“Carlsberg” ашиг сайтай байна

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

“Carlsberg” ашиг сайтай байна

Данийн пивоны гигант “Carlsberg”-ын ашиг энэ оны хоёрдугаар улиралд 30 хувиар нэмэгдсэнтэй холбоотойгоор 2010 оны санхүүгийн урьдчилсан тооцооллынхоо дүнг өсгөж байгаагаа мэдэгдсэн талаар “BBC” агентлаг дамжууллаа. Оросын пивоны зах зээлийн 40 хувийг хангадаг тус лут компани жилийн өмнөх хоёрдугаар улиралд 3 тэрбум 25 сая кронорын татварын өмнөх ашиг хийж байсан бол энэ жилийн хоёрдугаар улиралд татварын өмнөх ашиг нь 3.95 тэрбум кронор (680 сая ам.доллар) болж нэмэгджээ.

Оросын Холбооны Улс пивоны онцгой татвараа гурав дахин нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор Оросын пивоны зах зээл есөн хувиар буураад байна гэж “Carlsberg” мэдээлсэн. Сүүлийн улирлын ашиг болон рублийн ханш арилжаанд нь сайнаар нөлөөлж байгааг харьцуулж тооцсон тус компани 2010 онд 9.4 тэрбум кронор биш харин 10 тэрбум кронорын ашиг олох зорилт дэвшүүлсэн байна. Оросоос бусад Ази, Зүүн Европын орнуудад улирлын борлуулалт нь хоёр оронтой тоогоор өссөн бол харин Европт борлуулалт нь өсөөгүй, жигд байна гэж тус компани мэдэгджээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж