Ч.Лодойравсал: “Илгээлт-2100” хөтөлбөрт арын хаалга байх боломжгүй

Хуучирсан мэдээ: 2021.12.11-нд нийтлэгдсэн

Ч.Лодойравсал: “Илгээлт-2100” хөтөлбөрт арын хаалга байх боломжгүй

Ч.Лодойравсал: “Илгээлт-2100” хөтөлбөрт арын хаалга байх боломжгүй

-“XXI зууны Монголын ирээдүй-2100 оюутан” хөтөлбөр гээд завгүй байна уу. Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөрийн талаар эхлээд товч танилцуулна уу. Яагаад санаачилсан, үр дүн нь юу байх гээд?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон 330 сум, 171 хороон бүрээс шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах “XXI зууны монголын ирээдүй – 2100 оюутан” хөтөлбөр “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” нэртэйгээр хэрэгжиж эхлээд байгаа нь энэ юм.

Ерөнхийлөгчийн илгээлт 2100 бол цогц хөтөлбөр юм. Сум, хороо бүрийн шилдэг хүүхдийг шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан гадаадын шилдэг их дээд сургуульд сурах болзлыг хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөөд ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой юм л даа.

Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох шалгуур нөхцөлийг хэрхэн тогтоож, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлиг гарсныг та бүхэн мэдэж байгаа байх. Зарлигийн дагуу Засгийн Газрын “Журам шинэчлэн батлах тухай” 275 тоот тушаалын хавсралтаар “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам” батлагдсан.

Хүүхэд бүр л сургуулиа төгсөөд л гадагшаа явж сурах хүсэлтэй байдаг шүү дээ. Гэхдээ гадаадын их дээд сургуулийн урилга хэрхэн авч чадах, тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн бэлдэж, шалгаруулалтад орох мэдээлэл хомсоос болоод орон нутгийн болон захын хорооны хүүхдүүд тун цөөхөн хамрагддаг. Тэгвэл энэ хөтөлбөрийн зорилго ирээдүйд өөрийн оршин сууж байгаа орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэх залуусыг бэлтгэж, тэдэнд итгэл найдвар төрүүлж, хүсэл эрмэлзэлтэйгээр хичээнгүйлэн зүтгэх зорилгыг бий болгох юм. Өмнө нь тэтгэлэгт хөтөлбөр улс даяар зарлагддаг учраас харьцангуй сургалт сайтай, хүүхдүүддээ түүнд зориулж бэлддэг сургуулийн хүүхдүүд голдуу хамрагддаг байсан. Харин энэ хөтөлбөр бол яг ижил нөхцөл, ижил орчинд суралцсан хүүхдүүдийг өрсөлдүүлж шилдэгт нь боломж олгох асуудал юм. Тэгэхээр нөгөө мундаг сургуулийн хүүхдүүд л тэнцэх байлгүй дээ гээд идэвхгүй байсан сурагчид сургуулийнхаа үеийнхэнтэй өрсөлдөөд шилдэг нь болчихвол боломж байгаа юм байна гэсэн итгэл, найдвар төрж хичээж, зүтгэх болно. Өрсөлдөөн байгаа газар ахиц байдаг. Тэр хэрээрээ сургалтын чанар сайжирдаг. Заавал хамран сургах тойргийн сургууль гэсэн ч бас учиртай. Сайн хүүхдүүд ахиж дэвших боломжоо бодоод шилжин суралцаад байвал хамран сургах тойргийн зарим сургууль дундаж хүүхдүүдтэй болдог. Ийм тохиолдолд өрсөлдөөн, үлгэрлэн дуурайх зүйл байхгүй болж бүгд идэвхгүй болон сургалтын чанар унадаг талтай. Харин энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр сайн сурагчид шилжин суралцахаас илүүтэй хамран сургах тойргийн сургуульдаа сурах эрмэлзэл нэмэгдэнэ. Тэр хэрээр боловсролын чанар хэдэн жилийн дараа ахиц үзүүлнэ гэж найдаж байгаа.

 –Хөтөлбөрт оролцох оюутнуудад батламж гардуулж буй бичлэгийг зарим иргэд шүүмжилж харагдсан. Яагаад нэвтрүүлэг хийсэн юм бэ, дуудаж авчраад гардуулчхаж болоогүй юм уу?

-Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт хамрагдах болзлоо хангасан шилдэг хүүхдүүдээс тавыг сонгон контент хийсэн. Энэ нь хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл, идэвх санаачилгатай байж бусдыгаа манлайлснаар энэхүү хөтөлбөрт хамрагдаж, аав ээж, багш нараа баярлуулан дэлхийн их дээд сургуульд суралцах боломжтойг харуулж, нийт ахлах сургуулийн сурагчдыг идэвхжүүлж, сэдэлжүүлэх зорилготой байсан. Ингэснээр дараа жилийн хөтөлбөрт хамрагдахын тулд хүүхдүүд өөрсдийгөө, эцэг эх нь хүүхдээ, багш нар нь шавь нарыгаа шахаж бэлдэж, хичээж зүтгэснээр боловсролын чанарт ахиц гарах болно. Та бүхэн харсан бол контентын комментод хүүхдээ, найзыгаа, танилаа тааглаж хараарай, үзээрэй, хичээгээрэй гэсэн байна лээ. Энэ л бидний зорилго байсан. Зарим сургуульд багш нар нь шавь нартаа үзүүлж та нар энэ хүүхдүүд шиг хичээж, мэрийж, манлайлбал боломж бий шүү гэж идэвхжүүлж байгаа мэдээ ирсэн.

Харин контентын зохиолтой холбоотой зарим шүүмжлэл сошиалд явсан. Контентыг бүтээж байгаа уран бүтээлийн баг гэж байдаг. Тодорхой форматын дагуу бичлэг хийгдэж, найруулагчийн чиглэлийн дагуу сургуулийн захирлууд оролцсон. Шүүмжлэлийг цаашид анхааран ажиллах болно. Өөрсдийнхөө үзэл бодлоо илэрхийлж, хэрхэн хичээснээ харуулсан, гэр бүл нь хэрхэн хүүхдээ төлөвшүүлж, хүүхдийнхээ төлөө зүтгэснийг харуулахыг зөвшөөрсөн хүмүүс, хамтран ажилласан захирлууддаа баярлалаа.

Сая хэвлэлийн бага хурал хийж хөтөлбөрт хамрагдах болсон эхний 428 хүүхдийг зарласан. Удахгүй эцэслэн баталгаажих үлдсэн сум, хорооны шилдэг хүүхдүүдээ тодорхой болохоор албан ёсоор Ерөнхийлөгчийн илгээлт, захиа даалгаврыг гардуулах болно.

Зарим иргэд амьдралын боломжгүй гэдгийг нь шалгуур болгон сонгосон юм уу гэж асууж байна. Ямар шалгуураар хүүхдүүдийг сонгосон юм бэ?

-Зарим хүмүүс амьдралын боломжгүй хүүхдүүдийг сонгож байгаа гэдэг ойлголтыг нийгэмд өгөөд байх шиг. Тийм биш. Контентод орсон бүх хүүхдүүдийн гэр бүл нь хөдөлмөрч, хүүхдийнхээ сурлага, хүмүүжил, төлөвшилд онцгой анхаардаг, хүүхэд нь ч хичээнгүйлэн зүтгэж, хамт олноо манлайлдаг, өөрийн гэсэн зорилго, үзэл бодолтой тийм л байдал харагдаж байгаа.

Дээр дурдсан Засгийн газрын тогтоолоор батлагдсан журамд зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн 3-с багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний ЭЕШ-н онооны дунджаар тэргүүлсэн иргэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзлоо хангаж байгаа юм.

-“Илгээлт-2100” хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 428 хүүхдээс хэд нь дэлхийн шилдэг их сургуульд суралцах эрхтэй болох юм бэ?

-Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт хамрагдах нэрс бүрэн тодорч дууссаны дараа албан ёсоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд, нэгдсэн зохион байгуулалтад оруулаад явах болно.

Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд хэрхэн өөрийгөө дайчилж, амжилт үзүүлснээс хамаарч хаана, ямар нөхцөлтэйгөөр суралцах нь хамаарна. Ямар ч байсан бүх хүүхдийг тухайн улсын шилдэг их дээд сургуулиудад сургах болно. Ингэхийн тулд төрийн өмчийн их сургуулийн бэлтгэл хөтөлбөрт хамруулж бүтэн жилийн турш бэлтгэж байгаа.

Бэлтгэл хөтөлбөрт Таныг ерөнхий эрдмийн болон гадаад хэлний хичээлээр бэлтгэхээс гадна харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэхээр төлөвлөсөн. Мөн Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу зарлагддаг тэтгэлгийн болзлыг хангах, сонгон шалгаруулалтад тэнцэхэд шаардлагатай мэдлэг, чадварыг ч олгох болно.

Тэтгэлэгт хөтөлбөрт болон гадаадын их дээд сургуульд материалаа хэрхэн бүрдүүлэх, эссэ хэрхэн бичих, ярилцлагад хэрхэн орох гээд олон зүйлд зөвлөх, чиглүүлэх баг гарч байгаа. Ингэж олон талаар, хүүхэд бүртээ тулж ажиллаж байж хөтөлбөрт хамрагдсан бүх хүүхдийг гадаадын шилдэг их сургуульд сургаж чадах юм.

-Засгийн газар хоорондын тэтгэлгээр жил бүр 1000 гаруй хүүхэд суралцдаг ч нээлттэй, ил тод байдаггүй шүү дээ. Үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Аливаа тэтгэлэгт хөтөлбөрт олон улсын жишгээр эссэ бичүүлж, ярилцлага авдаг. Энэ нь сонгон шалгаруулах ажлын хэсэгт орсон хүмүүсийг хардах, ил тод, нээлттэй биш гэдэг яриаг дагуулдаг. Тийм ч учраас Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийн шалгаруулалтыг дээр дурдсан тодорхой, хэн ч шалгаж болох, нээлттэй байдлаар тодорхойлсон. Засгийн газар хоорондын тэтгэлгээр суралцах шалгаруулалтын талаар хангалттай мэдээлэл байхгүй байгаа учир тодорхой зүйл хэлж мэдэхгүй байна.

-Гадаадын тэтгэлэгт эрх барьж байгаа намынхан, хамаатан садан, танил талын хүүхдүүд хамрагддаг нь худлаа биш. Өндөр оноотой ч шалгарсангүй гэх гомдол гарсан байна. Ар, өврийн хаалга орохгүй гэх баталгаа бий юу.

-Аливаа тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалт хардлага, сэрдлэг дагуулдаг, шалгарч чадаагүй хүүхдүүд гомдолтой үлддэг ярвигтай үйл ажиллагаа байдаг л даа. Харин Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийн шалгуурыг ямар нэг хүний оролцоогүй олон нийтэд нээлттэй байдаг, хэмжигдэхүйц үзүүлэлтээр тогтоосон. Энэ хөтөлбөрт хамрагдах болзол хангасан хүүхдүүдийн жагсаалтыг Бүртгэлийн ерөнхий газрын харьяаллын мэдээлэл, Аймаг, нийслэлийн боловсролын газрын хамран сургах тойргийн мэдээлэл, Боловсролын үнэлгээний газрын ЭЕШ-ын онооны мэдээлэлд тулгуурлан журамд заасан шалгуурын дагуу алгоритм ажиллаж системээс автоматаар гаргаж байгаа.

Тэгэхээр энэ тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалт хамгийн нээлттэй, шударга гэж ойлгож болно. Шалгаруулалттай холбоотой цөөн тооны гомдол гарч байна. Энэ нь ч шалгаруулалт нээлттэй хэн ч шалгачих боломжтой байгааг илтгэнэ.

Харамсалтай нь, журмаа бүрэн уншаагүй, шалгаруулалтын нэг л үзүүлэлтээр асуудалд хандсан шинжтэй байна. Эдгээр гомдлууд хамран сургах тойргийн сургуульдаа 3 жил сураагүй, эсвэл оршин суугаа харьяаллаа өөрчилсөн шалтгаанууд байна лээ. Систем иргэний бүртгэлийн системд одоо байгаа харьяаллаар нь шүүж гаргаж байгаа болохоор харьяаллаа шилжүүлчихсэн тохиолдолд болзлоо хангахгүй болж байгаа юм л даа. Нөгөө талаасаа тухайн сум, хорооноосоо сонгогдож байгаа хүүхэд маань эргээд тухайн нутагтаа ажиллаж, орон нутгаа хөгжүүлэхэд гар бие оролцох нь энэ хөтөлбөрийн зорилго шүү дээ. Нэгэнт компьютер бодож гаргаж байгаа болохоор үүнд тухайн хүүхдийн хувийн мэдээлэл, амьжиргааны түвшин, намын харьяалал харгалзах явдал огт гарахгүй нь тодорхой. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт арын хаалга байх ямар ч боломжгүй гэсэн үг.

Энэхүү хөтөлбөрийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргаж байгаа тул гомдолтой байгаа иргэд энэ байгууллагад хандаж өөрийн мэдээлэл системд үнэн зөв байгаа эсэх, шалгараагүй шалтгаанаа тодруулаарай гэж мэдээлэл хүргэх нь зүйтэй байх.

БШУ-ын сайдын тушаалаар 11 хүн бүхий сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдсан. Үүнд ЕТГ, БШУЯ, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын зээлийн сан, Нийслэлийн боловсролын газар, Монголын их дээд сургуулиудын консорциумын төлөөллөөс гадна иргэн, иргэний нийгмийн байгууллагыг төлөөлж Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн А.Хосхүү, Сайн сургуулийг таны дэргэд ТББ-ийн тэргүүн П.Наранбаяр, “Tomyo Edu Tech”-ын үүсгэн байгуулагч В.Баярсайхан орсон. Эдгээр хүмүүс нэгдүгээрт өөрсдөө тэтгэлгээр суралцаж байсан, олон хүүхдийг тэтгэлэгт тэнцэж, суралцахад нь тусалж байсан туршлагыг нь харгалзаж оруулсан юм л даа.

Ажлын хэсэг Боловсролын үнэлгээний төвийн мэдээллийн сангаас боловсруулан гаргасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг нийслэл, аймгийн боловсролын газраар хянуулан баталгаажуулсны эцэст эхний 428 шилдэг хүүхдийг олон нийтэд зарласан байгаа.

-Сурагчдыг хувийн болон улсын сургуульд сурснаар нь ялгаварлаж хөтөлбөрт хамруулж байгаа нь хүний эрх зөрчсөн, ялгаварлан гадуурхсан үйлдэл болохгүй юу?

-Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт дээр дурдсан Засгийн газрын тогтоолоор баталсан журамд зааснаар л сонгон шалгаруулж байгаа.

Уралдаант шалгалтаар ордог гүнзгийрүүлсэн тусгай сургалттай сургууль болон хувийн сургуулийн хүүхдүүд хамрагдаж чадаагүй гэсэн гомдол олон нийтийн дунд байх шиг байна. Энэ сургуулиуд сурагчдаа гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт бэлтгэдэг, хамруулж чаддаг тогтолцоотой байдаг шүү дээ. Одоо харин олон улсын түвшний уралдаант шалгаруулалтад өөрсдийгөө бэлдэж сориход тэмүүлэх хэрэгтэй шүү дээ.

Ийм сургуулийн сурагчид олон улсын олимпиадад бэлтгэн амжилттай оролцож медальт байрт шалгараад, дэлхийн шилдэг 100 их дээд сургуулийн урилга авсан тохиолдолд Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт хамрагдахаар журамд заасан байгаа.

Энэ нь олон улсын олимпиадад 2-3 сургуулийн сурагчид л голдуу амжилт үзүүлдэг явдлыг өөрчилж хамрах цар хүрээ нэмэгдэж, өрсөлдөөн нэмэгдсэнээр Монгол Улсын баг олон улсын олимпиадад үзүүлэх амжилт жилээс жилд нэмэгдэнэ гэж харж байна. Өөрөөр хэлбэл бүх хүүхэд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Харин шалгуур нөхцөл нь л өөр байгаа гэсэн үг юм.

 С.Цээсүрэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж