"Авсан шагналдаа эзэн болж, цаашдаа улам хичээх болно"

Хуучирсан мэдээ: 2021.12.13-нд нийтлэгдсэн

"Авсан шагналдаа эзэн болж, цаашдаа улам хичээх болно"

"Авсан шагналдаа эзэн болж, цаашдаа улам хичээх болно"

Монголын хөлбөмбөгийн шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээ өчигдөр (2021.12.12) боллоо. Өнгөрсөн жил цар тахлын улмаас анх удаагаа виртуал хэлбэрээр болж байсан уг арга хэмжээ энэ удаад уламжлалт байдлаар халдвар хамгааллын дэглэм дор зохион байгуулагдав.

Арга хэмжээний нээлтэд зориулан Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар үг хэлж, Арсенал болон Японы шигшээ багийн хамгаалагч Такэхиро Томияасү мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг түүний зөвлөх Т.Мэндсайхан дамжуулсан юм.

2021 оны "Алтан бөмбөг"-ийн эзэн "Шилдэг эрэгтэй тоглогч"-оор Атлетик 220 болон Монголын үндэсний шигшээ багийн хагас хамгаалагч А.Тэмүүжин анх удаа тодорлоо. А.Тэмүүжин “Алтан бөмбөгийн эзэн болсондоо баяртай байна. Авсан шагналдаа эзэн болж, цаашдаа улам хичээх болно. Дараа жил багаараа аваргынхаа цомыг хамгаалахыг зорино” гэв.

"Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал"-ыг Монголын хөлбөмбөгт үнэтэй хувь нэмэр оруулсан "Дэрэн" клуб хүртсэн юм. Тус багийн эзэн Г.Мөнхчулуун “Өнөөдрийн арга хэмжээ сайхан боллоо. Энэ жил манай баг анх удаа дээд лигээс мөнгөн медаль хүртлээ. Үүнд баяртай байна. Их залуу бүрэлдэхүүнтэй байгаа. Энэ багаараа цаашдаа олон амжилт үзүүлнэ гэж итгэж байна. Дараа жил 16 нас хүрэх 40 хүүхэд байна. Тэднээс олон хүүхэд дээшээ гарч ирэх байх. Бид тогтвортой хөгжинө гэж бодож байна. Ирэх жил түрүүлэхийн төлөө зүтгэнэ” хэмээн ярилаа.

Нийтийн хөлбөмбөгийг хөгжүүлэх чухал үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан Говь-Алтай аймгийн хөлбөмбөгийн холбоо энэ оны "Грассрүүтс хөлбөмбөгийн үндэс" шагналын эзнээр тодорсон.

2021 оны "Эмэгтэйчүүдийн лиг"-ийн аварга UBC клубын дасгалжуулагч В.Мөнхжаргал хоёр дахь удаагаа "Алтан бөмбөг"-ийн эзэн болов. Шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч болсон тэрбээр ярихдаа “Энэ жил цар тахлын улмаас лиг маань хүнд, шахуу боллоо. Дундуур нь шигшээ багийн ажил байлаа. Бид өмнөх жилийнхээ амжилтыг давах зорилготой байсан. Гоол алдалгүй, хожигдолгүй аварга болно гэсэн зорилготой байсан ч хүрч чадсангүй. Гэхдээ аваргаа хамгаалж, нэг гоол алдаж, нэг тэнцлээ. Аваргаа хамгаалж чадсандаа туйлын баяртай байна. Ирэх жил мөн яг энэ бүрэлдэхүүнээрээ аваргаа хамгаалж, амжилтаа ахиулахын төлөө өрсөлдөнө” гэв.

2021 оны тоглолтуудыг шударгаар шүүн явуулж, шилдэг нь байж чадсан Монголын хөлбөмбөгийн холбооны А ангиллын шүүгч Б.Хаш-Эрдэнэ "Алтан шүгэл" шагнал хүртлээ.

2021 оны "Шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагч"-аар Атлетик 220 клубын дасгалжуулагч Б.Гарьдмагнай хоёр дахь жилдээ дараалан тодорлоо. Б.Гарьдмагнай “Энэ шагналыг хүртсэндээ их баяртай байна. Нийт багийнхан, эзэд, спонсорууддаа баярлалаа гэж хэлье. Цар тахлын энэ хүнд хэцүү үед хөлбөмбөгийг спонсорлоно гэдэг амаргүй. Хөлбөмбөгийг дэмжиж байгаад нь баярлалаа. Ирэх оны нэгдүгээр сарын 10-наас эхлэн “AFC Cup”-ын бэлтгэлдээ гарна. Үргэлжлүүлээд лигийн бэлтгэлдээ гарна. Дараалсан бэлтгэлүүд л хүлээж байна даа” гэлээ.

Олон нийтийн саналаар тодруулсан 2021 оны "Шилдэг гоол" шагналыг "Би Си Эйч Лионс" клубын тоглогч Ч.Бат-Ирээдүй хүртлээ.

2021 оны "Шилдэг эмэгтэй тоглогч"-оор Арвис клуб болон Монголын үндэсний эмэгтэйчүүдийн шигшээ багийн довтлогч Ө.Ундрах анх удаа тодорлоо. Тэрбээр ярихдаа “Сэтгэгдэл маш өндөр байна. Энэ жил гадаа талбайн шилдэг довтлогч боллоо. Мөн футзалын цомын тэмцээний шилдэг довтлогчоор тодорлоо. Одоо гадаа талбайн лигийн аварга болох л зорилготой байна” гэв.

2021 онд байрлал бүр дээр шилдэг нь байсан шилдэг 11 тоглогч

  • Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ – Атлетик 220
  • Хамгаалагч: О.Даваадэлгэр – Дэрэн
  • Хамгаалагч: О.Мөнх-Оргил – Дэрэн
  • Хамгаалагч: Г.Бат-Оргил – Улаанбаатар Сити
  • Хамгаалагч: Т.Дөлгөөн – Дэрэн
  • Хагас хамгаалагч: А.Тэмүүжин – Атлетик 220
  • Хагас хамгаалагч: Х.Цэнд-Аюуш – СП Фалконс
  • Хагас хамгаалагч: Б.Батмөнх – Дэрэн
  • Хагас хамгаалагч: А.Дөлгөөн – Дэрэн
  • Довтлогч: Б.Балжинням – Улаанбаатар
  • Довтлогч: Н.Наранболд – Атлетик 220
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж