Хүний эрхийг зөрчигчдийг АНУ-д хөл тавиулахгүй

Хуучирсан мэдээ: 2021.12.11-нд нийтлэгдсэн

Хүний эрхийг зөрчигчдийг АНУ-д хөл тавиулахгүй

Хүний эрхийг зөрчигчдийг АНУ-д хөл тавиулахгүй

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены захиргаанаас хүний эрхийн зөрчлийн хэргээр хэд хэдэн орны хууль тогтоогч, засгийн газрын сайд, цэрэг армийн дарга, албан тушаалтан тэдэнтэй холбоотой ажилладаг бизнес эрхлэгчдийн эсрэг хориг тавилаа. АНУ нь Ардчиллын чуулга уулзалтыг зохион байгуулж буйн дээр Олон улсын хүний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүний эрхийн зөрчилд олон улсын анхаарлыг хандуулах үүднээс дээрх арга хэмжээг авсан хэмээн төрийн департментаас мэдээлэв. АНУ-ын хар жагсаалтад орсноор тус улсад нэвтрэх, америк компаниудтай бизнес хийхийг хориглохоос гадна тус улс дахь хөрөнгийг царцаах арга хэмжээ авдаг.

Ардчилсан нийгмийн үнэт зүйл болох хүний эрхийг дээдлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө цар тахлын жилүүдэд эрс хумигдаж, дарангуйлал эргэн тогтох хандлага олон улсад ажиглагдсан нь АНУ тэргүүтэй олон орны санааг зовоож байгаа юм. Ардчиллын замыг сонгон, хөгжиж буй хэд хэдэн орны улстөрчид халдварт өвчний тархалтыг хумих, урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан Цар тахлын тухай хууль, Онц байдал тогтоох тухай хуулиудыг урвуулан ашиглах нь ихэссэн. Улмаар иргэдийнхээ эвлэлдэн нэгдэх, үгээ хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хааж, баривчлан хорих, торгох зэргээр хүний эрхийг зөрчсөн ноцтой үйлдлүүд ажиглагдсан. Тухайлбал, Унгар, Польш зэрэг орнуудад эрх баригчид, хууль хяналтынхан эрх мэдлээ хэтрүүлж, иргэдийн эрхийг зөрчсөн гэдгийг хүний эрхийн төлөөх Эмнести интернейшнл байгууллагаас шүүмжилсэн юм.

Монгол Улсад ч цар тахлын жилүүдэд эрх мэдэлтнүүд болон иргэдэд хууль, журам өөр өөрөөр үйлчилдэг шударга бус, давхар стандарт тогтсон. Үүнийг нь эсэргүүцсэн иргэдийг үзэл бодлоо илэрхийлж тайван жагсаал хийснийх нь төлөө баривчлан, хорих, торгох зэрэг арга хэмжээ авсан нь хүний эрхийн ноцтой зөрчил юм. Нөгөө талдаа, гаргасан журмаа өөрсдөө зөрчиж, гэр бүлийн гишүүн нь бусдаас давуу эрх эдэлсэн байхад ямар ч хариуцлага хүлээгээгүй. Энэ мэтээр "ардчиллын баян бүрд" гэгдэг Монгол Улсад хүний эрхийн зөрчил газар авч байгааг олон улс харж ажиглаж байгаа. Үүний зэрэгцээ АНУ-ын захиргаанаас зохион байгуулж буй Ардчиллын чуулга уулзалтад Монгол Улсаас төлөөлөгч оролцсон эсэх, хэн биднийг төлөөлөн ардчиллын тулгамдсан асуудлыг хөндөж хэлэлцүүлсэн нь тодорхойгүй байна. Тус чуулганд ардчилсан засаглалтай орнууд уригдсан бөгөөд Монгол Улсын нэр ч дурдагдсан. Авторитар дэглэм тогтох эхний алхам бол хүний эрхийн зөрчил, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхийг хязгаарлах байдаг. Тиймээс АНУ нь Хятад, Хойд Солонгос зэрэг олон орны хууль тогтоогчдын эсрэг хориг тавьсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж