний цөөнхийн асуудал Хятад, Туркийн харилцаанд үе үе улс төрийн зөрчил үүсгэсээр ирсэн. Турк улсад уйгур хүмүүс хамгийн олон тоогоор оршин суудаг. Түүнчлэн олон улс дахь уйгуруудын эрхийг хамгаалах ашиг сонирхол Туркт байдаг.

Нөгөө талд, шударга бус байдал, шашин шүтлэг, соёлын эрх чөлөөг нь хашин боогдуулж буйн эсрэг тэмцсэн уйгуруудыг Хятадын эрх баригчид салан тусгаарлагч гэж үздэг. Улмаар сүүлийн жилүүдэд Хятадын алс баруун хязгаарын Шинжаанд уйгур хүмүүсийг олноор нь баривчлан хорьж, эрүү шүүлт тулгах, албадан хөдөлмөр эрхлүүлэх зэргээр хүний эрхийг зөрчиж буйг нь Турк төдийгүй олон улс хурцаар шүүмжлэх болсон билээ.

Турк, Хятадын харилцаа 1990, 2000 онуудад Бээжинг эсэргүүцсэн уйгуруудын жагсаалын дараа түр хугацаанд зогссон. Хятадын засгийн газрын үйл ажиллагааны эсрэг уйгуруудын жагсаал 1980-аад оноос эхлэлтэй. Хоёр орны хамтын ажиллагаа Туркийн засгийн эрхэнд Шударга ёс, хөгжлийн нам /AKP/ гарснаар сайжирсан ч 2009 онд Өрөмч хотод гарсан бослогын дараа дахин зөрчил үүссэн. Хятадын албаныхан бослогыг хүчээр дарсныг тухайн үед Туркийн ерөнхий сайд байсан Режеп Эрдоган хурцаар шүүмжилж, “хомроглон устгал” хэмээн нэрлэж байжээ. Хариуд нь Хятадын албаныхан Эрдоганы мэдэгдлийг өдөөн хатгалга гэж мэдэгдэн, Турктэй харилцаагаа тасалж байв.

Гэхдээ хоёр орны харилцаа удалгүй сайжирч, 2010-2018 оны хооронд худалдаа, хамтын ажиллагаа өргөжсөн “алтан жилүүд” байжээ. Учир нь Туркт 2016 онд төрийн эргэлт хийх оролдлого гарсны дээр АНУ Сири дэх курдын зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжсэн зэргээс шалтгаалан Турк нь Хятад, ОХУ-ын тойрогт ойртож ирсэн. Энэ хугацаанд Турк, Хятадын харилцаа түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрч хөгжсөн гэж үздэг. Тухайлбал, хоёр орны дипломатууд өндөр түвшний уулзалтууд хийж, эдийн засаг, соёл, боловсролын хамтын ажиллагааны гэрээнүүд байгуулжээ.

Улмаар Турк улсад үйл ажиллагаа явуулдаг Хятадын компаниудын тоо 1000 давсан байв. Мөн Турк нь Хятадын стратегийн түнш болж, "Бүс ба зам" санаачилгыг хэрэгжүүлж эхэлжээ. Үүгээр ч зогсохгүй Туркийн Ерөнхийлөгч Эрдоган 2017 оны тавдугаар сард Бээжинд болсон "Бүс ба зам" форумд оролцож, Анкара уг төслийг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн аж.

Гэвч хоёр орны харилцааны тааламжтай үе удаан үргэлжлээгүй. Алдартай уйгур зохиолч Хятадын хорих төвд 2019 оны хоёрдугаар сарын 9-нд нас барснаар Хятад, Туркийн харилцаа дахин хурцадсан. Гэсэн ч өмнө нь хэлсэнчлэн хоёр орны харилцаа маш хурдан эргэн сайжирсан ба энэ оны арваннэгдүгээр сарыг хүртэл тогтвортой байв. Харилцан санал зөрөлдөөнтэй байдлыг үл харгалзан, Хятад улс Туркийн эмзэг асуудлаар ямар нэгэн мэдэгдэл хийхээс зайлсхийсэн хандлагатай явж ирсэн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард болсон үйл явдлын дараа Хятад нь Турктэй харилцах хандлагаа өөрчилжээ.

Турк улс удаа дараа Хятадыг шүүмжилсэн байдал гаргаснаар Бээжин хандлагаа өөрчилсөн гэж ажиглагчид дүгнэж байна. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 22-нд Турк зэрэг 43 орон хамтарсан мэдэгдэл гаргаж, Шинжаан дахь уйгур хүмүүсийн асуудлаар Хятадад шаардлага хүргүүлсэн аж. Энэ нь Турк улс анх удаа албан ёсоор уйгуруудын төлөө үйлдэл хийсэн явдал байв. Дараа нь өнгөрсөн сарын 12-нд уйгуруудын асуудлыг хариуцсан Истамбул дахь түрэг хэлтнүүдийн холбоо түрэг хэлээр харилцагч улсуудын байгууллага болгон нэрээ өөрчилсөн нь Хятадтай харилцаа улам муудах шалтгаан болжээ. Истамбулд 10 сая орчим уйгур хүн амьдардаг тооцоо бий.

Бээжин нэрээ өөрчилсөн сар, өдөрт гол анхаарлаа хандуулан дургүйцсэн аж. Учир нь Зүүн Туркестаны бүгд найрамдах улс анх Шижаан-Уйгурын автономит бүсийг оролцуулан, 1933 оны арваннэгдүгээр сарын 12-нд байгуулагдаж байсан. Дараа нь 1944 оны мөн өдөр хоёр дахь нь байгуулагдсан аж. Тиймээс Туркийн тал энэ өдрийг тусгайлан сонгосон уу, тохиолдол байсан уу гэдэг нь маргаан дагуулжээ. Дараа нь Туркийн улстөрч тухайн өдрийг сонгосон нь улс төрийн зорилготойг баталсан аж.

Улмаар Бээжин сөргүүлэн, Туркийн армийн Сири дэх үйл ажиллагаа, хүний эрхийн зөрчлийг гаргаж тавьсан. НҮБ дахь Хятадын суурин төлөөлөгч мэдэгдэлдээ Сирийн зүүн хойд хэсэг дэх курдуудын эсрэг Туркийн цэргийн ажиллагаа нь хууль бус, хүний эрхийг зөрчсөн гэж буруутгажээ. Түүнчлэн Ирак дахь Туркийн агаарын цохилтод энгийн олон иргэн амь үрэгдсэнийг онцолж, Анкараг тус улсын тусгаар тогтнолыг хүндэтгэхийг шаардсан аж.

Ийнхүү сүүлийн үед болж буй улс төрийн үйл явдлуудаас харвал Турк, Хятадын харилцаа зөрчлийн үе шатдаа оржээ. Цаашид Ойрхи-Дорнод дахь Хятадын нөлөө улам нэмэгдсээр Бээжин нь курдуудын асуудалд гол тоглогч болох хандлагатай байна.

Эх сурвалж: DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж