АНУ-Мексикийн хилээр гарах оролдлого нь бүтэлгүйтсэний улмаас энэ онд дор хаяж 650 цагаач амиа алдаад байна. Олон улсын цагаачлалын байгууллагын 2014 оноос хойших бүртгэл мэдээллээс харахад энэ онд хамгийн олон цагаач нас баржээ.
Олон улсын цагаачлалын байгууллагаас нас баралтын шалтгааныг тусгайлан дурдаагүй боловч АНУ-ын өмнөд хилээр гарах нь хэчнээн жилийн турш амь насыг эрсдэлд оруулсан аюултай үйлдэл байсаар иржээ.
“Цагаачдын нас баралтын тоо ихэссээр байгаа нь анхаарал хандуулах асуудал мөн” гэж тус байгууллагын төв болон Хойд Америк, Карибын тэнгис орчмыг хариуцсан захирал Мишел Клэйн Соломон хэлсэн байна.
АНУ-ын өмнөд хилээр гарахыг завдаад баривчлагдсан цагаачдын тоо энэ онд анхаарал татахуйц өндөр, тэр дундаа цагаачдын тоо цөөн байдаг саруудад хүртэл өсөлттэй гарсан нь мянга мянган хүн хэцүү байдалд байгааг илтгэнэ.
Цагаачдын ихэнх нь хэт халалтаас болж нас барсан гэж АНУ-ын Хил, гаалийн хамгаалалтын албанаас мэдэгдэж байсан. 2021 оны санхүүгийн жилийн тайлангаар 557 нас баралт бүртгэгдсэн нь 2020 оныхоос 254-өөр, 2019 оноос 300-гаар тус тус илүү байна. Уг тоо баримт нь сүүлийн 30 жилийн хугацаанд цагаачдын нас баралтын тоо мэдэгдэхүйц өсөлттэй байгааг илэрхийлнэ.
Мөн өнгөрсөн оны санхүүгийн жилд Хил хамгаалах албаныхан 12854 хүн аварсан нь өмнөх дөрвөн жилээс хол илүү гарсан тоо юм. Энэ нь хууль бусаар хил нэвтрэхийн тулд цагаачид аюултай, алслагдсан газруудыг сонгож байгаатай холбоотой гэж Хил, гааль хамгаалалтын албанаас мэдэгджээ.
Төв болон Хойд Америк, Карибын тэнгисээр дамжин хил нэвтрэх гэж оролдоод нас барсан цагаачдын тоо 2014 оноос 5755 хүрчээ.
Эх сурвалж: CNN
М.НАРАНЖАРГАЛ
Холбоотой мэдээ