"Эмч ээ, туслаарай. Өндрөөс унаад гэмтчихлээ", "Хүн ирээд толгой хагалчихлаа", "Тусламж хэрэгтэй байна, эмч дуудаач" гэх мэтчилэн амь гуйсан хүмүүс Гэмтлийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг орчмоор холхино. Осол аваарийн дуудлага багасч, хөлдөж осгосон хүмүүс ирэх нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад багассан ч архинаас хамааралтай болон гэнэтийн бэртэл, гэмтлийн улмаас эмнэлэгт хандах хүмүүсийн тоо нэмэгджээ.
Улирлаас үл хамааралтай ачаалал өндөр байдаг салбар бол эрүүл мэндийн салбар. Тэр дундаа осол, гэмтлийн дуудлага нэг ч өдөрт тасардаггүй газар Гэмтэл согог судлалын үндэсний төв. Бусдын санаатай үйлдэл болоод хайхрамжгүй байдлын улмаас тус эмнэлгээр үйлчлүүлэх хүмүүсийн тоо өдөр бүр харилцан адилгүй ч эмч, ажилтнуудад амрах минут олгодоггүй тус эмнэлгийн ачаалал хэр байгааг бид энэ удаа сурвалжиллаа.
Гэмтэл согог судлалын үндэсний төв Баасан гаригийн шөнө хамгийн их ачаалалтай байдаг аж. Эмч нар толгой өндийх завгүй, нааш цааш гүйлдэнэ. Яаралтай хүлээн авах тасгийн эмч “Хүүе, ар гэр нь биш бол ганцаараа ор", "Ямар шалтгаантай явж байна. Гэмтсэн бол дугаарлаад, бүртгүүлээд, зөвлөсөн хэсэг рүү орно. Гаднын хүн орох хориотой. Эхлээд эмчдээ үзүүлээд рентген, томографид үзүүл” гэх зөвлөгөөг өгсөөр.
БААСАН ГАРИГИЙН ШӨНӨ АЧААЛАЛ ЭРС НЭМЭГДДЭГ
22:40 цаг: Баасан гаригийн “төрсөн өдөр”-өө хэтрүүлэн тэмдэглэсэн залуусын нэг ГССҮТ-д иржээ. Уураа барьж ядах 20 орчим насны залуу хамраа дарсаар хараалын үг урсгана. Удалгүй утас нь дуугарч “Би чамд гомдол гаргахгүй, эр хүн шиг учраа олъё гэсэн юм, айгаагүй бол хүрээд ир” гэсээр утсаа салгаж удалгүй эмчийн өрөө рүү орлоо. Хэсэг хугацааны дараа хөмсөг, хамраа боолгуулсаар дахин утсаар ярьж “эр хүн” шиг учраа олохоор гарлаа. Араас нь найзууд нь дагаад гарав.
Найзуудынх нь тайлбарласнаар, бааранд бүжиглэж байгаад ялихгүй шалтгааны улмаас бусадтай муудалцжээ. Зодоон хийсэн болон найзыг нь зодсон залууг огт танихгүй гэнэ. Омгоо дарж чадахгүй залуус орой үдшийн цагаар осол их хийдэг бололтой. "Болгоомжтой л явж байгаарай гээд байхад" хэмээн шагайгаа булгалсан зээгээ рентгенд харуулахаар зогсох эмээ хүүдээ үглэнэ.
Эмнэлгийн үүдэнд сууж буй 50 орчим насны эрэгтэй “Баларсан юм боллоо. Өнөөх чинь тохиролцъё гэсэн чинь шүүхдэнэ гэнэ. Одоо гэмтлийн зэргийг нь тогтоолгох гээд үүдэнд нь хүлээж байна. Уур хүрээд, ганц цохисон биш буруудлаа” гэнэ. Энэ мэт үглэсэн, уйлсан, өөрийгөө зэмлэсэн, бусдыг хараасан хүмүүс эмнэлгийн хүлээн авахаар пиг дүүрэн. Эмч нар арга ядаж “Асуудлаа гарч шийд. Энд та нарын чанга дуугаар ярьдаг талбай биш. Өвчтөнүүд хүлээж авдаг хэсэг” гэж хэлэхийг ч тоож сонсох хүн алга байв.
ЦАГДААД БИШ ЭМЧИД ҮЗҮҮЛЭХ ГЭЖ ИРСЭН ХЭМЭЭН ХӨЛЧҮҮРХЭНЭ
23:40 ЦАГ: Мөн л бусадтай зодолдсон бололтой толгойгоо дарсаар цусандаа хутгалдсан залуус орж ирлээ. Нэг нь толгойгоо хагалуулсан бололтой, бас доголжээ. Толгойдоо боолттой залуу “Эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж байна. Одоо цагдаад мэдүүлэг өгчхөөд харина” гэв. Эдгээр залуусыг орж ирэхэд бүртгэлийн ажилтан хүлээн авч, цагдаа мэдүүлэг авсны дараа эмч үзлэг хийх аж.
Эмчид эхлээд үзүүлнэ хэмээн зөрүүдлэх залууг үзүүлэхээр дугаарлах үед цагдаа хэдэн зүйл тодруулна гэв. Харин хүчирхийлэлтэй холбоотой дуудлага дээр тусгай сэтгэлзүйч, эмч, цагдаа ажилладаг байна.
Гэмтлийн эмнэлгийн хүлээн авах тасагт өрнөх шөнийн амьдралд ямар ч амралт байхгүй. Түлэгдсэн нярай, нохойд хазуулсан хүн, согтуудаа бусдад зодуулсан, нэгэнтэйгээ муудалцаж, тархиа хагалсан залуус гээд энэ эмнэлгийг зорих шалтгаан мундахгүй их аж. Ямартай ч Баасан гариг учир ачаалал бүр ч их байгааг хүлээлгийн хэсгийн бүртгэлийн ажилтан хэлсэн юм.
Долоо хоногийн энэ гаригийн шөнө архи үнэртүүлсэн, цусандаа хутгалдсан нүд халтирам дүр зураг гэмтлийн эмнэлэгт бүр ч их аж. Учир нь идэр насныхнаас эхлээд ахимаг насны архины хамааралтай хүмүүс гэмгүй царайлаад ирцгээдэг гэнэ.
ДОРОМЖИЛСОН ГЭХ ШАЛТГААНААР ЗОДОЛДОЖ, ГЭМТЭЛД ХҮРГЭГДЭЖ ИРЖЭЭ
Доргиж байгаад хэтрүүлсэн 20-30 орчим насны залуус тус эмнэлэгт цөөнгүй ирэх аж. Ар гэрийнхэн, асран хамгаалагч байхгүй гэх 35 орчим насны залуу нуруундаа хүнд бэртэл авчээ. Тэрбээр бусдад зодуулж, нуруундаа хутгалуулсан тул арай ядан алхана. Цагдаа нар түүнийг сурагласаар тасаг руу орох нь тэр.
23:40 ЦАГ: Таяг тулсан өндөр настай ээж нь 50 орчим насны хөлчүү хүүгээ дагуулсаар эмнэлэгт ирлээ. Архи ханхлуулсан хүү нь бэртсэн эсэхээ ч мэдрэхгүй байгаа бололтой харагдана. Ээж нь эмчид “Манай энэ хүү ажлаа тарж яваад бусдад зодуулсан байна. Гудамжны мухарт ухаангүй хэвтэж байсан байна” гэнэ. Мөн л залуухан эмэгтэй нөхөртөө зодуулж хамраа гэмтээсэн бололтой эмнэлгээр нэг ёолж, уйлна. Өвдөлтөө тэсч ядах эмэгтэйг өрөвдөх нэг нь урдуураа оруулж байхад олон цаг дугаарласан зарим нь уурлаж, шударга байхыг шаардана. Өвдөлтөө тэсээгүй эмэгтэй ширлэж эмч рүү орлоо. Ээж нь бололтой 60 орчим насны эмэгтэй “Манай охинд өнөөх хар юм нь дахиад гар хүрчихжээ. Өмнө нь өөрөө нуугаад байсан. Одоо хамрыг нь хугалсан бололтой. Яадаг билээ, нэг өдөр хүний гарт охиноо алдах юм байна. Эсэн мэнд дээр нь охиноо салгаж авъя” гэж утсаар ярина.
Найман настай болов уу гэмээр хүү нохойд уруулж, ээж нь нохойн эзэнтэй хамт эмнэлэгт иржээ. Удалгүй ээж нь хүүгээ дагуулан эмчийн өрөө рүү орох гэтэл нохойн эзэн цуг орохыг хүссэн ч эмч уурлаж, хаалганы цаана үлдээв. Нохойн эзэн эмэгтэй байн байн хаалгаар шагайж, хохирлын хэмжээ их байх вий гэсэн шиг санаа нь зовно. Утсаар ярина “Өө, эмнэлэгт ирчхээд хүлээж байна. Одоо хэчнээн төгрөг нэхэхийг нь мэдэхгүй. Хэр хүнд бэртсэнийг мэдэхгүй. Уг нь харахад хөнгөн л байх шиг байсан даа. Намайг оруулсангүй” гэнэ.
Нохойн эзэн “Манайх уг нь нохойгоо сул тавьдаггүй юм. Гэтэл өнөөдөр сул тавьсан чинь хашаанаас гараад хойно гүйж байсан хүүхдийн хөлөөс зуужээ. Уг нь айхтар хазаагүй юм шиг байгаа юм. Гэхдээ манай нохой сул байхаар хүн урчих гээд байдаг юм. Өнгөрсөн зун бас сул тавьсан хойно хашаанаас гарч хүн урж бэртээсэн. Тухайн үед хоорондоо тохиролцоод өнгөрсөн. Одоо яадаг байгаа юм” гэж хэнэггүйхэн хариулав.
Оройн ээлжид ажиллаж буй эмч “Өнөөдөр чинь ямар их ачаалалтай өдөр байна аа. Тэгээд дандаа согтуу шүү” гэх.
ГССҮТ-д хүйтний улиралд согтуу хүмүүс эрүүлжүүлэх байр шиг хонож өнжих нь энүүхэнд ажээ. Эмч хэн нэгэнд хандан, дамнуурга (носилк) дээр буруу харан, ухаан мэдрэлгүй хэвтэж буй хүнийг зааж, “Хүүе, тэр носилк дээр унтаж байгаа хүн одоо архи нь гарсан байх, гайгүй бол сэрээгээд явуул” гэж тушааж харагдана.
ГССҮТ-ийн хамгийн их ачаалалтай, яаралтай хүнд өвчтөн хүлээн авдаг тасаг бол Амилахуйн тасаг. Энд хүний амь секунд долиор хэмжигдэж, эмч нар үхэлтэй тэмцэлддэг. Хөшигний ард “Хүүе, зүрхний цохилт нь уналаа, гуурс авчир, хурдал, чи андуурлаа, анхааралтай бай л даа” гэх зэрэг эмч, сувилагч нарын хоорондын ширүүн яриа хагалгааны өрөөнд өрнөнө. Ийм ч учраас амилахуйн тасагт хамаагүй нэгнийг оруулахгүй. Маш хүнд бол яаралтай мэс засал хийдэг бололтой.
ГССҮТ-д хэсэг саатахад л ийм дүр зурагтай байна. Хүмүүсийг ажиглавал дийлэнх нь архи, согтууруулах ундааны зүйл хэргэлэсний улмаас бэртэж гэмтжээ. Баасан гаригийн оройн энэхүү зураглал эмнэлэг хүсэх зүйл биш гэдгийг батлан харуулна. Балгасан балгаа үүрч чадахгүй хүмүүсийн тусламж эрэх эцсийн цэг нь энэ эмнэлэг гэхэд хилсдэхгүй болжээ.
Холбоотой мэдээ