Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газар хамтарсан хэвлэлийн хурал өнөөдөр /2021.12.10/ Төрийн ордны “e-Mongolia” мэдээллийн цэгт хийлээ.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ: Та бүхний мэдэж байгаачлан, энэ оны аравдугаар сарын 1-нд “e-Mongolia 2.0” нээсэн. Өнөөдөр бид “e-Mongolia” системд 57 байгууллагын 574 үйлчилгээг цахимжуулж, нэгтгэлээ. Үүнээс 138 нь лавлагаа, тодорхойлолт байгаа. Лавлагаа, тодорхойлолтыг дунджаар 2-3 минутад “e-Mongolia”-р авах боломжтой. Мөн 436 олон шатлалт үйлчилгээ байна. Олон шатлалт үйлчилгээ нь иргэн хүсэлтээ гаргаад төрийн байгууллага тухайн хүсэлтийг нь дотоод процессороо шалгаад, хариуг нь өгдөг 436 үйлчилгээ “e-Mongolia”-д нэвтэрсэн байгаа. Өнөөдөр “e-Mongolia” 1.9 сая хэрэглэгчтэй буюу насанд хүрсэн хүмүүсийн 86 хувь нь энэ системийг идэвхтэй ашиглаж байна. Үүнээс 806,826 хүн гар утасны аппликейшныг ашиглаж байна. Бидний хувьд нийслэл хотын болон улсын хэмжээнд үзүүлдэг төрийн үйлчилгээг цахимжуулахаас гадна аймаг, орон нутгийн нутгийн захиргааны байгууллагын үйлчилгээг цахимжуулж эхэлсэн. “e-Mongolia” төслийн баг хөдөө, орон нутагт ажиллаж байгаа бөгөөд одоогоор найман аймгийн 498 үйлчилгээг “e-Mongolia” -д орууллаа. Нийтдээ давхардсан тоогоор 1000 гаруй үйлчилгээ цахимжсан гэж хэлж болно.
Бид хөндлөнгийн судлаачидтай хамтарч ажилладаг. Энэ хүрээнд “e-Mongolia” систем олон нийтэд танилцуулагдсан цагаас хойш нийт 64.5 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийлээ. Бид энэ оны 12 дугаар сарын 20-нд салбарын статистик, судалгааг танилцуулна. Тухайн үед бид ямар судалгааны аргачлалаар яаж энэ дүнгүүд гарч байна вэ гэдэг дэлгэрэнгүй мэдээллийг өгнө. Мөн бид энэ оны 12 дугаар сарын 15 гэхэд төрийн 600 үйлчилгээг “e-Mongolia” системд нэвтрүүлэхээр ажиллаж байна. “e-Mongolia”-ийн хувьд өдөр тутам хөгжүүлэлт, сайжруулалт хийгдэж байна. “e-Mongolia” систем гэлтгүй төрийн цахим шилжилттэй холбоотой бид “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”, “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль”, “Цахим гарын үсгийн тухай хууль”-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, тун удахгүй батлуулах гэж байна. Эдгээр хуулиар төрд байгаа мэдээллийг иргэнээс шаардахыг хориглож байгаа. Мөн иргэн төрийн байгууллага хооронд бичиг цаас бариад гүйх шаардлагагүй болж байгаа. Хэрвээ төрийн алба хаагч танаас төрд байгаа мэдээллийг шаардвал өөрөө хариуцлага хүлээх хуулийн зохицуулалт орж байгаа. Үүний зэрэгцээ, нууц хэмээх зэрэглэлтэй 67 төрлийн мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар ил болгож байна. Жишээлбэл, улс төрийн намын гишүүнчлэл, төрийн байгууллагын хүний нөөц мэдээлэл гэх мэтчилэн маш олон төрлийн мэдээлэл ил болж байгаагаараа онцлогтой хууль байгаа.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн тухайд гэвэл Ардчилсан нийгэмд иргэн төрд өөрийнх нь ямар мэдээлэл байгааг хянах, тэрхүү эрхээ эдлэх гол хууль гэж ойлгож болно. Бидний хувьд Монгол Улсын иргэнийн мэдээлэл рүү хэн нэгэн халдсан, ялангуяа төрийн алба хаагч хэн нэгэн иргэний мэдээлэлд халдах гэж оролдвол тухайн иргэнд “e-Mongolia”-р мэдэгдэл буюу notification очих болно. Тухайн иргэн энэ хүн миний мэдээллийг үзэх эрхгүй гэж үзвэл “e-Mongolia”-р гомдол гаргаж болно. Энэ чиглэлийн технологийн хөгжүүлэлт нь “e-Mongolia” дээр хийгдээд явж байна. Хууль 2022 оны 05 дугаар сарын 01-ээс хэрэгжээд эхэлмэгц “e-Mongolia” дээр тухайн хөгжүүлэлт нь иргэнд ил харагдаад явна.
Цахим гарын үсгийн тухай хуулийн хувьд Монгол Улсын иргэн бүр тоон гарын үсэгтэй болно. Ингэснээр технологи ашиглан гэрээ, хэлэлцээ хийх боломжууд бий болоод явна.
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хувьд гэвэл Монгол Улсад 15, 16 жил батлагдаж чадаагүйн улмаас мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоо бий болж чадаагүй. Иймд бид энэ хуулийн төслийг батлуулахаар ажиллаж байна. Энэ хуулийн төсөл батлагдсанаар иргэний мэдээллийн аюулгүй байдал, төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэг чиглэл тодорхой болно.
ЭМНЭЛГИЙН ЦАГ АВАХ, ШИНЖИЛГЭЭ ХАРИУ ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛЖ, “E-MONGOLIA”-Д НЭГТГЭЛЭЭ
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Цахим Засаглалыг бий болгох, Авлигагүй, хүнд сурталгүй, сайн засаглалын бий болгох зорилтын хүрээнд Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимтэй хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд бид “e-Mongolia” -д эрүүл мэндийн салбарын 9 үйлчилгээг иргэн цахимаар авахад бэлэн болголоо. Үүнд, ЭМЯ-ны харьяа 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн 9 дүүрэг, III шатлалын улсын эмнэлгүүдийн үйлчилгээг авах бэлтгэл ажил бол бүрэн хангагдлаа. Тодруулбал,
- Эмнэлгийн цаг авах: Орон нутгийн иргэд урьдчилж цаг авах боломжгүй байсан бол энэ үйлчилгээ цахимжиж, “e-Mongolia” апп ашиглан орон нутгаас ирэх хугацаагаа тохируулан, эмнэлгээ сонгож, үйлчлүүлэх бүрэн боломжтой болсон. Өнөөдрийн байдлаар 1707 иргэн “e-Mongolia” апп-р эмнэлгийн цаг авсан байна.
- Шинжилгээний хариуг “e-Mongolia” аппликейшнээр дамжуулан харах бүрэн боломжтой болсон. Бид анх 2016 онд анхны лабораторын шинжилгээнүүдийн дэд бүтэц болох программ хангамжуудаа хийсэн. Үүний суурь дээр бид “e-Mongolia” аппликейшнээр дамжуулан өгсөн шинжилгээнийхээ хариуг авах бүрэн боломжийг бүрдүүллээ.
- Олон улсын аялал жуулчлалын эрүүл мэндийн гэрчилгээг “e-Mongolia”-с авах боломжтой болсон.
- Вакцины гэрчилгээ. Вакцин хийлгэсэн бүртгэлтэй холбоотой алдаа гарсан тохиолдолд та харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллагад хандах, Гадаадад вакцин хийлгэсэн бол нотлох баримтаа харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төв хандаж, бүртгүүлэн, дараа нь “e-Mongolia” -с авах бүрэн боломжтой.
- Эмнэлгийн магадалгаа
- Эрүүл мэндийн даатгалын лавлагаа
- Дархлаажлсан QR батламжийг “e-Mongolia” аппликейшнээр дамжуулан өгөх боломжтой болсон. Өнөөдрийн байдлаар 550,465 хүн ашигласан байна.
- Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсыг “e-Mongollia”-с авах боломжийг бүрдүүлж байна.
- Хөдөлмөрийн чадвар бүрэн түр алдсан эмнэлгийн хуудсыг бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран “e-Mongolia” нэгдсэн системд оруулах бэлтгэл ажлыг хангаад ирэх 7 хоногоос иргэд цахимаар авах боломжийг бүрдүүлж байна.
2020 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн “Цахим эрүүл мэнд-2” төслийг хэрэгжүүлж эхэлнэ. Үүнтэй холбоотой эмнэлгүүдийн хооронд өгөгдөл солилцох, нэгдсэн платформыг угсрах ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлаа хийгээд явж байна.
УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛЖ, “E-MONGOLIA”-Р ДАМЖУУЛАН ИРГЭНД ХҮРГЭСНЭЭР 13 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХЭМНЭЛЭЭ
УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан: Улсын бүртгэлийн ерөнхий газар нь иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн томоохон үйлчилгээний байгууллага. Улсын бүртгэлийн хуульд заасан 32 төрлийн үйлчилгээ байдаг. Энэ үйлчилгээг дотор нь задалбал, 150 үйлчилгээ – лавлагаа болдог, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл, хоригуудтай холбоотой Монгол Улсын иргэн харьяатаас гарсан, харьяат сэргээсэн, гэрлэлт гээд энэ бүртгэлээс бусад бүх бүртгэлийг цахимжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар “e-Mongolia” системд 59 төрлийн лавлагаа орсон байна. Үүний 22 нь лавлагаа, 37 нь хоёр шатлалтаас дээш үйлчилгээ орсон байна. Бид үйлчилгээнүүдээ гурван төрөлд хувааж үзэж байна. Нэгдүгээрт 100 хувь онлайн буюу иргэн компьютер, гар утаснаасаа үйлчилгээгээ 100 хувь цахимаар авах, Хоёрдугаарт, хагас хүргэлттэй буюу “e-Mongolia”-р дамжуулан захиалгаа өгөөд иргэд өөрийнхөө гар дээр хүргэлтээр иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортоо авах, гуравдаарт, хоёр талдаа хүргэлттэй үйлчилгээ буюу төрсний бүртгэл зэрэг үйлчилгээг нэвтрүүлээд ажиллаж байна.
Цахим шилжилт гэдэг бол хамгийн гол нь үйлчилгээний процессыг сайжруулах явдал байдаг. Яг өнөөдрийн байдлаар зургаан үе шат алхмаар гадаад паспортын захиалга явагддаг. Үүнийг бид дөрвөн алхамтай болгосон. Энэ тохиолдолд бид нэлээн хэдэн судалгаа хийсэн. Иргэн улсын бүртгэлтэй холбоотойгоор бид 9 төрлийн 18 үйлчилгээг үзүүлж байна. Эндээс харахад иргэнээс 213 сая төгрөгийн хэмнэлтийг бий болгосон гэсэн дүгнэлт гарсан.
Хуулийн этгээдийн бүртгэл дээр бид өнөөдрийн байдлаар 4 төрлийн 11 үйлчилгээг “e-Mongolia” системд нэвтрүүлсэн байна. Үүнд хуулийн этгээдийн байгуулах ажлыг 100 хувь цахимжуулсан байгаа бөгөөд хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт бид, хуулийн этгээдийн гэрчилгээг цахимаар олгож эхэлсэн.
Эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой хүргэлтийн үйлчилгээнүүдийг оруулсан. Ингэснээр “e-Mongolia” системд захиалга өгөөд холбогдох эх нотлох баримтаа хүргэлтээрээ улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлснээрээ үйлчилгээ бүрэн төгс хийгдэнэ. Одоогоор эд хөрөнгөтэй холбоотой 5 үйлчилгээ “e-Mongolia”-д орсон байна.
“e-Mongolia”-р дамжуулан Улсын бүртгэлийн байгууллага 1.1 сая лавлагаа, тодорхойлолт үйлчилгээг иргэнд үзүүлсэн байна.
Улсын бүртгэлийн байгууллагын мэдээлэл “ХУР” системд орж, төрийн бусад байгууллагуудтай мэдээлэл солилцдог болсноор 2021 оны эхний хагас жилээр 202 сая гаруй удаа бусад төрийн байгууллагуудад мэдээллээ хэрэглүүлсэн байна. Үүний цаана, ямар процесс болж байна гэвэл төрд өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэхгүй, төрийн бусад байгууллага улсын бүртгэлийн байгууллага руу иргэдийг явуулахгүйгээр 202 сая гаруй удаа мэдээллийг татаж авсан байдаг. Бусад байгууллагатай мэдээллээ солилцох буюу дундын мэдээллийн сан болсон “e-Mongolia” гэдэг платформ дээр үндэслэн нөгөө талд нь буй “ХУР” мэдээллийн сан дээр хадгалагдаж буй мэдээллийг бусад байгууллагатай уялдуулан холбох асуудал нэлээн өндөр түвшинд хийгдэж байгаа гэдэг тоо баримт гарсан байна. Нийт үнийн дүнгээрээ иргэн талаасаа 13 тэрбум төгрөг хэмнэгдсэн үр дүнд хүрсэн байна. Задалж харвал, иргэн улсын бүртгэлийн байгууллага ирэх, очих унааны зардал, бүртгэлийн үйлчилгээний тарифууд, тодруулбал, энэ оны 07 дугаар сарын 01-ээс цахим лавлагааг тодорхойлолт бүгд үнэгүй болсон, бусад нотариат, зураг авах зэрэг үйлчилгээнүүдийг тооцоод хамгийн багаар бодоход 13 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийсэн байна.
Цахим гарын үсгийн тухай хуультай холбоотойгоор улсын бүртгэлийн байгууллага ирэх оноос тоон гарын үсгийг иргэдэд олгож эхэлнэ. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн байгууллага дээр иргэнийг таних биеийн давхцахгүй өгөгдөл бол хурууны хээ, регистрийн дугаар, бүртгэлийн дугаар байдаг. Хууль 05 дугаар сарын 01-ээс хэрэгжээд эхэлмэгц тоон гарын үсэг бол интернэт, цахим орчинд танигдах давхардахгүй дугаар болж өгнө. Бүх нэгжээрээ дамжаад тоон гарын үсэг иргэн бүрт олгох ажил эхэлнэ. Иргэн бүрт хоёр тоон гарын үсэг олгоно. Нэг нь иргэний үнэмлэхтэй холбогдох бол нөгөөх нь e-passport-той холбогдоно. Улсын бүртгэлийн ерөнхий байгууллага 2022 оноос цахим гадаад паспорт нэвтрүүлж эхэлнэ. Цахим гадаад паспорт дээр тоон гарын үсгийн дэд бүтцийн систем шууд хэрэглэгдэнэ.
2022 оноос хойш Регистрийн дугаар биш Бүртгэлийн дугаар буюу давхардахгүй 12 оронтой тоогоороо иргэнийг таньж баталгаажуулна. Регистрийн дугаар нь хөгжлийн шатанд тодорхой хэмжээгээр шаардлага хангахгүй болж байна. Тодруулбал, иргэний улсын бүртгэл дээр хүйс өөрчлөгдсөний бүртгэл хэмээх шинэ бүртгэл орж ирсэн. Хэрвээ энэ бүртгэлийг хийлгэвэл дагаад заавал регистрийн дугаар өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, регистрийн дугаарын сүүлийн хоёр орон нь эрэгтэй, эмэгтэйг илэрхийлдэг. Шүүхээр ямар нэгэн байдлаар насаа тогтоолгох зэргээр регистрийн дугаар өөрчлөгдөх нөхцөл байдал бий. Мэдээллийн санд регистрийн дугаар өөрчлөгдөх бололцоо хуулиараа байдаг учраас энэ нь давхацгүйгээр иргэнийг таньж баталгаажуулах нэг түлхүүр байж чадахгүй болж байна. Иймээс бүртгэлийн дугаарыг өнөөдөр Монгол Улсад хүүхэд төрмөгц бүртгэлийн 12 оронтой тоог олгож байгаа. Иргэний үнэмлэх солигдох зэрэг ямар нэгэн байдлаар энэ 12 оронтой тоо өөрчлөгдөхгүй. Татвар төлөгч бас 12 оронтой тоогоор явж байгаа энэ мэтчилэн бусад бүх бүртгэлийн дугаарыг нэгтгээд Монгол Улсын иргэн бүр нэг л бүртгэлийн дугаараараа цаашид үйлчилгээ аваад явах боломжийг бүрдүүлж байгаа гэсэн үг. Регистрийн дугаарын мэдээллийн сангаас устгахгүй. Хэрэглээ дээр бүртгэлийн дугаарыг ашиглана гэсэн үг.
ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛСАНААР 487 САЯ ТӨГРӨГ ХЭМНЭЖЭЭ
Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газар А.Энхманлай: Газрын харилцаатай холбоотой үйлчилгээг e-Mongolia системээс авах боломжтой болсон талаар Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрын дарга А.Энхманлай мэдээлэл өглөө.
Тэрбээр “Газар зохион байгуулалт, геодиз, зураг зүйн газар нь газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээнүүдийг цахимжуулах, газрын харилцааны мэдээллийг цахим бүртгэлд хамруулах ажлуудыг зохион байгуулж байгаа. Уг ажлын хүрээнд газрын цахим шилжилтийн программ хангамжуудыг нэвтрүүлсэн.
Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагуудаас иргэдэд үзүүлж буй газрын харилцаатай холбоотой үйлчилгээг цахимаар хүргэх, иргэдийн хүнд сурталд өртөж буй асуудлыг шийдэх зорилгоор газрын үйлчилгээнүүдийг цахммжуулах ажлууд хийгдэж байгаа.
Өнөөдрийн байдлаар 21 аймгийн газрын харилцааны байгууллагууд, нийслэлийн газрын албад, дүүргүүдийн газрын албад болон 330 сумын газрын даамал www.egazar.gov.mn цахим системд үйл ажиллагаагаа явуулж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал болон чөлөөт бүсийн газрын асуудал тус системд багтсан.
Уг систем нь төрийн бусад системтэй мэдээлэл солилцдог. egazar.gov.mn-ээр дамжаад e-Mongolia систем рүү үйлчилгээнүүдээ холбож өгч байгаа.
Газрын харилцаатай холбоотой бичиг баримт, шийдвэрүүд нь QR кодоор баталгаажсан гэрчилгээ, кадастрын зураг гэсэн бусад лавлагаа мэдээллийн хэрэгслүүдийг дамжиж авна.
Манай системд 64 үйлчилгээг нэвтрүүлсэн байгаагаас өнөөдрийн байдлаар 45 үйлчилгээг e-Mongolia системд хүргүүлсэн.Иргэд газрын харилцаатай холбоотой 35 үйлчилгээг e-Mongolia системээс авах боломжтой болсон. Үүнд,
- 5 нь мэдээлэл, лавлагаа
- 30 нь газрын үйлчилгээ багтаж байна.
Цаашид үлдсэн 19 үйлчилгээг энэ ондоо багтаан е-Mongolia системд бүрэн хамруулна.
Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, кадастрын зураг гэрээг цахимаар авах боломжийг аравдугаар сарын 1-нээс олон нийтэд олгосон. Өнөөдрийн байдлаар 21,118 иргэн, хуулийн этгээд тус үйлчилгээг авсан байна. Ингэснээр 487 сая төгрөг хэмнэжээ.
Холбоотой мэдээ