Үзэсгэлэнгийн танхимаас

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Үзэсгэлэнгийн танхимаас

Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд МУЭ-ийн хорооны гишүүн зураач Ц.Болдбаатар, барималч Ж.Энхтүвшин нарын “Алга дарам газар” хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн үргэлжилж байгаа билээ. Хоёр өөр зураач, хоёр өөр сэтгэхүйг тэдний уран бүтээл нэгтгэж байлаа. Учир нь энэ хоёр уран бүтээлчийн гол дүрслэл нь хүн. Тэд хүнээр дамжуулан амьдралын утга учир, хайр сэтгэл, өөр өөрсдийн уран сайхны өвөрмөц шийдлүүдийг уран бүтээлдээ илэрхийлжээ.
Москва хотын Суриковын нэрэмжит Урлагийн Академийг дүүргэсэн, урлаг судлалын дэд доктор Ж.Энхтүвшин нь уран барималч мэргэжил эзэмшжээ. Энэ үзэсгэлэнд түүний улс төрөөс ангид оршин буй хүний гоо сайхан, соёлоо магтан дээдэлсэн ёс суртахууны өөдрөг гэгээтэй үзлийг олон түмэнд түгээж, гэрэл гэгээтэй талаас нь дүрслэхийг эрмэлзсэн амьд бичлэгтэй жижиг баримал болон зураасан зургийн хэд хэдэн бүтээлүүд нь тавигджээ. Барималч Ж.Энхтүвшинтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Энэ таны хэд дэхь үзэсгэлэн бэ?

-Энэ миний хоёр дахь үзэсгэлэн. Анхных нь 2008 онд бие даасан үзэсгэлэнгээ гаргаад энэ жил зураач Ц.Болдбаатартай хоёр дахь үзэсгэлэнгээ хамтаран гаргаж байна.

-Хамтарсан үзэсгэлэнгийн онцлог нь юу вэ?
-Энэ хамтарсан үзэсгэлэнгийн онцлог нь 2008-2010 онд хийсэн шинэ бүтээлүүдээ дэлгэн тавьсан. Зураач Болдоо маань хөрөг зураг голдуу тавьсан бол миний хувьд зохиомж хийсвэрлэсэн зургуудаа дэлгэлээ.

-Таны “Эцэг” зургийн тухай ярилцья
-Энэ зурагны санаа нилээн эрт төрж байсан. Монгол эцгийг дүрслэн харуулсан. Анх эхийн хэвлийгээс төрөөд эцгийн өвөрт орно гэдэг санааг харуулах гэж зорьсон. Үр хүүхдээ хамгаалсан, талд алхаж буй баатарлаг эрээр монгол эцэг хүнийг  дүрсэлсэн. Мөн энэ миний хүүхэд байхдаа хийж байсан бүтээл. Санаа нь шувуу унтахдаа тэнгэртээ л ингэж унтдаг болов уу гэсэн. Энэ бүтээлээ дараа нь “Үдшийн анир” гээд модерн маягаар дахин хийсэн. Харахад зураг юм шиг мөртлөө цонхны тавцан дээр тавьчихсан баримал байгаа юм. Барималд усан оргилуурын төрөл гэж байдаг. Энэ барималаас санаа аваад хот чимэглэлийн төрөл дээр юм хийгээсэй гэж боддог.

-Таны бүтээлд монгол үндэсний ёс заншил, хувцас, монгол гэр гээд үндэсний хэв маяг зонхилох юм
.
-Монгол зураг гэхээр заавал хээ зурах биш санааны хувьд бодоод монгол гэр тооно, өвөг дээдсийн ёс заншилыг тусгасан. Өнөөдөр би зургандаа гэр зурсан нь олон зуун жил монгол туургатан эртнээс уламжлагдан ирсэн энэ сайхан зүйлээ амьдралын явцад мартагдуулаад гээгдэх вий гэсэндээ харуулсан. Чингис хаан маань хүртэл амьдарч байсан эсгий туургат гэрээ өнөөдөр бид амьдралын ачааллаас болоод анзаарахгүй хаяад гээгдүүлчих вий. Мэдээж морио жипээр, гэрээ хаусаар сольж болно. Гэхдээ энэ зүйл маань солигдоод алга болчих вий гэсэндээ зургандаа үлдээе гэж бодсон.

-Барималууддаа голдуу эмэгтэй хүнийг дүрсэлжээ?
-Эмэгтэй хүний гоо сайхнаар бүхнийг илэрхийлж болдог. Барималын гол дүрслэгдэхүүн эрэгтэй, эмэгтэй хүн болж байдаг. Барималын урлагийн хэллэгийн нэг онцлог нь хүнээр халуун, хүйтэн, салхи, бороо, хөдөлгөөнийг  харуулж болдог. Хүн бол өөрөө обьект нь болдог. Эмэгтэй хүнд бол бүгдээрээ цогц нийлж байж тэр эмэгтэй хүний онцлогын харуулж байгаа. Эмэгтэй хүн тарган ч бай туранхай ч бай гайхамшигтай үзэсгэлэнтэй байдаг. Тэрийг бүтээлдээ утга санаагаар илэрхийлэхийн тулд ашигладаг. Хамгийн гол нь хүнийг өргөхийн тулд хүн бол үнэтэй зүйл гэдгийг энэ дээр дүрсэлж байгаа. Заримдаа хүн өөрийгөө их унагаж байна, хямдхан болж байгаа. Магадгүй энэ нүцгэн эмэгтэй хийж байсан ч хямдхан биеэ үнэлэгч эмэгтэйн дүр харагдахгүй байгаа болов уу гэж бодож байна.

-Дараагийн төлөвлөсөн ажлаасаа сонирхуулахгүй юу?
-Энэ үзэсгэлэндээ барималын чиглэлээр томоохон бүтээлүүд тавина гэж бодож байсан ч цаг хугацаанаас болоод амжаагүй. Тэгээд ч өөрийнхөө боломжоор ажилласан бүтээлүүдээ дэлгэсэн. Миний дараагийн төлөвлөгөөнд бол Германы барималч Эрмест Барлехын гоё үзэсгэлэн зохион байгуулсан танхимыг харж байсан. Түүн шиг хийх юмсан гэсэн төлөвлөгөө байгаа. Хүний хэмжээтэй арав хорин том баримал цагаан танхимд гоё харагдана. Тийм үзэсгэлэнг би эх орондоо одоохондоо хараагүй.

-Уран бүтээлч хүн бүтээлээрээ нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг илэрхийлэн гаргадаг уу?

-Тийм шүү. Гэхдээ уран бүтээлч хүний зорилго бол яаж энгийн амьдралд харагдахгүй байгаа тэр сайхан зүйлийг илүү өргөх вэ гэдэг үүрэг байдаг.  Би тийм л зорилготой байдаг.

-Хамтран үзэсгэлэнгээ гаргаж байгаа уран бүтээлчийнхээ тухай
-Долоон сарын сүүлээр үзэсгэлэнгээрээ холбогдон танилцсан. Тэгээд сайхан найзууд болоод өнөөдөр хамтраад үзэсгэлэнгээ олон түмэндээ дэлгэж байгаадаа баяртай байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж