ТОЙМ: Эрээний хил бүрэн нээгдэж, ачаа бараа татаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2021.12.12-нд нийтлэгдсэн

ТОЙМ: Эрээний хил бүрэн нээгдэж, ачаа бараа татаж эхлэв

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


МАН-ЫН ДАРГААР Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ СОНГОЛОО

МАН-ын 30 дахь их хурал өнгөрсөн Даваа гаригт /2021.12.06/ 09.00 цагаас эхэлсэн. 100 жилийн түүхтэй, эрх баригч намынхан энэ удаагийн хурлаараа хүний эрхийг хамгаалах хийгээд авлигатай тэмцэх бодлого танилцуулахаар болсон гэдгээ олон нийтэд мэдээлсэн юм. Тус хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 6-7-ны хооронд 08.00-23.00 цагийн хооронд үргэлжлэв.

Их хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг 99.7 хувийн саналаар МАН-ын даргаар сонгосон юм. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өрх толгойлсон ээждээ дэм болох гэж гүйсэн бяцхан охин өнөөдөр зуун жилийн түүхтэй улс төрийн ууган хүчний дарга Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах боломж тохиосон. Ардаараа овоглосон ардын намын хойч үедээ өгсөн үнэт зүйл гэж бодож байна. МАН залуучуудаа хэчнээн их дэмжиж чаддагийн илэрхийлэл юм. МАН зуун жил болсон ч үргэлж шинэчлэгдэж орь залуу байж чаддагийн нотолгоо энэ юм. Өнөөдөр надад улс төрийн эрх мэдэл, зоримог шийдэмгий ажиллах улс төрийн боломж ирж байна. Итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө өөрт байгаа бүхий л чадлаа дайчлан ажиллана” гэлээ.

Э.ОЮУНБОЛДЫН БАРИЛДАХ ЭРХИЙГ 8 ЖИЛЭЭР ХАСАВ

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал арванхоёрдугаар сарын 6-нд боллоо. Хурлаар МҮБХ-ны дүрмийн 11.28-д заасны дагуу улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр батлав. Хоёрдугаарт, Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасав.

Мөн Үндэсний бөхийн барилдааны дүрмийн VII бүлэгт заасны дагуу ёс зүйн зөрчил гаргасан аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан (2021 оны арванхоёрдугаар сарын 4-нд Ардчилсан намын нэрэмжит барилдааны нэгийн даваанд)-ыг нэг жилээр (давтан үйлдэл), сумын заан Ё.Гантулга (арваннэгдүгээр сарын 13-нд Бүх цэргийн наадмын барилдааны нэгийн даваанд), сумын заан О.Баяржаргал (Арваннэгдүгээр сарын 27-нд сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны тавын даваанд) нарын барилдах эрхийг зургаан сараар хасах шийдвэрийг тус тус гаргав.

"ХҮҮХДЭЭ ЦЭЦЭРЛЭГТ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЯВУУЛАХ БОЛ ХҮСЭЛТ ГАРГАНА"

Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-наас цаг үеийн асуудлаар /2021.12.07/мэдээлэл хийлээ.


БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.МЯГМАР:

УОК-оос Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дагуу Шадар сайд, Эрүүл мэнд, БШУЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын хамтарсан тушаалаар сургууль, цэцэрлэгийн амралтыг зохицуулах тушаал батлагдсан. Тодруулбал, цэцэрлэгийн үйл ажиллагаанд нийслэлд арванхоёрдугаар сарын 13-наас, орон нутагт арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоох шийдвэр гарсан.

Энэ хугацаанд гэртээ харах хүнгүй, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд буюу цэцэрлэгт зайлшгүй хамрагдах шаардлагатай хүүхдүүдээ цэцэрлэгт авна. Нөгөөтэйгүүр, хажууд нь харах хүн байсан ч тэр нь өндөр настай, эсвэл хүнд өвчтэй, гэрт нь түлээ нүүрс, халуун хоол ундгүй буюу амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдээ хүлээн авна.

Хүүхдээ цэцэрлэгт үргэлжлүүлж хамруулах хүсэлтэй эцэг, эхчүүд цэцэрлэгийн захиргаанд хүсэлтээ гаргана. Цэцэрлэгт хамруулах шаардлагатай хүүхдүүдээ холимог хэлбэрээр хамруулах зайлшгүй хэрэгтэй байгаа талаар УОК-т уламжилж, зөвшөөрөл авсан. Өөрөөр хэлбэл, гэртээ харах хүнгүй, ахуйн эрсдэлд өртөх магадлалтай 4-5 насны хүүхдүүдээ хүлээж авах бүлгийг зайлшгүй ажиллуулах шаардлагатай байна. Энэ хүрээнд цар тахлын үеийн дэглэмүүдээ баримтлан, нэг ангид байх хүүхдүүдийн тооны хязгаар хэвээр мөрдөгдөнө.

ЭРЭЭНИЙ ХИЛ БҮРЭН НЭЭГДЭЖ, АЧАА БАРАА ТАТАЖ ЭХЛЭВ

Гадаад харилцааны дэд сайд болон Эрээний ерөнхий консул, төрийн бусад холбогдох албаны мэргэжилтнүүд хамтран энэ сарын 8-нд хил дээр очиж ажилласан байна. Уг туршилтаар чингэлэг солилцох, тээвэрлэх бэлтгэл бүрэн хангагдсан гэж үзжээ.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин:

-Туршилт амжилттай болсон учир маргааш хил нээж, автозамын тээврийг хэвийн үргэлжлүүлнэ. Эхний ээлжид Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдэхээс өмнө ачаа бараатайгаа нэвтрээд хил дээр саатсан ачаатай машинуудыг гаргана. Түүний дараагаар чингэлэг тээврийн асуудал яригдана. Одоогоор Эрээний талд гарсан 150 машин байна. Чингэлэг тээвэр дээр дахин асуудал үүсэхгүй. Харин Гашуунсухайтын хувьд халдвар хамгаалалтын асуудал хүнд байна. Хэрэв халдварын эсрэг дэглэмийг сайтар баримталж чадвал Хятад талаас ямар нэг ч хориг тавихгүй гэсэн. Гол нь Монголоос  хамааралтай даалгавар байна.

Хоёр улсын Ерөнхий сайд нар аравдугаар сард утсаар ярьж, Тяньжин дээр саатсан чингэлгээ татаж авч дуусгах талаар тохиролцсон. Тухайн үед 4800 гаруй чингэлэг Тяньжинд байсан. Арванхоёрдугаар сарын 1-н гэхэд нийт 5000 гаруй чингэлгийг татсан. Тэгэхээр тохиролцоо биелсэн гэсэн үг. Харин өнөөдөр яагаад Тяньжинд 3000 чингэлэг байна вэ гэвэл далайн тээврээр өдөр бүр бараа таваар ирж байгаатай холбоотой гэв.
АРДЧИЛСАН НАМААС ТАЙВАН ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ардчилсан намаас Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан энэ сарын 10-нд тайван жагсаал зохион байгуулсан. Жагсаалын үеэр хүний эрхийн төлөө тэмцэгчдийг алдаршууллаа.

Ардчилсан намын гишүүн С.ЭРДЭНЭ:

-Өнөөдөр олон улсын хүний эрхийн өдөр. Ардчилал, эрх чөлөөний тэмдэглэлт өдөр болгож их хурлын тогтоол гарсан. Энэ өдөр хүний эрхийн нээлттэй цуглаан зохион байгуулахаар төлөвлөсөн. Өглөөнөөс хойш цагдаа хүчний байгууллагууд элдэв байдлаар саатууллаа. Үйл ажиллагаа явуулах, үзэл бодлоо илэрхийлэх эрх маань хүний эрхийн өдөр ч зөрчигдөж байна. Хүчний байгууллагууд жагсагчдын эрх ашгийг сахиулах ёстой болохоос нийгмийн хэв журам сахиулж буй нэрийн дор эрх баригчдын талд ажиллаж болохгүй. Монголын нийгэмд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх зөрчигдөж байна. Тэр битгий хэл амьдрах эрх ч хангагдахгүй байна. Тиймээс хүний эрхийн төлөө тууштай тэмцэж буй хүмүүстээ талархал илэрхийлж байна. Энэхүү хүндтэй шагналыг ардчиллын төлөө тэмцэж, хүний эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэж байгаа Д.Монголхүү, Д.Ганбат нарт гардуулъя. Монголд зөрчигдөж буй хүний эрхийг сэргээх цаг болсон.

“NoDoubleStandart” хөдөлгөөний зохион байгуулагч Д.МОНГОЛХҮҮ:

-Олон улсад хуулиар хамгаалагдсан хүний эрхийг хамгаалагч байдаг бол Монголд энэ тухай хууль саяхан батлагдсан. "Хүний эрхийн төлөө тэмцэгч" хэмээх хүндтэй шагнал авсандаа их сандарч байна. Монгол Улсад зөрчигдөж буй хүний эрхийн асуудлыг ил тод зарлаж, залуучуудтай нэгдэж хөдөлгөөн зохион байгуулсан. Талбай дээр үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө манай хөдөлгөөний бүх хүн өнөөдөр цагдаад шалгагдаж байна. Энэ бол ардчилал үнэгүйдсэний тод илрэл. Хөл хорионы хугацаанд олон мянган хүний эрх ашиг зөрчигдөж, Covid-19-өөр өчнөөн мянган хүн нас барлаа. Үүний хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой. Бидний тавьж буй олон шаардлага эцэстээ Засгийн газрыг огцруулах ганц шалтгаан болсон. Хууль хэлбэржилтгүйгээр хэрэгжиж байж ардчилсан улс гэж тодорхойлогдоно. “NoDoubleStandart” хөдөлгөөнийг санаачилсан, оролцсон хүн бүрийг цагдаагийн байгууллага шалгаж байгаагаас үзвэл Монголд хууль үйлчлэхгүй байна.

ШЕЗ-ИЙН ДАРГААР Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ ТОМИЛОГДОВ

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ ээлжит хуралдаан арванхоёрдугаар сарын 9-нд болов. ШЕЗ-ийн даргыг сонгох нууц санал хураалт явуулахад Д.Зүмбэрэллхам олонхын санал авчээ. Түүний хувьд нэг жилийн хугацаанд ШЕЗ-ийн даргаар ажиллана. Учир нь хуульд “Дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно” гэж заасан байдаг.

Тус хуралдаанаар ШЕЗ-ийн анхдугаар хуралдааны дэгийг хэлэлцэн батлах, ШЕЗ-ийн даргыг сонгох, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай асуудлыг хэлэлцжээ.  УИХ-аас ШЕЗ-ийн шүүгч бус таван гишүүнийг нээлттэйгээр сонгон шалгаруулж, томилсон.  Тодруулбал, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдээр  Н.Отгончимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг,  Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг нар томилогдсон.

ШЕЗ-ийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно” гэсэн зохицуулсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж