Монгол Улсын Соёлын элч нарын ээлжит III чуулга уулзалт өчигдөр /2021.12.10/ Гадаад харилцааны яаманд боллоо. Чуулга уулзалтаар Гадаад харилцааны яамны зүгээс “Дэлхийн Монголчууд-II”, “Монгол Үндэстний үнэлэмж” цогц арга хэмжээ, гурван яамны авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулсан аж. Түүнчлэн Соёлын элч нар Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн өнөөгийн байдал, гадаад сурталчилгааны бодлого, үйл ажиллагаа, аялал жуулчлалын болон соёлын гадаад бодлого, улс орнуудын туршлага, оролцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Өнөөдрийн байдлаар Их Британи, Сингапур, Индонез, ОХУ, Казахстан, Киргиз, Герман, Япон, АНУ, Өмнөд Солонгос, Турк, Австри, Австрали, Испани, Энэтхэг зэрэг дэлхийн 18 улсад нийт 52 Соёлыг элчийг Монгол Улсаас томилсон байна. Үүний 32 нь Монгол Улсын иргэн, 20 нь гадаадын иргэн байдаг аж.
Дашрамд дурдахад, ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжих Соёлын тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Соёлын элчийн журмыг шинэчлэн боловсруулж байгаа юм. Тус хуулинд Соёлын элч нарыг “Монгол Улсын соёлын үнэт зүйл, соёлын үйл ажиллагааг сурталчлах, олон улсын дэмжлэгийг татах зорилгоор урлаг, спорт, шинжлэх ухааны болон бусад салбарын нэр хүндтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн иргэнийг хоёр жилийн хугацаатайгаар соёлын элчээр томилон ажиллуулна” гэж тусгасан байна.
Холбоотой мэдээ