Шүүхийн сахилгын хороо арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн зөвлөгөөнөөр эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хоёр хүсэлтийг хэлэлцэж, нэг шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, гурван шүүгчийг огцруулах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дагуу шинээр байгуулагдсан сахилгын хороо өргөдөл гомдлын дагуу санал хүсэлт хүлээн авч сахилгын хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Шүүхийн сахилгын хороо энэ оны арваннэгдүгээр сарын 18-нд бүрэн бүрэлдэхүүнээрээ бүрдэж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн.
Монгол Улсын Шүүхийн тухай хуульд тус хороо нь шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага байхаар хуульчилсан бөгөөд орон тооны есөн гишүүнтэй.
Тус хороо өнгөрсөн хугацаанд нийт зургаан удаагийн зөвлөгөөн зохион байгуулсан. Эдгээр зөвлөгөөнөөр Сахилгын хорооны зөвлөгөөний дэг, Сахилгын хэрэг, өргөдөл, мэдээлэл, гомдол, эсэргүүцэл, санал хүсэлт хүлээн авах, хуваарилах болон сахилгын хэрэг хянан шийдвэрлэх гишүүн, бүрэлдэхүүнийг томилох журам, Сахилгын хорооны ажлын албаны дүрэм, зарим шийдвэрийн загвар зэргийг баталсан байна.