АНУ-ын баруун Кентаки дахь "Mayfield consumer products" нэртэй лааны үйлдвэр ердөө Талархлын баярын урьд өдөр л үйлдвэрийн цайны газарт баярын зоог барихаар инээмсэглэн сууж буй ажилтнуудынхаа зургийг нийтлэж байв.
Хоёрхон долоо хоногийн өмнө ажилчид баяр тэмдэглэж байсан уг лааны үйлдвэр өнгөрсөн Баасан гаригийн шөнө хар салхины улмаас газрын хөрстэй тэгшлэгджээ. Тухайн үед шөнийн ээлжний 100 гаруй ажилчин дотор нь байжээ. Маргааш өглөө нь 40 ажилтныг аварсан ба үлдсэн ажилтнууд одоо болтол сураггүй байна.
Лаа, вакс, тасалгааны үнэртүүлэгч үйлдвэрлэдэг тус үйлдвэрт тохиолдсон энэ эмгэнэлт явдлаас өмнө тэд хүний нөөцөө өргөжүүлэхээр цахим мэдээллийн хэрэгслүүддээ нээлттэй ажлын байр зарласан байв.
Эрлийн баг хар салхинаас болж сүйдсэн үйлдвэрийн балгасыг Бямба гаригаас эхлэн самнаж байна. "Mayfield" нь Кентаки мужийн баруун өмнөд хэсэгт Охайо болон Миссисипи голын бэлчир дагуу байрладаг үзэсгэлэнт хот юм.
Хар салхины улмаас 10 мянга орчим оршин суугчтай "Mayfield" хот нь эвдэрч нурсан барилга, хаа сайгүй тарсан хог хаягдал, үндсээрээ булгарсан мод бут, байрнаасаа хазайсан замын тэмдэг, унжиж санжсан инженерийн шугам сүлжээгээр дүүрч замбараагүйтжээ.
Амьд үлдсэн нэг ажилтны хэлж буйгаар, аврагчид түүнийг олохоос өмнө хоёр цаг гаруй нурангин доор дараатай байсан гэв. Тэрбээр үйлдвэрт гэрэл цахилгаан анивчаад эхлэх үеэр хар салхи дайрч байгаа нь мэдрэгдсэн гэжээ. “Энэ бол амьдралдаа үзсэн хамгийн аймшигтай зүйл минь байлаа. Миний чих яг л онгоцонд сууж байгаа юм шиг шуугиж эхэлсэн. Барилга нааш цаашаа нэг ганхсанаа гэнэт маш аймшигтайгаар нуран унасан” гэж тэрбээр NBC-д мэдээлжээ.
300 гаруй км талбайг хамарсан хар салхинд Кентакикийн баруун өмнөд хэсэг хамгийн ихээр өртөж хохирсон бөгөөд өөр ойр орчмын газруудаас амь үрэгдсэн хүн байгаа эсэх талаар тодорхой мэдээлэл алга байна.
Эх сурвалж: Reuters
М.Наранжаргал
Холбоотой мэдээ