“Замын-Үүд Эрээний авто замын боомтоор тээвэрлэлт эхэлсэн”

Хуучирсан мэдээ: 2021.12.10-нд нийтлэгдсэн

“Замын-Үүд Эрээний авто замын боомтоор тээвэрлэлт эхэлсэн”

“Замын-Үүд Эрээний авто замын боомтоор тээвэрлэлт эхэлсэн”

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин өчигдөр (2021.12.10) ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж, хил нээгдэнэ гэж мэдээлсэн. Өнөөдөр Эрээн-Замын-Үүд боомтод нөхцөл байдал ямар байгаа талаар БНХАУ-ын Эрээн хот дахь консул Т.Мөнхгэрэлээс тодрууллаа.

-Эрээний хил албан ёсоор нээгдэж, автомашинууд хилээр гарч эхэлсэн үү?

-Замын-Үүд-Эрээний авто замын боомтоор өнөөдрөөс тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна. Хил нээгдсэн учраас Эрээн талаас автомашинууд дундын цэг дээр очиж байна. Өдрийн 14:40 цагийн байдлаар 13 автомашин Эрээний хилээр гарсан.

Орой 18:00 цагт хил хаах хүртэл дахин 10 гаруй автомашин гарна гэж тооцож байна. Автомашинууд хилээр гарах явц өнөөдрийн тухайд удаашралтай байна. Учир нь нэг сар гаруй  хугацаанд асаагаагүй автомашинууд асахгүй байх, зарим нь түлш нь дууссан зэрэг хүндэл гарсан. Ассан автомашинуудыг хурдан хугацаанд шууд гаргаж байна. Эхлээд хилийн наана байгаа 20 гаруй ачаагүй автомашин гарна.

-Яагаад эхлээд ачаатай автомашинууд гаргахгүй байна вэ. Ачаатай автомашинууд хилээр хэзээ орж ирэх вэ ?

-Хил хаагдахаас өмнө ачаагаа Хятадын талд буулгаад, тэндээ ачаагүй, гацсан 20 гаруй автомашин хилийн хамгийн наад талын хэсэгт байсан. Тэдгээр автомашинуудыг цааш нь оруулж, бараа ачуулах боломжгүй. Хятадын тал халдвар хамгааллын шаардлага тавьж, зөвшөөрөөгүй. Ачаагүй автомашинууд эхлээд орж ирж байгаа нь тээвэрлэлт хийх замыг чөлөөлж байна гэсэн үг.

Эрээний хилийн хяналтын талбайд ачаатайгаа гаалийн бүрдүүлэлт хийсэн 150 гаруй автомашин бий. Тэдгээр автомашинууд саадгүй орж ирэхээр дарааллын дагуу явж байна.

Эхлээд эдгээр автомашинуудыг оруулж байж чингэлэг тээвэр хийнэ гэж хоёр тал тохиролцсон. Тохиролцсоны дагуу тээвэрлэлт явж байна. Анх удаа Эрээн-Замын-Үүдийн хилийн боомтод чингэлэг тээвэрлэлт гэх шинэ горим нэвтэрч байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Эхний ээлжид төлөвлөснөөс удаан тээвэрлэлт явах асуудал гарах тал бий. Гэхдээ бидэнд Замын-Үүд Эрээний авто замын боомт нээгдсэн нь л чухал байна. Ажил жигдрээд ирвэл чингэлэг тээврийг өдөрт 50-иар гаргахаар төлөвлөсөн. Энэ дагуу бэлтгэл ажил бүрэн хангагдсан.

-Бөөгнөрсөн ачааг хэд хоногт татаж дуусгахаар төлөвлөж байна вэ?

-Өнөөдрийн тухайд тоо хэлэх боломжгүй байна. Учир нь чингэлэг тээвэр бол шинэ ажил. Тиймээс тээвэрлэлт эхэлсэн үеэс хурдан шуурхай ажиллах  ямар өөр арга байна вэ гэдгийг харж, асуудлыг шийднэ. Хоёр улсын бараа эргэлт хэвийн тасралтгүй явж байгаа учраас Эрээний гаалийн хяналтын бүсэд төчнөөн тооны автомашин бөөгнөрлөө гэж тоон утгаар харах нь чухал биш. Тасралтгүй явагддаг процесс тул дараалал үүсэх нь ойлгомжтой. Гол нь бид хил хаах нөхцөл дахин үүсгэхгүй байх тал дээр анхаарч байна.

-Хятадын талаас халдвар хамгааллын ямар дэглэм баримтлах шаардлага тавьж байна вэ ?

-Хоёрдугаар сард БНХАУ-д өвлийн олимп болно. Тиймээс "тэг халдвар" гэсэн зарчмыг Хятадын тал баримталж, Covid-19 цар тахлыг дотооддоо тархаахгүй байхад онцгой анхаарч, хатуу шаардлага тавьж байна. Энэ хүрээнд Эрээн хотод ч чанд хатуу дэглэм баримталж байна. Жишээ нь, Монгол руу тээвэрлэлт хийж байгаа жолооч нар гэртээ харихгүй, бүрэн тусгаарлагдана. Пи-си-ар шинжилгээ өгнө зэрэг шаардлагад нийцүүлж ажиллана. Үүнээс улбаалж Монгол руу тээвэрлэлт хийх хятад жолооч нарын тоо ч багасах талтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж