"Гурван тэрбумаар айрагны өргөө барихыг эсэргүүцэж байгаа"

Хуучирсан мэдээ: 2021.12.11-нд нийтлэгдсэн

"Гурван тэрбумаар айрагны өргөө барихыг эсэргүүцэж байгаа"

Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудыг танилцуулж байна.


"ГУРВАН ТЭРБУМААР АЙРАГНЫ ӨРГӨӨ БАРИХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА"

Зам тээврийн сайд асан Ж.Бат-Эрдэнэтэй Авто тээврийн тухай хууль хийгээд, Үндсэн хуулийн өөрчлөлт, МАН-ын их хурлын талаар ярилцсанаа хүргэж байна.


-Та буруу талдаа хүрдтэй авто машиныг 3-5 жилийн дараа хориглох саналтай байгаагаа илэрхийлсэн. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье гэж бодлоо. Хэрвээ уг  хуулийн төсөл батлагдвал иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах нь мэдээж. Монголчуудын дийлэнх нь буруу талдаа хүрдтэй машин унадаг шүү дээ?

-Хотын түгжрэлийг багасгахаар олон арга хэмжээ авч байна. Жишээ нь, төрийн албан хаагчдыг ажлын цагийг хойшлуулъя,  сургууль, цэцэрлэгийн цуглах цагийг өөрчилье, тэгш сондгойгоор нь явуулъя гэдэг янз бүрийн санал гарч ирж байгаа. Ер нь бол технологийнхоо дагуу нийтийн тээврийг бид хөгжүүлэх ёстой. Метро, агаарын дүүжин тээврийг хөгжүүлэх нь зөв.

Нэгдүгээрт, нийтийн тээвэр рүү бодитоор шилжих боломжийг хийх ёстой. Хоёрдугаарт, бөглөрөөд буй замын уулзваруудыг чөлөөлж хоёр түвшинд огтлолцдог, чөлөөтэй нэвтрэх байдлыг бий болгох ёстой. Тэгж байж асуудал шийдэгдэнэ. Гуравт, буруу рультэй автомашиныг цөөлье гэж ард иргэд өөрсдөө хүсдэг. Тиймээс Авто тээврийн тухай хуулийг санаачилсан. Уг хуулийн төсөлд буруу рультэй машин буюу баруун талдаа жолооны хүрдтэй машиныг бүр болиулна гэж орж ирсэн. Би ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд хэрэгжилтэд хугацаа тавьж өгөх хэрэгтэй гэж бодож байна. Түүнээс шууд хорьчихож болохгүй. Наанадаж таван жилийн хугацаа өгье. Энэ хугацаанд буруу рультэй машин оруулахгүй гэдэг юм уу, зохицуулалтыг төр хийж өгөх ёстой.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"АВИЛГАТАЙ ХИЙХ ТЭМЦЛИЙГ НАМ ДОТРООСОО ХИЙХ НЬ ЗӨВ"

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй МАН-ын 30 дахь хурлаас гаргасан шийдвэрийн талаар ярилцлаа. 


-МАН-ын их хурал боллоо. Хурлаас МАН дүрэмдээ өөрчлөлт оруулахаа мэдэгдлээ. Ингэснээр авлигаас ангид байж цэгцэлж чадах уу. Намын гишүүддээ тооцох хариуцлага сайжирч байна гэж ойлгож болох уу?

-Эрх баригч намын хувьд авилгатай хийх тэмцлийг нам дотроосоо хийх нь зөв юм. Төрийн болон улс төрийн албанд МАН-аас сонгогдон болон томилогдон ажиллаж буй албан тушаалтнуудаасаа эхлээд намын гишүүддээ ёс, хариуцлага тооцож ажиллахыг ард иргэд шаардаж байна. Тэгэх нь ч зөв. Эрх баригчид өөрсдийгөө хуулиас гадуур өнгөрөөж, намын гишүүн гэдгээр хаацайлан үлдээж болохгүй. Тийм учраас дүрэмд авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, ёс зүйн алдаа, ашиг сонирхлын зөрчил гаргасан тохиолдолд намаас түдгэлзүүлэх, намын гишүүн нь авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдсон бол намын удирдах байгууллагад сонгогдох, бүх шатны сонгуульд намын нэрийн өмнөөс нэр дэвших эрх эдлэхгүй байхаар нэмэлт өөрчлөлт орууллаа.

Өөрөөр хэлбэл авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд МАН дахь улс төрийн карьер нь дуусна гэсэн үг.

“Ардын намд авилгачдын орон зай байхгүй” гэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн мэдэгдэл чухам үүнийг хэлж байгаа юм. Мөн МАН-ын “Авлига, хүнд сурталтай тэмцэх дунд болон урт хугацааны хөтөлбөр”-ийг боловсруулж, хэрэгжүүлэх, намын үйл ажиллагаанд санхүүгийн ил тод байдлыг нэвтрүүлэх, санхүүгийн тайлан, мэдээллийг олон нийтэд ил тод болгож иргэддээ тайлагнадаг журмыг хэрэгжүүлнэ. Намын Авлигын эрсдэлийн үнэлгээ хийх журмыг боловсруулж хэрэгжүүлнэ гэх мэтээр авилгын эсрэг намын дотоод хяналтын тогтолцоог сайжруулах олон ажлыг энэ Их хурлын шийдвэрээр хийх боллоо.

Ингэж нам бүр дотооддоо авилгын эсрэг хатуу тэмцэж чадвал Монгол төрд авилгач түшмэл гарах боломжгүй болно.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


ГАШУУНСУХАЙТЫН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН АЖИЛ 38.7 ХУВЬТАЙ БАЙНА

Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн Б.Ууганбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монгол Улсын тээвэр, логистикийг сайжруулах чиглэлээр танай яамны зүгээс ямар бодлого шийдвэр хэрэгжүүлж байна вэ?

-Зам, тээврийн хөгжлийн яам, Дэлхийн банктай хамтран Орон нутгийн эдийн засгийг эргэлтэд оруулахад дэмжлэг болох авто зам барих, сайжруулах, мөн хөдөө аж ахуй тэр дундаа махны нэмүү өртгийн сүлжээний зориулалттай төрөлжсөн логистик хөгжүүлэхэд шаардлагатай инженерийн дэд бүтэц барих зорилготойгоор “Монгол Улсын тээврийн холболт ба логистикийг сайжруулах төсөл” хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэхүү төслийг дэд бүтцийн бүтээн байгуулалт, логистик, нийлүүлэлтийн сүлжээний платформ байгуулах, Техникийн туслалцаа, чадавхыг бэхжүүлэх гэсэн үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Орон нутгийн малчдын амьдарч буй нутгийг улсын чанартай авто замын сүлжээнд холбох замаар авто замын үр ашгийг дээшлүүлэх, тээвэр логистикийг хөгжүүлэх болон мал аж ахуйн бүтээгдэхүүнийг олон улсын стандарт шаардлага хангах эцсийн бэлэн бүтээгдэхүүнээр боловсруулах, үйлдвэрлэл, тээвэрлэлтийн хүйтэн хэлхээний тогтолцоо бүрдүүлж, гаднын туршлага нэвтрүүлэх боломж бий болно.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"ЦАР ТАХЛЫН ҮЕД ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ 18 ХУВИАР ӨССӨН"

"Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалантай ярилцлаа.


-Цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэл, энэ төрлийн зөрчлийн дуудлага, мэдээлэл өссөн гэсэн. Хуулийн хүрээнд ямар арга хэмжээ авч байна?

-Энэ оны эхний 10 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад 32 мянга гаруй ирсэн. Өмнөх оны мөн үеэс нэг хувиар нэмэгдсэн. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тухайд 1107 бүртгэгдсэн. Энэ нь өмнө оноос 18 хувиар өссөн үзүүлэлт. Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг зөрчих зөрчил 7559 бүртгэгдэж 10 хувиар буурсан байгаа юм.

Гэхдээ энэ тоо буурсан нь өнгөн дээрээ сайшаалтай харагдаж байгаа ч эсрэгээрээ үзүүлэлт. Учир нь хөл хорионы хугацаанд хүчирхийлэл үйлдэгч болон хохирогч хаалттай хаалганы цаана байснаар тусламж авах байдал хомс байсантай холбож зөрчлийн тоо буурсан байх магадлалтай.

Дээр хэлсэн статистикт багтсан бүх зөрчил болоод гэмт хэрэг цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа. Харин далд үйлдэгдэж буй хүчирхийллийг бид хянах боломжгүйд асуудал байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧДЫН ДЭЛХИЙН АВАРГААС 2 ДАХЬ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЛЭЭ"

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяртай ярилцсанаа хүргэе.


-Олон улсын хөгжмийн зохиолчдын наадмаас зургаа дахь шагналаа хүртсэнд баяр хүргэе. Уралдаанд хоёр бүтээлээрээ оролцсон гэж сонслоо?

-Та бүхэндээ баярлалаа. Финлянд улсын Турку хотод арваннэгдүгээр сарын 26-наас 29-ний өдрүүдэд зохион байгуулсан мэргэжлийн хөгжмийн зохиолчдын уралдаанаас тэргүүн байрын шагнал хүртлээ. Хөгжмийн зохиолчдын уралдаан нь дотроо дуулаачийн болон дан хөгжмийн гэсэн хоёр төрөлтэй. Миний хувьд төгөлдөр хуур найрал хөгжимд зориулсан концерт, "286-р галт тэрэг" симфони найрал хөгжимд зориулсан зураглал гэсэн хоёр бүтээлээрээ оролцсон.

Финляндад олон улсын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын дунд жил бүр болдог “JS Fest Competation” наадам нь дуулаачийн болон найрал дуу, дан хөгжмийн бүтээл, эликтро хөгжим, computer music гэсэн төрлүүдээр зохион байгуулдаг нэр хүндтэй наадам юм.

Энэ жилийн наадам цар тахлын улмаас цахим хэлбэрээр болсон учраас дэлхийн олон орны 1000 гаруй хөгжмийн бүтээл ирсэн гэж сонссон. Тэргүүн байр эзэлсэн "286-р галт тэрэг" симфони найрал хөгжимд зориулсан зураглал нь галт тэрэгний хөдөлгөөнийг илэрхийлсэн болохоор сонирхолтой байсан байх.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж