Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг тэглэнэ

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

LiveЗасгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг тэглэнэ

Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг тэглэнэ
14 : 01
2021-12-13

Б.Солонгоо: Бүх асуудал гэнэт дуусчихгүй

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо:

-Бид өмнө нь олон удаа мэдээлэл хийж байсан. Яриа хэлэлцээ үргэлжилж, тодорхой ахиц гарч байна. Энэ оны аравдугаар сарын 21-ний өдөр Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарын нэр дээр “Рио Тинто” болон “Туркойз хилл” компаниас албан бичиг ирж байсан. Тухайн үед албан ёсоор ирүүлсэн саналд Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох өрийн 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэе гэсэн.

Бид арваннэгдүгээр сард яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, өрөө 100 хувь тэглүүлэх асуудлыг тавьсан. Өнөөдрийн байдлаар бидний саналыг хүлээн авч байна. Гэхдээ бүх асуудал гэнэт дуусчихгүй. Зарим нэг үл ойлголцол үүсдэг мэдээлэл солилцох, ил тод нээлттэй байх, говийн бүсээс гүний ус ашиглах, байгаль экологийн нөлөөлөх гэх мэт ажлуудыг хийнэ.

Эхний ээлжид томоохон ахиц гарлаа. Бид үргэлжлүүлэн “Дубайн гэрээ”-г ямар нөхцөлөөр цуцлах вэ, хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгчдийн гэрээнд ямар хэмжээнд өөрчлөлт оруулж, цаашид маргаан үүсэхгүй аль болох урт хугацаанд харилцан ашигтай хамтарч ажиллах тал дээр ажиллана. Гүний уурхай 2023 оны дөрөвдүгээр сард ашиглалтад орох төсөөлөлтэй байна.

13 : 05
2021-12-13

Арбитрын маргааныг зургаан сарын хугацаанд түдгэлзүүлэх үү?

Уг захидалд Монгол Улсын Засгийн газар болон “Оюутолгой” компанийн хооронд үүссэн арбитрын маргааныг зургаан сарын хугацаанд түдгэлзүүлж, ажлын хэсгийн хүрээнд зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг эрмэлзэж байна. Гүний уурхайг ашиглалтад оруулах огтлох малтлагыг 2022 оны нэгдүгээр сард багтааж, хугацаа алдалгүй хийх нь бидний хамтын зорилго гэжээ.

Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн:

-Бид олон жил “Оюутолгой”-н асуудлаар маргалдсан. Монголын ард түмэн байгалийн баялгаа үнэтэй авч байсан бол тэглүүлж чадлаа. Хоёрдугаарт, Дубайн гэрээг цуцаллаа. Ингэхдээ дагаж ирсэн зээлийг авах шаардлага байсан эсэхийг нягталъя. Бас нэг зүйл нь дахин зээл авч байж далд уурхайн бүтээн байгуулалтыг явуулна гэж байсан бол нэмэлт санхүүжилтийг хөрөнгө оруулагч шийдье гэж байна.

10 : 51
2021-12-13

"Гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Ерөнхий сайд миний нэр дээр өнөөдөр “Рио Тинто” болон “Туркойз хилл” компанийн гүйцэтгэх удирдлагаас албан бичиг ирүүлсэн. Би албан бичгийг хүлээн авч, УИХ-аас байгуулсан Түр хорооны гишүүдийн төлөөлөлтэй хамтран товч мэдээлэл хийж байна.

Уг захидалд “Оюутолгой”-н үр өгөөжийг ард түмний эрх ашигт нийцүүлэх, өмнөх өрийг тэглэх, Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах, “Эрдэнэс Оюутолгой” хувьцаат компанийн талд үүссэн өмнөх өрийг тэглэх, улмаар төслийн үйл ажиллагааг цаашид нээлттэй ил тод болгох саналыг хэлэлцэж, ТУЗ-д танилцуулсны үндсэн дээр дараах таван арга хэмжээг авч байна. Үүнд:

1."Оюутолгой" төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн 34 хувь эзэмшлийн үнэ цэнэ нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлах;

2. ДУББСТ болон “Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г цуцлаж дуусгавар болгох;

3. "Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрөх;

4. Гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж "Эрдэнэс Оюутолгой" ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;

5. "Оюутолгой" ХХК-ийн засаглалыг сайжруулах байдлаар гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авч холбогдох зардлыг харилцан тохиролцсон нөхцлийн дагуу "Оюутолгой" ХХК төлөх; Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах; төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах гэсэн саналыг тавилаа.

Хөрөнгө оруулагчдын зүгээс энэ шийдвэрүүдийг гаргахад амаргүй байснаа илэрхийлж, Монгол Улсын Засгийн газартай цаашдын хамтын ажиллагааны итгэлцлийн суурь болно гэдгийг онцолжээ.

Мөн УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлсэн гэж үзэж байна гэсэн. Цаашдаа гүний уурхайг ашиглалтад оруулахын тулд оны өмнө энэ асуудал Ажлын хэсгийн түвшинд харилцан зөвшилцөж чадвал 2022 оны нэгдүгээр улиралд багтаан гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бидний зүгээс бэлэн байна гэдгээ илэрхийлсэн байна.

Энэ хугацаанд бидэнтэй хамтран ажилласан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүд, УИХ-ын Түр хорооны гишүүд, Ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон дэд сайд Б.Солонгоод талархал илэрхийлье. Сүүлийн 12 жил яригдсан асуудалд хөрөнгө оруулагч тал буулт хийж, тодорхой хэмжээний үр дүнд хүрч байна. Энэ нь дотоод талдаа итгэлцэл, эв нэгдлийг илэрхийлж, дараа дараагийн гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй байгаа гэдгээ илэрхийлсэн чухал алхам боллоо.

1639371847886ss245-Copy.jpg-Copy

10: 40
2021-12-13

"75 сая ам.долларын төсөв төслийг үргэлжлүүлэхэд хангалттай хүрэлцэнэ"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Оюутолгой"-н асуудлаар өнөөдөр (2021.12.13) мэдээлэл хийх юм байна. "Оюутолгой"-н 66 хувийг “Туркойз хилл” ХХК, 34 хувийг “Эрдэнэс Оюутолгой” ХХК эзэмшдэг. “Туркойз хилл” ХХК-ийн дийлэнх хувьцааг “Рио Тинто” эзэмшдэг. Засгийн газраас Монголын талын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох зээл, зээлийн хүүг тэглэх саналыг хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанид тавьсан.

УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолоор “Рио Тинто” компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг засч сайжруулах, Монголд ашигтай хувилбарыг хөрөнгө оруулагчидтай тохирох саналыг боловсруулахыг Засгийн газарт үүрэг болгон, дээрх ажлын хэсгийг байгуулсан байдаг.

"Turquoise Hill Resources" компаниас далд уурхайн бүтээн байгуулалтын төслийг үргэлжлүүлэхэд 75 сая ам.долларын төсөв баталсан” гэдгээ арваннэгдүгээр сарын 30-нд мэдэгдсэн. Уг төсвөөр 2022 оны нэгдүгээр сарын дунд үе хүртэл "Оюутолгой"-н далд уурхайн төслийг үргэлжлүүлэхэд хангалттай хүрэлцэх учиртай гэсэн билээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
147
ЗөвЗөв
7
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж