Робот мэс засал хийх боломжтой болоод хэдэн жилийн нүүр үзэж буй ч, дэлхийн олон орны хувьд уг тоног төхөөрөмж нь хэт үнэтэй тусах юм. Түүнчлэн ашиглаж сурахын тулд тусгай мэргэжилтнүүд хэрэгтэй. Харин мэс заслын эмч нар өөрсдөө гар утас юм уу таблетаа ашиглаад шууд алсын зайнаас ажиллах боломжтой болвол яах бол.
Аливаа хүн эрүүл мэндийн үйлчилгээ авахад эмчтэйгээ шууд ойроос харилцах үндсэн зарчимд тулгуурладаг. Дэлхий дахинд нүүрлээд буй цар тахал үүнийг улам илүү ойлгуулж байна. Цар тахлын тархалтыг зогсоохын тулд олон ч мэс заслыг цуцалснаар өвчтөн, эмнэлэг болон нийгмийн хувьд сэтгэл санаа, эдийн засаг гээд сөрөг үр дагавруудыг дагуулсан билээ. Тийм учраас зарим тохиолдолд робот байрлуулж, нарийн мэргэжлийн мэс заслуудыг хийх шаардлагатай болсон. Ингэхдээ мэс засалчид аюулгүй зайнаас хяналтаа тавиж, тэр байтугай өвтнүүдтэй харилцах боломжтой байдаг давуу талтай. Анагаах ухааны чиг хандлагыг өөрчилж буй энэ трэнд нь цаашид ч үргэлжилсээр байх болов уу гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Дайны хөлд нэрвэгдсэн Ливан улсад хүүхэд насаа өнгөрөөсөн Надин Хачач-Харам гэх нэгэн эмэгтэй цар тахал гарахаас ч өмнө мэс заслын асуудлын талаар бодож явдаг байжээ. Учир нь тэрбээр хүүхэд байхаасаа мэс заслын тусламж үйлчилгээний тэгш бус хүртээмж нь ямар аймшигтай үр дагаварт хүргэдэг болохыг харж өссөн байна.
Тиймээс Надин Хачач-Харам дэлхийн өнцөг булан бүрт байх мэс заслын эмч нар ердөө компютер юм уу таблет ашиглаад л виртуал байдлаар ажлаа хийх боломжтой технологи зохион бүтээжээ. Энэ технологи нь аль хэдийн үр дүнгээ өгч, хүнд өвчтөнд туслаад эхэлжээ.
Өнөөдөр дэлхий даяар таван тэрбум хүн аюулгүй мэс засал хийлгэх боломжоор хомс байна. Үүний улмаас таван тэрбумаас ч олон хүн нас барж байгаа бөгөөд энэ нь ХДХВ, хумхаа, сүрьеэ өвчнөөр нас барагсдын тооноос ч илүү гараад байна.
Эх сурвалж: BBC
М.Наранжаргал
Холбоотой мэдээ