"БНСУ дахь Элчин, Консул нарын орны хүмүүсийг яриагүй байна"

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

"БНСУ дахь Элчин, Консул нарын орны хүмүүсийг яриагүй байна"

НЭМЭЛТ: 12:30 ЦАГТ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "БНСУ-д суугаа Элчин сайдын яам болон Пусан хотод сууж буй Консулын тойрогт энэ хэрэг болсон. Би Гадаад харилцааны сайдаар томилогдоод жил болох гэж байна. Энэ хугацаанд Элчин сайд нарт тавьж буй томоохон асуудал байгаа юм. Нэгдүгээрт, хилийн чанадад сууж буй иргэдтэй ажиллах, тэр хүмүүсийн аж байдлыг мэддэг, харьцдаг байх ёстой. Элчин сайдын яамд Консул буюу иргэдтэй харилцдаг ажилтнуудын тоо маш цөөхөн байдаг. Жишээ нь, БНСУ-д хоёр, Пусанд нэг хүн бий. Энэ асуудлуудад учир дутагдалтай ажиллаж байна. Өдий хугацаа өнгөрч байхад ямар нэгэн байдлаар тэр хэргийг мэдэж болох байсан. Консулын ажилтнууд тодорхой түвшинд холбоотой ажиллах ёстой.

Яамны удирдлагын зүгээс Элчин сайдад хариуцлага тоочъё. Тэр хэрэг болсон Пусаны Консулд хариуцлага тооцох нь зөв гэсэн саналаа хүргүүлсэн. Сая АН-ын бүлгийн хуралд суулаа. АН-ын бүлгийн гишүүд Пусаны Консул иргэдэд мэдээлэл өгөөд, хөөцөлдөөд ажиллаж байна. Энэ хэргийг учрыг нь олоод дуустал үргэлжлүүлээд ажилуулаач ээ.

Энэ хэргийг хөөцөлдөж байхад сенсацилаад наад хүнээ “татна” гэсэн зүйлээ болио гэсэн санал хэлж байна. Консулыг дуудах асуудлыг яамны удирдлагын хэмжээнд шийддэг. Энэ асуудлыг дахин ярилцъя гэж байна. Элчин сайдын тухайд саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн.

Аливаа улс оронд амьдарч буй монгол иргэд ямар нэгэн асуудалд орвол Элчин сайдын яаманд итгээд, нэн даруй мэдээлэл өгөөч ээ. Нуун дарагдуулах тусам маш хүнд байдалд ордог. Энэ хэрэг бол зодуулсан, зодсон охид, насанд хүрээгүй хүүхдүүдийн хооронд болсон. Иргэд хоорондын асуудлыг улс орны харилцааны түвшинд авчирч, нөгөө орныг муухай харагдуулах, ойлголт төрүүлэхээр мэдээ мэдээлэл хиймээргүй байна. Маш болгоомжтой байхгүй бол хоёр орны найрамдалт харилцаа, бусад хөгжиж буй салбарт сөргөөр нөлөөлөхийг аль аль улс нь хүсэхгүй байна.

Монгол Улс бүх улс оронтой найрсаг харилцаатай байдаг нь манай үнэт зүйл шүү. Тиймээс иргэддээ үзэл бодлоо илэрхийлэхдээ асуудлыг нарийн нягталж, гадаад улс орон холбогдсон асуудалд болгоомжтой байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

Элчин сайд Н.Эрдэнэтуяагийн хувьд мэргэжлийн дипломатч, солонгос хэлтэй. Тэндээ Элчин зөвлөхөөр ажиллаж байгаад, Элчин сайд болсон. Гадаад харилцааны яаманд 26 жил ажиллаж байна. Ц.Өнөрзаяа Консулын хувьд улс төрийн томилгоо байсан. Өмнө нь БНСУ-д ажиллаж амьдарч байсан, хуулийн чиглэлийн хүн юм байна лээ.

Орны хүмүүсийг яриагүй байна. Мэдээж мэргэжлийн томилгоо хийнэ. Аль болохоор мэргэжлийн томилгоо хийхээр, улс төрийн оролцоо бага байлгахыг хичээдэг. Хэргийн тухайд хоёр бага хүүхдийнх нь хаагдсан. Гурван үндэслэлээр нэмж шалгаж байгаа юм билээ. Хохирогчийн ээж өнөө, маргаашгүй төрөх гэж буй эмэгтэй юм билээ. Хувийн мэдээллийг нь олон нийтийн хэрэгслээр битгий явуулаач ээ. Сэтгэл санаа үймүүлж байгааг тэд хэлж байна. Одоогоор хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна. Өмгөөлөгч авсан гэсэн мэдээлэлтэй байна” гэлээ.


Х.БАТТУЛГЫН "ЯВУУЛСАН" ДИПЛОМАТУУДЫГ ЭГҮҮЛЭН ТАТНА

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайд Н.Эрдэнэтуяа болон Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа нарт хариуцлага тооцон эгүүлэн татах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Ерөнхийлөгч Элчин сайдуудыг томилох, эргүүлэн татах бүрэн эрхтэй. Тиймээс У.Хүрэлсүх энэ асуудлыг эцэслэнэ.

Тодруулбал, Өмнөд Солонгост хүчирхийлэлд өртсөн 13 настай охины асуудлаар тус улсад суугаа Элчин сайд болон Консул нарт хариуцлага тооцон, эгүүлэн татах шийдвэр гаргасан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяаг эгүүлэн татах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнгөрсөн Баасан гаригт хүргүүлсэн. Хэрвээ Ерөнхийлөгч уг саналыг дэмжвэл УИХ-д оруулах бөгөөд Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргах юм.

Харин Консул Ц.Өнөрзаяаг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бүрэн эрхийнхээ хүрээнд эгүүлэн татна. Дашрамд дурдахад, БНСУ дахь Элчин сайд Н.Эрдэнэтуяаг өнгөрсөн оны тавдугаар сард томилсон. Хүчирхийлэлд өртсөн 13 настай охины асуудлыг хэвлэлээс мэдлээ гэсэн нт олны шүүмжлэл татсан бөгөөд хохирогчийн ээж Элчин сайдын яамандаа хандах сонирхолгүй байгаагаа хэвлэлээр ярьсан.

Н.Эрдэнэтуяа нь өнгөрсөн гуравдугаар сард тус улсад суух Элчин сайдаар томилогдон очсон. Түүний өмнө тагнуулын экс дарга Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилсон ч Х.Баттулга итгэмжлэх жуухыг нь өгөөгүй юм. Н.Эрдэнэтуяа нь төрийн албанд 26 жил ажилласнаас 23 жилийг дипломат албанд өнгөрүүлсэн бөгөөд туршлагатай албан хаагч гэгддэг. Харин Ц.Өнөрзаяа нь  Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Ш.Цогтоогийн охин. Ш.Цогтоо нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн гэгддэг. Өнгөрсөн хавар Үндсэн хуулийн цэцээс тэтгэвэртээ суусан.  Түүнчлэн Ц.Өнөрзаяаг Ерөнхийлөгч асан Х.Баттулга БНСУ-д суух Элчин сайдаар томилуулах хүсэлтэй байсан ч МАН-ынхан дэмжээгүй юм.

Дашрамд дурдахад, Х.Баттулгын үед гадаад бодлого алдагдаж, Элчин сайд нараа томилж чадахгүйд хүрч байсан. Мөн М.Энхсайхан, С.Баяр нарыг тэрбээр эгүүлэн татаж, улс төрийн ял шийтэл оноож байлаа.

Энэ асуудлаар тун удахгүй Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөс тодруулан хүргэх болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж