Тайван намрын өнгө нь халиун
Тансаг олны итгэл халуун
Суугуул нутгийн уудам хөндий
Суурь сүргийн бараа дүүрэн” хэмээн отрын бэлчээрт гитар хөгжимтэй дуулах Болдоо хүүгийн дүр үзэгчдийн сэтгэлд үүрд мөнхрөв. Энэ дүрд Монголын хошин урлагийн загалмайлсан эцэг гэгддэг гавьяат жүжигчин Батзанын Батзаяа 16 насандаа анх тоглож, ард түмнийхээ сэтгэлд тэр л хүүгийн дүрээр хоногшин үлдсэн.
Тэрээр анх арван жилийн сургуулиа төгсөөд, Улсын багшийн их сургуулийн кино драмын ангид элсэхээр шалгалт өгсөн байна. Тэр үеэр найруулагч Д.Жигжид түүнийг олж харсан гэдэг. Удалгүй "Хөдөөгийн баясгалан" уран сайхны киноны пробонд орж, тэнцээд Архустай, Жанчивлан зуслан орчимд зураг авалтад орж байжээ.
"Би их азтай хүн. Тэр кинонд маань миний аав, ээжийн дүрд Ардын жүжигчин Б.Дамчаа, гавьяат жүжигчин Б.Энхтуяа эгч тоглосон. Харин хөдөөний хашир туршлагатай малчин Ширнэн өвөөгийн дүрд гавьяат жүжигчин Д.Найдан гуай тоглосон. Ард түмэн түүнийг “Хүргэн хүү” уран сайхны киноны Жамц баяны дүрээр нь сайн мэднэ дээ" хэмээн "Хөдөөгийн баясгалан" киноныхоо тухай дурсан ярьж байв.
Харин түүний тайзны анхны дүр бол С.Сугар найруулагчийн найруулсан хүүхдийн жүжгийн боохойн дүр. Тэрээр анх Хүүхэд залуучуудын театрт ороод удаагүй байхдаа энэ жүжигт тоглосон бөгөөд анхны дүр болоод ч тэр үү дүрдээ их хайртай гэдгийг ярьж байв. Мөн тэрээр театрт ороод уран бүтээлийн алтан партнёр жүжигчин Б.Туяатайгаа танилцсан түүхтэй.
Б.Батзаяа 1989 онд Хүүхэд, залуучуудын театраасаа өрх тусгаарлаж, Хошин урлагийн театрыг байгуулсан уран бүтээлч. Тиймдээ ч түүнийг Монголын хошин урлагийн загалмайлсан эцэг гэж хүндэтгэдэг.
Түүнтэй хамт жүжигчин И.Одончимэг, Б.Туяа, О.Энхтуул, Н.Амгалан, Н.Энхбаатар, гэрлийн техникч н.Хүрлээ нар театраасаа гарчээ. Сүүлд Л.Чаминчулуун, Д.Жагдаг нар нэмэгдэж, анхны тоглолтоо 1990 оны аравдугаар сарын 1-нд Соёлын төв өргөөнд хийсэн гэдэг. Тэр цагаас хойш Монголын хошин урлаг шинэ шатанд гарч, өнөө цагийн олон хамтлаг, продакшн "мэндэлсэн" билээ.
Тэрээр энэ тухайгаа ярихдаа "Би анх ардчилал үүсч байхад үйл хэргийг нь дэмжиж, яваад л театраа байгуулсан хүн. Ямар сайндаа би хошигнож “Бүх урлагийн дотроос хамгийн агуу нь кино гэж В.И.Ленин хэлсэн байдаг. Харин би бүх урлагийн дотроос хамгийн ардчилсан урлаг бол хошин урлаг” гэж хэлсэн" гэж инээмсэглэн суусан сан.
Түүнтэй өнгөрсөн жил уулзахад эрүүл мэндийн шалтгаанаар сүүлийн хэдэн жил урлагийн алтан тайзнаа гараагүй ч “Монголын хошин урлагийн нэвтэрхий толь” ном гаргахаар төлөвлөж, кино зохиол бичиж байгаагаа ярьж суусан нь саяхан мэт санагдана. Гавьяат жүжигчин Б.Батзаяагийн амьдрал гавьяа шагнал шигээ "азтай" байсангүй. Түүнд бусдын л адил алдаж, онож явсан үе бий. Гэлээ гээд ард түмэн түүнийг алдаа оноотой нь хайрласан. Өөрөө ч энэ амьдралдаа огтхон ч харамсдаггүй гэдгээ хэлж байв.
"Би чинь “Азтай бадарчин” наадмын хошой шагналтан. “Азтай бадарчин” бол Монголын хошин урлагийн сайхан наадам байсан. Би энэ наадмын тухай материал бэлтгэж, залуу уран бүтээлчдэд үлдээе гэж боддог юм.
Тийм учраас хамгийн отгон “Азтай бадарчин” Б.Отгонтуяадаа саяхан нэг санал тавьсан. Энэ “Азтай бадарчин” наадмын тухай телевизийн нэвтрүүлэг хийж, хотын гудамжинд өнгө нэмсэн жижигхэн хөшөө хийх юмсан гэж бодож явдаг. Энэ хүсэлтээ Хотын даргадаа уламжлая гэж боддог" талаараа хуваалцсан удаатай.
Холбоотой мэдээ