ЧУУЛГАН: Төр УЦС-ын асуудалд төмөр нүүрээ үзүүлэх ёстой

Хуучирсан мэдээ: 2021.12.10-нд нийтлэгдсэн

LiveЧУУЛГАН: Төр УЦС-ын асуудалд төмөр нүүрээ үзүүлэх ёстой

16 : 22
2021-12-10

"Импортын эрчим хүчний үнэ Эрдэнэбүрэнгийнхээс 5-6 дахин өндөр"

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-9.7 тэрбум төгрөгөөс хэд нь өрхүүдэд хуваарилах юм. Ойролцоо баримжаа тоо байх ёстой. Энэ дээр үнэлгээ хийсэн компаниуд тоогоо хэл. Өмнөговь сумын Иргэдийн хурал Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг зогсоох шийдвэр гаргасан байна лээ. Энэ шийдвэр эрх зүйн хувьд чадамжтай юу. Төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх үүрэгтэй хүмүүс шиг санагдах юм. Буруу шийдвэр гаргасан хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх ёстой вэ? Төр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудалд төмөр нүүрээ үзүүлэх ёстой. Сумын Иргэдийн хурал дураараа шийдвэр гаргах эрх байхгүй. Хуулийн ямар заалтаар хариуцлага хүлээлгэж болох вэ?

Байгаль орчны сайд Н.Уртнасан:

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулиараа сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн тогтоолыг Аймгийн ИТХ-ын хурлаар авч хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргах боломжтой. Одоо мөрдөгдөж буй Байгаль орчинд хийх үнэлгээний тухай хуулиар олон нийтийн оролцоог хангах, бусад хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг хангахаар тусгасан. Багийн иргэдийн нийтийн хурал сумын иргэдийн нийтийн хурлаас байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцэх, улс орны томоохон бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх эсэх талаар бие даан шийдвэр гаргах боломжгүй гэсэн хуулийн үндэслэлийг мэргэжилтнүүд тайлбарлаж буй.

Байгаль орчин, нийгмийн нөлөөний үнэлгээний судалгааны багийн ахлагч, усны инженер н.Сособарам:

-Хоёр жил орчим энэ төслийн судалгаанд байгаль орчин болоод нийгмийн нөлөөллийн судалгаанд ажилласан. Орон нутагт дөрвөн удаа явж ажилласан. Түүний дунд хамгийн нөлөөлөлд өртөж буй нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сум, Увс аймгийн Өмнөговь сумын 270 айлаар орж уулзсан. Газрын тухай хуульд заасны дагуу тухайн өрхийн тэргүүнүүдтэй харилцан тохиролцоод, нөхөн олговрын асуудлаар санал солилцоход бүгд дэмжсэн. Дараа нь уулзалт болоход бүгд эсэргүүцсэн.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-90 мегаваттын УЦС барихыг дэмжиж байна. Ардчилалд шилжсэн 30 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажил. Баруун бүсийн таван аймагт 390 мянган хүн ажиллаж амьдардаг. Баруун бүс хэрэглээний 70 хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор авдаг. Импортоор авч буй эрчим хүчний үнэ Эрдэнэбүрэнгийн УЦС-аас 5-6 дахин өндөр үнэтэй байна. Татаас гэхэд 6-8 тэрбум төгрөгийг жил бүр олгодог. Баруун бүс дотогшоо урсгалтай арвин нөөцтэй, тиймээс тооцож энэ ажлыг хийх ёстой.

Эрдэнэбүрэнг барих нь Монгол Улсын том эрх ашигт нийцнэ. Энэ төслийн гол бүтээгдэхүүн нь ус. Тэгэхээр Ховд голын урсац ямар байх вэ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
 
-Бид энэ төслийг дэмжээд байгаа юм. Иргэд олон нийтэд зөв мэдээлэл өгөхийн төлөө тодруулж байгаа асуултад бүтэн хариулбал зүгээр байна. Сүүлийн 20 жилд 15 аймгийн цахилгааны татаасанд улсаас хэдэн төгрөг гаргасан бэ. 9.8 тэрбум төгрөгөөс 3.5 нь багийг нүүлгэн шилжүүлэхэд зарцуулагдах юм байна. Үлдсэнийг тооцоод үзэхээр нэг айлд 20 сая төгрөгийн нөхөн олговор өгөх юм байна гэж харагдлаа. Нөхөн олговор, нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой жишиг гаргахгүй бол дараагийн том төслийн процедур болох гээд байна. Эдийн засгийн үр өгөөж нь ямар байх вэ.
14 : 51
2021-12-10

"Тайширын УЦС-ыг наад хүмүүстээ үзүүлээч!"

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-МАН-ынхан Их хурал гээд цалгардаж байна шүү. Баяр цэнгээн, хурлаа зогсоогоод, улс орныхоо асуудалд анхаарал тавиач ээ. Намын шинэ даргатай болж. Одоо та нар албан тушаалын хэнээгээ зогсоогоод, улс орны амьдрал руу орооч ээ. Юмны үнэ галзуу хурдтай өсч байгааг мэдэж байна уу. Цалин нэмэгдэхгүй байхад ард түмний амьдрал яаж байна гэж бодож байгаа улсууд вэ. Их холын, тэнгэрийн юм ярихаа боливол яасан юм бэ. Юмны үнийг багасгах тал дээр ажил хийж өгөхгүй байна. Эхлээд Дарханы замаа дуусгаж болохгүй юу? Шинэ даргатай боллоо. Хүч чинь нэмэгдээ байлгүй. Арай хэтэрч байна шүү. МҮОНТ-ийн нэвтрүүлгээр ороход сайтаасаа устгачхаж болохгүй. Төрийн байгууллагууд АН-аар тоглодгоо зогсоо. Шүүхийн тамгын газрын үүрэг гүйцэтгэгчийг самарлаа.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Байгаль орчны сайд Н.Уртнасан:

-ОХУ-аас импортоор авч буй эрчим хүчний хэрэглээнд 2020 онд 64.1 тэрбум төгрөг зарцуулсан. Үүнээс баруун бүсийн аймгууд эрчим хүчний хэрэглээний 70 орчим хувийг буюу 16.9 тэрбум төгрөгийн эрчим хүчийг ОХУ-аас авч ашиглаж байна.

-Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор баруун таван аймгийн эрчим хүчний хэрэгцээг хангана. Усны тухай хуулиар эрчим хүчний зориулалтаар ус ашиглах аж ахуйн нэгжүүдэд Усны газар жил бүр гаргаж, сав газрын захиргаатай гэрээ байгуулан ажиллаж байна. УЦС-д усны нөөц, ашигласны төлбөрийг Засгийн газрын 2013 оны 323 дугаар тогтоолын дагуу борлуулалтын орлогын таван хувиар тооцож байна. Эрдэнэбүрэнгийн УЦС-д ТЭЗҮ-д урьдчилсан тооцооллоор нэг кв цаг эрчим хүчийг өөрийн өртгөө нөхөх 19 жилийн хугацаанд 6 цент буюу 171 төгрөгөөс ихгүй байхаар тусгасан. УЦС жилд хэрвээ 366 сая кв цаг эрчим хүч үйлдвэрлэж, нэг кв цаг эрчим хүчийг 171 төгрөгөөр баруун бүсийн эрчим хүчний ситемд нийлүүлэхэд борлуулалтын орлогын таван хувиар тооцож, усны нөөц ашигласны төлбөрт жилдээ гурван тэрбум 330 сая төгрөг төлүүлэхээр урьдчилсан тооцоо гаргаж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Гурав, дөрвөн айлын эсэргүүцлээр 3.5 сая хүн амын амьжиргаа улс орны стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтыг өнөөдөр хүртэл гацаагаад байж болохгүй. Нэг хүний эрх нөгөөгөөр хязгаарлагдана. Тиймээс 280 сая ам.долларын, 20 мегаваттын хүчин чадлаар 15 аймгийг бүрэн хангах, баруун таван аймгийг хангаад зогсохгүй төвийн хүчний үлдэгдэл энергиэ өгөх гэх мэт чухал бүтээн байгуулалттай ажлыг хаа хаанаа анхаарч, төр зайлшгүй хийх ёстой. Ямар ч байсан компани нь шалгараад, дөрөвдүгээр сард ажил эхлэх ёстой юм байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Монголын төр юмаа мэддэггүй. Ноён уулыг хамгаалалтад авъя гэхээр Сэлэнгийн сумын ИТХ хамгаалалтад оруулахгүй, бид ухна гэж зогсож байсан түүх бий. Улс орны хөгжлийг гацаадаг байдал Ховдод гарч байна. Энийг анхаарах цаг болсон. Тайширын УЦС-ыг наад хүмүүстээ үзүүлээч. Дэлхийн газрын зурагт Эрээн нуур гэдэг том нуур үүссэн. Эрээн голын урсацыг сайжруулах тал дээр байгаль орчныхон анхаарах болсон. Баруун бүс 17 тэрбумаас импортоор тог авч байна. Үйлдвэрлэл хөгжих бололцоо алга байна.

Байгаль орчны сайд Н.Уртнасан:

-Эрдэнэбүрэн УЦС төслийн нөлөөлөлд өртөж буй гурван аймаг, дөрвөн сумын есөн багийн иргэд, Иргэдийн хурлаас өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн ИТХ-аас дэмжихгүй санал ирүүлээд байна. Өнгөрсөн хугацаанд Баянгол сумаас бусад иргэдийн нийтийн хурал дэмжихгүй байр суурьтай байсан бол гурван удаа иргэдийн нийтийн хуралд төслийн нөлөөлөл, нарийвчилсан үнэлгээний тайланг удаа дараа танилцуулж, том төслийн экологи, эдийн засгийн ач холбогдлыг нутгийн иргэдэд, мөн орон нутгийн удирдлагууд зөв ойлгуулж, удаа дараа дэд ажлын хэсгүүд үр дүнтэй ажилласны үр дүнд нэг багаас бусад иргэдийн нийтийн хурал дэмжсэн байр суурьтай байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг аль болох түргэтгэж, явуулах шаардлагатай. Ганцхан Ховд аймгийн асуудал биш. Ялангуяа Завхан аймгийн Эрчим хүчний асуудал үүнд хамаарч буй. Баян-Айргийн уул уурхайн компанийн цианит угааж байгаа Улаагчин хар нуур байгалийн үзэсгэлэнт газар, Мухартын голын ус татрах аюул нүүрлэж байгаа талаар би удаа дараа асууж байна. Усны мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр энэ орчмын гүний ус наймаас арван метр доошилсон гэсэн дүгнэлт гарсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас газрын гүнээс ус шүүрч эхэлсэн.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барихыг дэмжиж байна. Эрчим хүний найдвартай, тогтвортой байдал, найдвартай эрчим хүчээр хангах бодлого маш зөв. Мэдээж ажил хийхэд аж ахуйн чанартай маргааныг шийдвэрлэх нь тодорхой. Нэгд, айл өрхийн өвөлжөө, хаваржаа таарч байна. Нүүхэд нөхөн төлбөр хэдий хэмжээний мөнгө байдаг юм бэ Аймгийн иргэд улсын бүтээн байгуулалтыг дэмжихийг эсэргүүцэхгүй байна. Дэлхийн дулааралтай холбоотой Ховд голын усны нөөц жилээс жилд багассан. Үүнийг анхаарна биз.

УИХ-ын Х.Болорчулуун:

-Эрдэнэбүрэнгийн УЦС нэг баригдчихвал зардал нь бага, ашигтай л даа. Гэхдээ зээл авахдаа бодолтой байхгүй бол зээл нэрээр бизнес хийж, гаднын орнуудын дайрлагад зөндөө өртлөө. Ерөнхийд нь дэмжиж байна. Гэхдээ 90 мегаваттын цахилгаан станцын өртөг 270 сая ам.доллар. Нүүрснийхээс гурав дахин үнэтэй байна. 19 жилд өртгөө нөхнө гэж байна. Энэ бол бизнес биш. Дээрх 19 жил нь цаашлаад 30 жил болох юм уу? Хөршүүдийн тусламж нэрээр зээл өгдөг бизнес заримдаа хэрээс хэтэрч байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Эрдэнэбүрэнгийн УЦС бүс нутгийн, Монгол Улсын эрчим хүчний бие даасан хараат бус байдалд асар том үүрэг гүйцэтгэх төсөл гэж үздэг. Зарчмын хувьд дэмждэг. Нөгөөтэйгүүр нөхөн олговор, тэнд сэтгэл дундуур байгаа иргэдийн асуудал, 150-200 иргэний асуудлыг зайлшгүй бид ярих ёстой.

Байгаль орчны сайд Н.Уртнасан:

-Албан бус мэдээллээр, нэг иргэнд гурван сая төгрөг гэдэг ойлголт тухайлсан иргэн бүрээр гараагүй. Нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг 9.5 тэрбум гэж тооцоолж гаргаад буй учраас тухайн гурван аймаг, дөрвөн сумын зургаан багийн 1100 хүнд хамаарал бүхий эдийн засгийн тооцоог хэрхэн яаж, гаргах тал дээр Эрчим хүчний яам нямбай ажиллаж, нөхөн олговортой холбоотой зардлыг өсгөх шаардлагатай гэсэн дүгнэлтийг ажлын хэсэг урьдчилсан байдлаар гаргасан. Хүн тус бүрт 3-5 сая төгрөг гэдэг нь албан бус мэдээлэл. Цаашдаа нөхөн олговортой холбоотой зардлыг илүү нарийвчилж гаргах шаардлагатай.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Эрчим хүч бол үйлдвэрлэлийн түлхүүр байдаг. Эрчим хүчний 90 хувийг их долоо хэрэглэдэг. Эрчим хүчийг атгасан орон хөгжлийг тодорхойлж байна. Тиймээс үйлдвэрлэл, чөлөөт бүс байгуулаад, татварын хөнгөлөлт өгөөд, янз бүрээр тарифыг багасгаснаас илүү хямд эрчим хүчтэй газар үйлдвэрлэл хамгийн сайн хөгждөг. Тиймээс Эрдэнэбүрэнгийн УЦС зайлшгүй баригдах ёстой. Тэгж байж баруун бүстээ хямд эрчим хүч ашиглах, гадаад руу татвар төлөгчийн мөнгийг гаргахгүй эрчим хүчээ хямд үнээр хэрэглэх боломж бүрдэнэ. Мөн Ховд аймагт үсрэнгүй хөгжил ирнэ гэж тооцож байна.

Хэрвээ хямд эрчим хүчтэй болчихвол Ховд аймаг үйлдвэрлэлийн диваажин болно. 9.7 тэрбум төгрөгийн нөхөн олговрын асуудал яригдаж байна. Энэ бол бага байна.
 
14 : 36
2021-12-10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар:

  • Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ "Их хуралдай” танхимд
  • Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонсох “Их хуралдай” танхимд.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж