Сурагчдын амралтад зориулсан тусгай хөтөлбөр бэлтгэе!

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

Сурагчдын амралтад зориулсан тусгай хөтөлбөр бэлтгэе!

Сурагчдын амралтад зориулсан тусгай хөтөлбөр бэлтгэе!

Сурагчдын амралт эхэллээ. Хичээлийн хоцрогдлоо нөхөх гэж чамгүй хичээсэн сурагчид 45 хоног амарна. Салбар яамны мэргэжилтнүүд аль болох даалгавар бага өгч, хүүхдүүдийг амраахыг зөвлөж буй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд хөл хорионд орж, теле хичээлээс өөр юм үзсэнгүй. Хичээлээс гадна тэдний тархийг амрааж, хөгжүүлэх хүүхдийн нэвтрүүлэг ч гарсангүй.

Стандартын дагуу өргөн нэвтрүүлгийг бага насных, өсвөр насных, насанд хүрэгчид, бүх насныханд зориулсан зэргээр тав ангилдаг. Гэвч энэ стандартыг биелүүлдэг телевиз Монголд алга. Телевизийн суваг эргүүлэхэд хүүхдэд зориулсан тусгай хөтөлбөр, нэвтрүүлэг хайгаад ч олохгүй.

Монгол Улсад 169 телевиз бий ч хүүхдэд зориулсан суваг нь зөвхөн “Dream box”. Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан судалгаагаар 3-4 телевизээс бусад нь хүүхэд, залуучуудад зориулсан нэвтрүүлэггүй гэж үнэлэгдсэн байдаг. Түүнчлэн телевизүүд сард дунджаар 18 цагийн хүүхдийн нэвтрүүлэг, 21 цагийн хүүхэлдэйн кино гаргадаг бөгөөд хүүхэлдэйн киноны 96 хувь нь гадаадын контент байдаг аж.

Монгол Улсад хүүхдийн нэвтрүүлгийн дамжуулалт дэлхийн дундажтай харьцуулахад 51 хувиар бага, хүүхдийн кино, хүүхэлдэйн киноны дамжуулалт долоо дахин бага байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Хуулиар МҮОНРТ нь татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж, нийтийн эрх ашгийн төлөө ажиллах чиг үүрэгтэй байгууллага. Энэ үүргээ биелүүлж, сурагчдын амралтад зориулсан тусгай хөтөлбөр бэлтгэх шаардлагатай байна.

“Хүүхэд ба зурагт үзэлт” сэдвээр МУБИС-ийн Сэтгэл судлал, заах арга зүйн тэнхимийн доктор, дэд профессор Ц.Баярмаа судалгаа хийсэн байдаг. Түүний судалгаагаар хүүхдэд зориулсан контент 2016 оны долдугаар сараас 2017 оны зургадугаар сар хүртэл нийт гарч байгаа нэвтрүүлгүүдийн 6.2 хувийг эзэлж байсан. Гэтэл 2018 оны долдугаар сараас 2019 оны зургадугаар сар хүртэл энэ хувь 6.9 хувь болж өсчээ.

Эндээс харахад, Монголын телевизүүд хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, контентын эзлэх хувийг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж байгаа ч агуулгын хувьд тийм ч хангалттай биш байна. Өөрөөр хэлбэл, хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшилд нийцэхгүй байна гэсэн үг. Жишээлбэл, “Пороро”, “Тобот”, “Монкарт” зэрэг гадаадын олон ангит хүүхэлдэйн киноны эзлэх хувь 2016 онд 44.16 хувь, 2017 онд 54.60 хувь, 2019 онд 59.01 хувь болж жил ирэх ирэх тусам нэмэгдэж байна.

Нэг талаасаа дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхах, гадаад хэл сурах, зарим талаараа хүмүүсийн харилцааны талаар ойлголттой болж байгаа мэт. Нөгөө талаасаа гадаадыг шүтэх, Монголын зан заншил, өв соёл, монгол эх орноороо бахархах, монгол хүмүүсийн хоорондын харилцаа, хүмүүжлийн тал дээр сөрөг нөлөөлөл үзүүлж байна.

Телевизүүд хүүхдэд зориулсан  нэвтрүүлгээ нэмэгдүүлэхийн тулд гадаадаас шууд хүүхэлдэйн кино орчуулан хүргэж байгаа байдал 2016-2017 онд 64.1 хувь,  2017-2018 онд 68.2 хувь, 2018-2019 онд 73.7 хувь болж нэмэгдсэн байсан. Хүүхдэд зориулсан контент жил ирэх тусам тооны хувьд ихэсч байгаа хэдий ч агуулгын хувьд хүүхэлдэйн олон ангит кино ихэссэн байгааг харж болно.

Гадаадын олон ангит хүүхэлдэйн киног телевизүүд монгол орчуулгатайгаар ямар нэг хяналт, шалгуургүйгээр гаргаж байгаа нь хүүхдийн төлөвшилд их сөргөөр нөлөөлж байна. Зарим нэг гадаадын олон ангит хүүхэлдэйн кино хүүхдийн зан төлөв, харилцаа, амьдралын асуудалд эерэгээр хандаж, хэрхэн шийдвэрлэхийг тусгаж өгдөг ч Монголын соёл, өв уламжлал, зан заншил, эх оронч үзлийг бууруулж байгаа нь ажиглалт судалгааны явцад харагдсан. Үнэн хэрэгтээ хүүхэд тэр олон ангит хүүхэлдэйн киноноос юу сурч байна вэ.

Хүүхдүүд гадаа тоглохдоо хүүхэлдэйн киноны баатруудад хувилж тоглох, тэдний үг хэллэгийг дуурайн хэлэх, хэрэв өөр хүүхэд тухайн хүүхэлдэйн киног үзээгүй бол хэрхэн ямар үйлдэл гаргадгийг болон үг хэллэгийг заан өгч байгаа байдал ихээхэн ажиглагдсан. Өөрөөр хэлбэл хүүхэд сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэхдээ хүүхэлдэйн киноны баатруудын үг хэллэг, үйл хөдлөлийг дуурайж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж