Монголчууд хоёр хөршөөсөө хамаарч дотоодын нөхцөл байдал, худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, хомсдолд орсоор багагүй хугацааг үдэв.
ОХУ-ын талаас гэнэтхэн нийлүүлэх ёстой шатахуунаа нийлүүлэхгүй хэмээн мэдэгдэж, монголчууд өдөржин, шөнөжин шатахуундаа дугаарлаж байв. Харин ОХУ-ын талтай тодорхой зөвшилцөлд хүрч, ойлголцсон учраас нийлүүлэх ёстой шатахуунаа нийлүүлж, мөн Засгийн газар БНХАУ-аас шатахуун импортлохоор тохиролцож, энэ асуудал хэсэгтээ намжсан. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын талд тодорхой буулт хийж, өр тэглэж, Х.Хэрлэнг УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар томилуулсан гээд олон үйл явдал өнөөдөр ч өрнөж буй. Мөн УБЗТ-ын өрийг тэглэх асуудлыг ч УИХ-аар хэлэлцэж буй.
Түүнээс гадна монголчууд ОХУ-аас эрчим хүчний хараат. Тиймээс ч баруун аймгуудад хэд хэдэн усан цахилгаан станц барих асуудлыг сүүлийн 10 гаруй жил ярьж байгаа ч ОХУ-ын талтай ойлголцож чадаагүй, төсөл нь гацсаар ирсэн. Харин энэ удаад Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг эхлүүлэх зорилгоо Засгийн газар эрчимжүүлсэн ч мөн л асуудалтай тулгарч, бүр сумын Иргэдийн хурал нь цуцлах шийдвэр гаргаад сууж байх. Энэ мөн л маргаан дагуулсан, хойд хөрштэйгөө ойлголцох асуудлын нэг.
Одоогоос хоёр сарын өмнө БНХАУ-ын Эрээн хотод Сovid-19-ийн нэг тохиолдол бүртгэгдсэний дараа Хятад улс Замын-Үүд Эрээний хилээ хаасан. Талх, түлшнийхээ уутыг ч Эрээнээс авдаг монголчуудын хувьд өнгөрсөн хоёр сарын хугацаанд хомсдолд орж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байв. Энэ хугацаанд “Мал, махтайгаа байхад Монгол баян” хэмээн чээжээ дэлдэж байсан монголчууд юм юмны л хомсдолд оров. Түүнээс хойш бүтэн хоёр сарын хугацаанд хил хаалттай байж, Монгол Улсын Засгийн газар чадах хэмжээгээрээ ажиллаж, өнөөдөр хил нээгдэж, ачаа бараагаа татаж эхлэв.
Өнгөрч буй долоо хоногийн сүүлээс эхлэн БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд Эрээний боомтын үйл ажиллагааг сэргээж, тодорхой бараа бүтээгдэхүүнийг татан авах ажиллагаа эхлэв. Гэхдээ эхлээд түгжирсэн ачаа тээврийг татах ажиллагааг эхлүүлэхээс өмнө яг хил дээр гацсан машинуудыг нэвтрүүлэх, түүний араас ачаа тээвэр, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх ажлуудыг эхлүүлэхээ Засгийн газраас мэдэгдээд буй.
Хоёрдугаар сард БНХАУ-д өвлийн олимпийн наадмаар "тэг халдвар" гэсэн зарчмыг Хятадын тал баримталж, Covid-19 цар тахлыг дотооддоо тархаахгүй байхад онцгой анхаарч, хатуу шаардлага тавьж, бид ч үүнд нь тааруулж, нэг ч гэсэн машин гаргах гэж хичээн ажиллаж байна.
Хэдийгээр Covid-19-ийн цар тахалтай, хүнд хэцүү цагийг туулж байгаа ч хоёр том хөрштэйгөө ямар харилцаатай байх, гадаад бодлогын асуудалд шинэ Засгийн газар ямар бодлого баримтлах, цаашид ямар харилцаатай байх гээд олон асуудалд хариулт өгсөн өдрүүд байлаа.
Энэ жил Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэж байна. Ерөнхийлөгчийн айлчлалаас өмнө ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Л.В.Оверчук, хатагтай В.В.Абрамченко нар Монголд айлчилж, эрчим хүчний байгууламж, Улаанбаатар төмөр замын тээвэрлэлтийг эрчимжүүлэх, шинэчлэх, хилийн боомтын чадавхийг сайжруулах, чөлөөт бүсийг урагшлуулах зэрэг олон асуудлыг тохиролцож, хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийн ажлын явцад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд буцсан. Мөн УБТЗ-ын даргаар Х.Хэрлэнг томилсон зэрэг нь Ерөнхийлөгчийн айлчлалын өмнөтгөл байсан.
Энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ анхны албан ёсны айлчлалаа хийнэ. Түүний энэ удаагийн айлчлалаас бид юу хүлээх вэ. Ялангуяа эрчим хүч, шатахууны асуудлаар бид ОХУ-аас хараат байх эсэх, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, төмөр зам гээд олон асуудалд Ерөнхийлөгч шийдвэртэй ирэх болов уу гэсэн хүлээлт бий.
Ерөнхий сайд ирэх хоёрдугаар сард өвлийн олимпийн үеэр БНХАУ-д айлчилж магадгүй гэсэн мэдээлэл бий.
Хэсэг хугацаанд шатахууны хомсдолд орж, хилээ бүрэн хаалгасан ч хоёр хөрштэйгөө тохиролцож, ойлголцож чадлаа. Цаашид бид гадаад бодлогодоо хэрхэн анхаарч ажиллах, Монгол Улсын хөгжлийн бодлого, ирээдүйн төлөө ямар бодлого зарчим баримтлах гээд олон зүйл ойлгуулсан сарууд байлаа. Кремльд зочлох Ерөнхийлөгчийн анхны албан айлчлалаас дараагийн Ерөнхий сайдын айлчлалын дүр зураг ч гарч болох юм.
Холбоотой мэдээ